“Нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ыг хэлэлцлээ

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өнөөдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ыг хэлэлцэж, дэмжихээр болов.

Журмын төслийн танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хийлээ.

Хүний эрүүл мэнд, амь насны эсрэг гэмт хэргийн олонх нь нийтийн байруудад үйлдэгддэг талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Нийтийн байруудад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллээс хүргэвэл 2016 онд 2,600, 2017 онд 1,411, 2018 онд 1,146 дуудлага цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 140 хүн нийтийн байранд орогнож байсан нь тогтоогджээ. Гэвч нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд хяналт тавьдаг төрийн байгууллага байхгүйгээс үйлчилгээ эрхлэгчид нийслэл, дүүргийн Татварын албанд татвар төлдөг, эсэх нь тодорхойгүй, тавигдах шаардлага, зохицуулалтгүйгээр өнөөдрийг хүрсэн байдаг. Цахилгааны самбараас авахуулаад наад захын аюулгүй байдал нийтийн байруудад алдагдсан зэрэг цөөнгүй зөрчил илэрчээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга өнгөрсөн тавдугаар сард “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам” боловсруулах захирамж гаргасан.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 649 обьектод нийтийн байрны үйлчилгээ эрхэлж байгаа гэсэн судалгааг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг гаргажээ. Тус ажлын хэсгийнхэн журмын төсөлд холбогдох байгууллага, газар, хэлтсээс санал авч журмын төсөлд тусгасан байна. Мөн нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч иргэдээс нийтийн байруудын үйл ажиллагааг журамлах нь зүйтэй, эсэх талаар санал асуусан бөгөөд үүнд оролцсон иргэдийн 92 хувь нь дэмжжээ. Түүнчлэн олон нийтээс санал асуухад журмын төслийг 100 хувь дэмжсэн байна.

Нийтдээ зургаан бүлэг, 32 заалттай эл журмыг мөрдүүлснээр үйлчилгээ эрхлэгч болон байр ашиглагчийн эрх, үүрэг тодорхой болох юм. Мөн нийтийн байрны гадна тохижилт, бие засах газрын стандарт зэрэг урьд нь байгаагүй шаардлагыг тусгаснаар оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана хэмээн үзэж байна. Цаашлаад камер, дохиолол хамгаалалтын систем, гал түймрийн аюулгүй байдлыг хангаснаар оршин суугчдын сэтгэл ханамж дээшлэхээс гадна байр ашиглагчийн бүртгэлийг авч мэдээллийн сан үүсгэж, бүртгэлжүүлэх, үйлчилгээ эрхлэгчид татвах төлөх гээд олон давуу талтайг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэллээ.

Тэргүүлэгч Д.Бадарсан нийтийн байрнаас гадна орон сууц түрээсэлж байгаа хүмүүс татвар төлдөг, эсэхийг судалсан талаар лавласан юм. Ажлын хэсгээс мэдээлж буйгаар 1-2 өрөө орон сууц түрээсэлж буйг судлаагүй аж. Харин өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар орон сууцны зоорийн давхрын 50 байрыг түрээсэлж буй бөгөөд тэдгээрт 4,797 гаруй хүн амьдарч байгаа гэсэн мэдээлэл байна.

Тэргүүлэгч Б.Бямбадорж нийтийн байрны өрөөний ам.метр ямар хэмжээтэй байхыг лавлахад нийслэлийн МХГ-аас “Хүн амьдрах талбай хамгийн багадаа 18 ам.метр байх ёстой” гэв. Тэргүүлэгч Ш.Үнэнбат “Нийтийн байрны асуудал эмзэг” гээд стандарттай холбоотой шаардлага тавих хугацааг хэрхэн тооцоолж байгааг лавлав. Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр журам батлагдаж, ХЗДХ-ийн яамны мэдээллийн санд бүртгүүлсний дараагаар хэрэгжихийг хэлсэн юм. Мөн олон нийтэд таниулах ажил зохион байгуулж, шинээр энэ төрлийн үйлчилгээ эрхлэх хүмүүст зөвлөгөө өгч, одоо байгаа нийтийн байруудыг шат дараатай сайжруулж ажиллахыг хэллээ.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ыг Тэргүүлэгчид хэлэлцээд дэмжиж, тогтоол баталлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.