Х.Наранжаргал: Хэвлэлийн эзэд удирддаг МСНЭ нь “Олон улсын сэтгүүлчдийн холбоо”-ны гишүүн байх эрхгүй

Aдмин / Нийслэл

“Глоб интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалыг “Ярилцах танхим” буландаа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэх бай­гуул­лагын статусаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Яагаад гэ­вэл энэ байгууллага гишүүн­дээ үйлчлэх ТББ уу, эсвэл гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл үү гэдэг нь тодорхойгүй юм шиг санагддаг?

-Мэргэжлийн эвлэл холбоод, сэтгүүлчдийн байгууллага гэсэн хоёр төрлийн байгууллага байдаг. Тэгэхээр сэтгүүлчдийн байгууллага гэдэг нь юу вэ гэдгээс яриагаа эхэлье. Ардчиллын шилжилтийн явцад хуучин Сэтгүүлчдийн холбооны зэрэгцээ манай ахмад, нэртэй сэтгүүлч Ц.Дашдондов гуайн санаачилгаар Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл байгуулагдсан. Тэр байгууллага “Олон улсын сэтгүүлчдийн холбоо” (ОУСХ)-ны бүрэн эрхэт гишүүн болж, тус холбооны дүрэм журмыг зарчмаа болгосон. Хожим нь, 2005 онд Сэтгүүлчдийн холбоо, Чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл хоёр нэгдэж, “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” байгуулагдсан түүхтэй. ОУСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлаар бүрэн эрхэт гишүүнчлэлийг сэтгүүлчдийн шинэ байгууллагад өвлүүлэх тухай хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авсан. Би тухайн үед ОУСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн байлаа. Сэтгүүлчдийн байгууллага гэхээр сэтгүүлчийн эрх ашгийг хамгаадаг байгууллага гэж ойлгогдоно. Тэгвэл эн тэргүүнд “Сэтгүүлч гэж хэн бэ” гэсэн асуулт гарч ирнэ. Цахим агуулга хаа сайгүй нэмэгдэж буй энэ ертөнцөд сэтгүүлч гэх нэр томъёо өргөн хүрээтэй болж, зөвхөн мэргэжлийн байгууллагад албан ёсоор нэгдсэн, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамардаг байснаа больсон гэдгийг ойлгох нь чухал юм. НҮБ-ын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний Тусгай илтгэгчийн 2012 оны тайланд “Сэтгүүлч бол нийгмийн салбаруудад, эсвэл нийгэмд бүхэлд нь мэдээлэл өгөхийн тулд үйл явдлыг ажиглаж, тодорхойлон тайлбарладаг, баримтжуулдаг, мөн нийгэмд нөлөө үзүүлж буй үйл явдал, мэдэгдэл, бодлого, төлөвлөгөөнд шинжилгээ хийж, ийм мэдээллийг системд оруулах, баримт сэлт цуглуулах зорилготой хүн хувь юм” гэжээ. ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөр (МХХОУХ)-ийн 2012 оны гуравдугаар сарын 23-ны шийдвэрт “Олон нийтийн эрх ашиг бүхий сэтгүүл зүйн үйл ажиллагаанд татагдан оролцдог сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтан, нийгмийн сүлжээний туурвигчид” гэж томъёолсон. Харин 2014 оны арваннэгдүгээр сард Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөр ( МХХОУХ) -ийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн 29 дүгээр чуулганаар “Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд татагдан оролцдог сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтан, нийгмийн сүлжээний агуулга туурвигчид” хэмээн өөрчлөн томъёолсон юм билээ. Энэ утгаар, сэтгүүлчдэд сурвалжлагч, гэрэл зургийн сурвалжлагч, агуулга туурвихад дэмжлэг үзүүлдэг ажилтан, хэвлэл мэдээллийн идэвхтэн, иргэний сэтгүүлчид багтана. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээ, цахим хэвлэл мэдээллийн бүх хэрэглэгч бус олон нийтийн эрх ашиг бүхий агуулгын үлэмж хэсгийг туурвигч, эрхлэгч, түгээн дэлгэрүүлэгчид багтана. ОУСХ-ны бас нэг тодорхойлолт бий. Сэтгүүлч гэж ажлын цагийнхаа дийлэнхийг сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаанд зориулдаг, орон тооны, эсвэл чөлөөт байдлаар орлогынхоо ихэнхийг энэ ажлаас олдог хүнийг хэлнэ. Тэгэхээр тухайн ХМХ-ийн эзний томилсон ажил олгогч, өөрөөр хэлбэл сэтгүүлчийг ажилд авдаг, халдаг эрх бүхий хүн бол сэтгүүлч биш. Би яагаад энэ бүхнийг дэлгэрүүлж яриад байгааг та ойлгосон байх. Угтаа “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэдэг байгууллага дээрх тодорхойлолтод нийцсэн байх ёстой. Учир нь, МСНЭ нь ОУСХ-ны “Олон улсын сэтгүүлчдийн холбоо”-ны бүрэн эрхэт гишүүний хувьд, дүрэм журам нь тэр байгууллагын Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Холбооных нь цахим хуудас руу ороод танилцаж болно. Жишээ нь, “Ердийн гишүүнчлэлийн хувьд ажил олгогчдыг хамруулдаг сэтгүүлчийн эвлэл холбоо, эсвэл мэргэжлийн бусад тусгай салбарт үйл ажиллагаа явуулдаг эвлэл холбоонд ОУСХ-ны гишүүнчлэл нээлттэй бус” гэсэн байдаг. Мөн “ОУСХ бол сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо мөн. Энэ нь үйлдвэрчний эвлэл, мөн сэтгүүлчийн мэргэжлийн практиктай холбоотой асуудлаар ажиллахаар байгуулагдсан” хэмээн заасан байгаа. Тэгэхээр сэтгүүлчдийн байгуулллага, нэгдүгээрт, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах ёстой. Хоёрдугаарт, мэргэжлийнх нь эрх, эрх ашгийг хамгаална. Өөрөөр хэлбэл, ажлаас хууль бусаар халагдлаа гэхэд гомдлоо эвлэлдээ гаргах нь байна шүү дээ. Мөн ажиллах нөхцөл хангалтгүй, аюулгүй байдлаа хангаагүй бол мөн л эвлэлдээ хандах хэрэгтэй болно. Мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлдэг байгууллага байх ёстой.

-Харин манайх бол энэ үүргээ биелүүлж байгаагүй юм байна. Жирийн сэтгүүлчид хэзээ ч намайг ажлаас халчихлаа, эсвэл миний ажиллах орчин аюултай байна гэж эвлэлдээ хандаж үзээгүй байх шүү. Мөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж олгож байсныг ч мэдэхгүй юм?

-Сэтгүүлчдийн эвлэл холбоод үзэл баримтлалын хувьд олон ургальч ардчилал, хүний суурь эрхийг хамгаалах үүднээс байгуулагддаг. Мөн ямар нэг үзэл суртал, улс төр, Засгийн газар, шашны байгууллагаас ангид хараат байх ёстой гэж ОУСХ Үндсэн хуульдаа тов тодорхой тусгасан байгаа. Гишүүн байгууллага бүр нь үүнийг дагаж мөрдөх үүрэгтэй. Харамсалтай нь, манайд бол холилдчихсон. Дарга чинь чамайг шалтгаангүйгээр торгож, шийтгэж, бүр ажлаас халсан бол хамгийн түрүүнд очих ёстой газар чинь МСНЭ юм шүү гэдгийг л сэтгүүлчид ойлгох хэрэгтэй. Гэтэл тэнд чиний гомдлыг шийдвэрлэх ёстой хүмүүс нь танай даргатай адилхан эрх мэдэлтэй, эзэн, эрхлэгч, захирал сууж байгаа учраас чиний асуудлыг шийдэхгүй. Мэргэжлийн эх ашиг зөрчигдлөө, миний материалыг хэвлэсэнгүй, нэвтрүүлсэнгүй гэсэн гомдлоо өгье. Мөн адил, нэг эрхлэгч нөгөөгийнхөө асуудлыг шийдвэрлэнэ гэдэг ашиг сонирхлын том зөрчил. Тэгэхээр энэ чинь сэтгүүлчдийн байгууллага биш болчихож байгаа юм. Манайд өнөөдөр үйлчилж буй Төрийн бус байгууллагын тухай хуулиар гишүүддээ үйлчилдэг, нийгэмд үйлчилдэг, сан гэсэн гурван ТББ-ын хэлбэр байгаа. Хэвлэлийн хүрээлэн, манайх шиг гэх мэт хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгаа. “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” нь сэтгүүлч гишүүддээ үйлчилдэг ТББ байх шаардлагатай. Гэтэл өнөөгийн дүр төрхийг харахаар сэтгүүлчдийн биш хэвлэл мэдээллийн нэгдсэн холбоо юм шиг. Харин эздийн эрх ашгийг хамгаалдаг мэргэжлийн холбоод бас манайд байгаа. Өдөр тутмын сонины холбоо, Телевизүүдийн холбоо, сайтын холбоод гэх мэт. Тэд сэтгүүлчийн биш эздийн эрх ашгийг, тухайлбал өөрийн гишүүн ХМХ-ийн эрх ашигт үйлчилдэг. Ер нь эрхлэгч, сэтгүүлч хоёрын эрх ашиг өөр өөр. Сэтгүүлчид хэлэх эрх ашиг, харин эздэд ашигтай бизнес эрхлэх эрх ашиг л бий. Арилжааны хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигтай бизнес эрхлэхийн тулд байгуулддаг. Тэгэхээр аль болох л их орлого олохыг хичээнэ. Харин сэтгүүлчийн болоод эзний эрх ашиг нэг уулзварт нийлдэг нь редакци. Уг нь олсон орлогоороо хараат бус сэтгүүлзүйгээ дэмждэг тогтолцоо юм. Хараат бус байдал бол аль ч редакцийн үнэт зүйл юм. Манайд харамсалтай нь бүр ойлгогдохоо больсон. Зарим нь сэтгүүлчээ мөнгө олж ир гэнэ. Захиалга нэмэгдүүлэхэд ч явуулна. Захиалгатай, төлбөртэй материал ол гэнэ. Гэтэл энэ маркетингийн ажилтны үүрэг юм. Эзэн чамаас ийм зүйлийг хүсч байвал, энэ чиний мэргэжлийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл учраас эвлэлдээ хандах хэрэгтэй.

-Төрийн байгууллагад ажил­лаж буй хэвлэл мэдээллийн ажилт­нууд хүртэл өөрийгөө сэт­гүүлч гэж тодорхойлдог. Эв­лэлийн үйл ажиллагаанд шууд утгаар оролцож, Удирдах зөв­лөлд нь суудаг жишиг манайд бий. Энэ зөв болов уу?

-Буруу. Төрийн байгууллагын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан “би сэтгүүлч” гээд тэнд гишүүн болчихдог. Сэтгүүлчийн дипломтой ч гэсэн тэр хүн төрд ажиллаж байгаа, төрийн албан хаагч. Би тухайлбал сэтгүүлчийн дипломтой. Гэхдээ би өнөөдөр сэтгүүлзүйн үйл ажиллагаа эрхэлдэггүй учраас сэтгүүлч биш. “Дефакто”-гийн Д.Жаргалсайхан эдийн засагч мэргэжилтэй ч сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулж байгаа учраас сэтгүүлч. Баабар сонины тогтмол булантай, цахим талбарт байнга нийтлэл бичиж, сэтгүүлзүйн үйл ажиллагаа эрхэлж буй учраас сэтгүүлч. Сэтгүүлчийн байгууллага ийм хүмүүсийг бүгдийг нь нэгтгэж, эрхийн нь төлөө тэмцдэг, эрх ашигт нь үйлчилдэг л байх ёстой юм.

-Манайхаас бусад улс оронд энэ бүхнээ яаж зохицуулдаг юм бол?

-Олон улсын шилдэг туршлага чинь өөрөө Олон улсын сэтгүүлчдийн холбоо юм шүү дээ. Тус холбооны Үндсэн хуулийг уншихад л ямар зарчмаар яаж ажиллах, ажиллах вэ гэдгийг заагаад өгчихнө. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлд ямар хүмүүс байгааг сайн мэдэхгүй байна. Миний яриад байгаа ОУСХ-ны Үндсэн хуульд ажил олгогчдыг өөрийн гишүүн болгож болохгүй гэснийг давтан хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, эзэд нь очоод Удирдах зөвлөлд нь суучихсан байгууллага, эвлэл нь ОУСХ-ны гишүүн байх ёс зүйн эрх байхгүй. Хэрвээ тэнд ажил олгогчид байгааг мэдвэл ОУСХ дүрмээ зөрчсөн гэж үзнэ. Тэгвэл шууд гишүүнчлэлээс хасна. Хамгийн сүүлд ОУСХ Тунист болсон Их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна лээ. Манай эвлэлээс таван хүн явсан гэж сонссон. МСНЭ санал өгөх эрхтэй учир Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэхэд оролцсон байж таарна. Дүрэм журмаа эрхбиш мэдэж байгаа гэж найдаж байна.

-Хэвлэл мэдээллийн үйлд­вэрч­ний эвлэл байгуулъя гэ­сэн санаачилга сэтгүүлчдээс гар­даг. Ийм тусдаа байгууллага хэрэг­тэй юу, бидэнд. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөл гэж тусдаа байгууллага бий?

-Сэтгүүлчдийн үйлдвэрчний байгууллага байх ёстой гэж боддог. Үйлдвэрчний эвлэл өөрийн хуультай. Гурван талт хэлэлцээр хийх боломжтой, адаглаад сэтгүүлчийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тохиролцож болно гэсэн үг. Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрлөх эрх болон мэргэжлийн эрхийг хамгаалах ёстой. Ийм шаардлага үүснэ. Сэтгүүлчийн үйлдвэрчний эвлэл ОУСХ-ны гишүүн байж болно. Угаасаа ОУСХ нь “Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо юм” гэдгээ Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн учраас. МСНЭ өнөөдрийн байдлаар шууд үйлдвэрчний эвлэл шиг ажиллахад хэцүү л дээ. Харин ийм чиг баримжаатай үйл ажиллагаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, ажил олгогчидтой нүүр нүүрээ харж суугаад сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрх, мэргэжлийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэж болно. Чиний хөдөлмөрлөх эрх гэж юу юм, яагаад эрх ашгаа хамгаалах ёстой юм, хамтын гэрээ гэж юу юм, яаж хийх вэ гэх мэтээр сургалт явуулж болно. Хэвлэл мэдээллийн зөвлөл бол өөрийн зохицуулалтын байгууллага. Ардчилалд шилжсэнээр төрөөс хэвлэл мэдээлэлд хяналт тавихаа больсон. Тэгэхээр яах вэ. Ардчилсан нийгэмд хяналтын гадна байдаг субъект гэж байдаггүй. Хэвлэл мэдээлэл өөрөө өөртөө хяналт тавина, өөрийгөө удирдана гэсэн үг. Өөрийн зохицуулалт гурван түвшинд байдаг. Нэгдүгээрт, редакци дотроо дүрэм, журамтай, иргэдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг байх ёстой. Хоёрдугаарт, мэргэжлийн эвлэл холбоод, тухайлбал, сэтгүүлчдийн байгууллага дотроо Ёс зүйн хороотой байж болно. Тэр нь зөвхөн өөрийнхөө гишүүдэд үйлчилдэг. Гуравт, бүх хэвлэл мэдээллийнхэн нэгдэн нийлж байгаад Хэвлэл мэдээллийн зөвлөлөө байгуулдаг. Дани зэрэг улс ардчиллын соёл төлөвшсөн улс оронд бүр өөрсдөө санхүүжүүлдэг. “Төрийн болон улстөрчдийн халдлагаас биднийг хамгаалж өгөөрэй” гэж татвараа төлж, санхүүжүүлдэг. Индонези, Дани зэрэг олон оронд хуулиараа зөвшөөрчихсөн. Харин манайд л үгүйсгэдэг юм билээ. Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчийн тухай гомдол хүлээн авдаггүй, зөвхөн редакцитай холбоотой гомдол шийдвэрлэдэг. Сэтгүүлчид та нар сайн судлаарай. Тэр зөвлөлийг нэг хүн, хэдэн дарга байгуулаагүй. Хэвлэл мэдээллийн олон байгуулага, ТББ нэгдэж нийлээд байгуулсан юм шүү. Та нар харин ч дэмжих ёстой юм. Чөлөөт хэвлэл, мэргэжлийн сэтгүүл зүйг шувуу гэж бодвол хоёр далавчтай байж чөлөөтэй дүүлэн ниснэ. Нэг нь эрх зүйн таатай орчин, нөгөөх нь үр өгөөж бүхий өөрийн зохицуулалтын байгууллага.

-Гадны улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллага, Элчин сайдын яамдуудтай хамтарч ажиллана гэж эвлэл олон удаа гарын үсэг зурдаг. Эдгээр санамж бичиг сэтгүүлчдэд чухал байдаг юм болов уу?

-Хэнтэй ч хамтарч болно. Ганцхан юу хийх гэж байна вэ гэдэг агуулга нь чухал. Нөгөөх нь мөнгө. Сэтгүүлчдийн нэрийг ашиглан мөнгө олох гэж байгаа бол туйлын буруу. Засгийн газартай ч байгуулж болно. Мэргэжил дээшлүүлэх, сэтгүүлчдээ чадавхжуулах зэргээр хамтарч байгаа бол сайн хэрэг. Би ямар агуулгаар тэр олон санамж бичиг байгуулсныг мэдэхгүй байна. Харин тэндээс их хэмжээний мөнгө авчихаад тэр байгууллагад үйлчилж огтхон ч болохгүй. ОУСХ-ны дээр дурдсан хараат бус байдалд хор хохирол учруулна. Манай байгууллагатай хамтарч ажилладаг Грузиний Илиагийн Их сургуулийн профессор Олег Сандро Панфилов над руу мессеж явуулсан байна лээ. Тэр “Танай сэтгүүлчдийн байгууллага Абхазын Сэтгүүлчдийн холбоотой санамж бичиг байгуулсан юм байна. Ардчилсан Монголын сэтгүүлчдийн холбоо салан тусгаарлагчидтай хамтарч байгаа юм уу” гэж асуусан байсан. Тэгээд явуулсан линкийг нь нээгээд харсан чинь Болгарын сэтгүүлчдийн холбоо, манайх хоёр Абхазын сэтгүүлчдийн холбоотой гарын үсэг зурж байгаа тухай мэдээлэл байсан. Гурзины иргэнд салан тусгаарлагчид гэж үздэг Абхазтай санамж бичиг байгуулсан нь сонин санагдсан хэрэг л дээ. Агуулгаа, ямар учиртай санамж бичиг вэ гэдгийг сайн харах ёстой гэдгийг л энэ жишээ харуулж байгаа.

-Бид дөрвөн жилийн татвараа байгууллагаараа төлчихсөн. Мөн сэтгүүлч бүхэн гишүүний татвар төлдөг. Гэвч Солонгосын виз авахыг хүсвэл татвараа төл. БНХАУ-д очиж мэдээ, материал бэлтгэх сэтгүүлч татвараа төл гэх мэтээр шахаж байгааг ярьж эхэллээ. Энэ нь Олон улсын сэтгүүлчдийн холбооны Үндсэн хуульд байдаг заалт уу?

-Өмнө хэлсэнчлэн, гишүүддээ үйлчилдэг ТББ гэдэг утгаараа гишүүд нь татвар төлөх ёстой. Тэгж байж санхүүждэг. Харин байгууллагаас ингэж татвар авч байгааг ойлгохгүй байна. Энэ нь өөрөө сэтгүүлчийн бус, харин Хэвлэл мэдээллийн нэгдсэн эвсэл гэдгийг нотолж байгаа бус уу. Мөн Солонгосын виз авахад сэтгүүлчийн татвар ямар хамаатайг ойлгохгүй юм. Үгүй байлгүй дээ. Зөвхөн виз авахын төлөө татвар өгнө гэдэг инээдэмтэй биз дээ. Юу гэсэн үг вэ. Ийм зүйл байх ёсгүй.

-Сэтгүүлзүйн нэр хүнд энэ бүх асуудлаас болж асар их унаж байна гэж боддог. Та олон жил судалгаа хийлээ. Монголын сэтгүүлзүй өнөөдөр зөв замаар яваад байна уу, эсвэл буруу тийш эргэчихэв үү?

-Би хэвлэл мэдээллийн байнгын идэвхтэй хэрэглэгч биш. Гэхдээ цаг тутам сэтгүүлчидтэй ажиллаж, тэдний дунд хийсэн судалгааны мэдээлэлдээ тулгуурлаж ярьж байгааг ойлгоорой. Сэтгүүлчдийн нэр хүнд нийгмийн дунд асар их уначихлаа. Сэтгүүлчдийн нэр хүндийг дээшлүүлэх, мэргэжлийн сэтгүүлзүйг дэмжих талаар ажилламаар байгаа юм. Дорвитой алхам хийх шаардлага үүсчихлээ. Маш том асуултын тэмдгийн дор мэргэжлийн сэтгүүлзүйн асуудал яригдах болж байгаа. Үзэг, микрофон бариад гүйж яваа ганц сэтгүүлчийн асуудал биш. Хамгийн нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн зах зээл нөлөөлж байгаа. Манай зах зээл жижигхэн шүү дээ. 3.2 сая хүнд 350 гаруй хэвлэл мэдээлэл байна. Зөвхөн мэдээний сайт гэхэд л 100 гаруй, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй телевиз байна гээд бод доо. Энэ тоо харин ч 500-гаас бууж байгаа шүү. Яаж ч бодсон жижиг зах зээл хэтэрхий ханачихсан байгаа биз дээ. Олон байх тусмаа олон ургальч үзэл байдаг гэдэг. Манай өнөөгийн нөхцөлд ийм боломжгүй л дээ. Тодорхой хэмжээгээр хэвлэл мэдээлэл нь дундаа хуваагдчихсан, ардаа хэн нэгэн хүнтэй байдаг. Тэд бол эздийнхээ санхүүжилтээр болчихно. Гэтэл цалингаа ч өгч чадахгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байна шүү дээ. Тэр цалингаа ч аваагүй мөртөө цаг наргүй ажиллаж буй сэтгүүлчийн эрхийг л МСНЭ хамгаалах ёстой юм гэдгийг дахин хэлье.

-Сүүлийн үед сэтгүүлчид Зөрчлийн хуулиар маш их дуудагдаж байна. Энэ талаар танайх нэгдсэн судалгаа хийж үзэв үү. Эрүүгийн хуулиас авлаа гэсэн ч бүр эсрэгээр нь дордуулчихжээ гэж хэвлэлийн эзэд эсэргүүцэж байгаа?

-Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг авч хаясан нь нэг том алхам байсан юм. Гэтэл Зөрчлийн хууль хэрэгжих явцдаа үзэл баримтлалаа алдчихсан гэж боддог. Анх энэ хуульд “Гүтгэлэг” хэмээх 6.21 дүгээр заалт орж ирэхээс нь эхлээд бид нэлээд эсэргүүцсэн. Олон ч удаа хэвлэлээр байр сууриа илэрхийлж байлаа. Яагаад гэхээр, Зөрчлийн хуулийг цагдаа шалгаж байгаа. Жижиг гэмт хэрэг гэж үзээд байна шүү дээ. Давж заалдахдаа Эрүүгийн хэргийн шүүхэд давж заалддаг. Өндөр албан тушаалтантай холбоотой зөрчлийн хэргийг шалгах үүргийг Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах Албад ногдуулжээ. Ер нь цагдаа зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэх нь харьяаллын хувьд маш зохимжгүй. 2017 онд шүүхээс гүтгэх зөрчилтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтны зургаан шийдвэрийг хянаж, дөрвийг нь хэвээр үлдээсэн. 2018 онд 32 зөрчлийг хянан шүүж 19 шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Бид 300 сэтгүүлчийн дунд судалгаа хийж үзсэн юм. Тэгэхэд хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгодог учраас байгууллага нь сэтгүүлчээ “Чи хоёр сая төгрөгөөр торгуулчих” гэх мэтээр тохирдог болсон гэж хариулсан байна билээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар редакци нь хариуцлага хүлээх ёстой биз дээ. Яаж ч бодсон сэтгүүлч дураараа материал гаргана гэж байдаггүй. Хэвлэл мэдээллийн чиглэлээр ажилладаг 15 ТББ нэгдэж, Хуульзүй Дотоод Хэргийн Яаманд Зөрчлийн хуулийн энэ зүйл заалтыг хүчингүй болгох санал өгсөн. МСНЭ байгаа. Сэтгүүлчийн ажиллах орчин, ажлаа чөлөөтэй, хараат бусаар явуулах редакцийн болоод эрхзүйн орчныг бүрдүүлэх чинь МСНЭ-ийн үүрэг юм шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах ёстой юм, тэд.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин


Сэтгэгдэл

Зочин [194.228.76.43] 2019-10-08 21:44:54

сэтгүүлзүй монголд сөнөсөн байнаа.

Монголхүү [202.126.89.47] 2019-10-08 17:53:33

Сэтгүүлчид нь бүгдээрээ " эзэнтэй", хөлснийхөн болчихоод байгааг яаж янзлах юм бэ! Тэгээд бас ичихгүй, " хэвлэлийн эрх чөлөө, шударга ёс, хараат бус " хуцацгаанаа бас. Бат-Үүлийн хэлдэг хөлснийхөн гэдэг, хөлсний алуурчид шиг гэдэг үнэн шдээ.

Зочин [202.21.117.194] 2019-10-08 13:59:50

МСНЭ бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй Мандахбаяр гэдэг нөхрөөсөө салахгүй бол цаашаа явахгүйээ.

Б.ГАВАА [202.179.27.32] 2019-10-08 11:59:22

маш чухал сэдэвийг хөндсөн ярилцлага болжээ. Би энэ тэр Сэтгүүлчийн байгууллагын гишүүн биш.Хөндлөнгөөс харахад их ойлгомжгүй хэдэн товариш дарга марга болох гэсэн хийрхэлийн газар юм уу гэж хардаг.Манайд сэтгүүл зүйн салбар унаад удаж байгаа гэж боддог.Олон нийтийн радио телевизийн хуулийг нэг эргэн харж бодит дүгнэлт хийж өөрчлөмөөр санагддаг.Улсаас 100 хувийн татвараар санхүүждэг энэ байгуулага Арилджааны телевиз радиотой олон талаар адил байж болохгүйн дээр Жинхэнэ хараат бус байх ёстой газар.Энэ зарчим хууль нь хэрэгжсэн цагаасаа алдагдаж ирсэн. Нэг ёсондоо ялагч намын дуу хоолой хөл гар ,цүнх баригчдын хуаран болж ирсэн.Энэ талаар бичвэл их юм бий.Хуулинд нь байж магад.За Арилжааны Хараатай телевизүүдийн талаар ярих юм байхгүй.Тэнд сэтгүүл зүйн ёс зүй энэ тэр гэж ярих ч хэрэггүй.Хэдэн хүн тэжээгээд явж байгаад талархах ёстой байх.Манай том сэтгүүлч нар Эрэн сурвалжлах,хараат бус энэ тэр гээд их цээж дэлдэн харайлгах юм.Уг нь цэвэр хараат бус хэвлэл байж


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.