“Ухаалаг гарц”-ыг хэрэгжүүлсэн Гаалийн ерөнхий газар "Ухаалаг хил"-д нэгдлээ

Н.Саранчимэг / Нийслэл

АСЕМ-ийн гишүүн орнуудын гаалийн дарга нарын XIII уулзалт Вьетнам улсад энэ өдрүүдэд үргэлжилж байна. Хуралд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарын төлөөлөгчид уригдан оролцож байгаа бөгөөд 51 орны гаалийн байгууллагын дарга нар, Дэлхийн гаалийн байгууллага, Европын холбооны 115 төлөөлөгч хүрэлцэн очжээ. Хуралдаанаар ХБНГУ-д болсон XII уулзалтаар 2017 онд баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн, гадаад худалдааны өсөн нэмэгдэх урсгалд тавих гаалийн хяналтыг шинэлэг хэлбэрт гаргах шаардлага бий болсныг онцлов.

Энэ үүднээс орчин үеийн гаалийн байгууллагын шилдэг арга хэрэгсэл болсон нэг цонхны систем, хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлага, хамтарсан хяналт, дижитал гааль болон бусад асуудлууд хамаарахыг чухалчилж, мэргэшсэн гаалийн албан хаагчид, мэргэшсэн үйлчилгээг үзүүлэхэд Дэлхийн гаалийн байгууллагууд хамтрахаар болж Монгол Улс нэгдлээ. Тиймээс Дэлхийн гаалийн байгууллага энэ жил “Ухаалаг хил” уриатайгаар ажиллаж, зөвхөн худалдааны урсгалд хяналт тавихаас гадна аялал жуулчлал, тээврийн салбарыг дэмжихэд гаалийн байгууллагууд гол үүрэгтэй оролцох ёстой гэж онцоллоо. Харин Дэлхийн гаалийн байгууллага энэ уриаг гаргахаас өмнө Монгол Улсын Гаалийн ерөнхий газар “Ухаалаг гарц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн хилийн боомтуудад өргөтгөл шинэчлэл хийж, тэнд ажилладаг байгууллагуудын мэдээллийг цахимжуулж, нэгдсэн системд холбох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн амжилттайгаар уг урианд нэгдсэн юм.

Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2017 онд хүчин төгөлдөр болсноор худалдааг хөнгөвчлөх нь дэлхий нийтийн анхаарал хандуулах тэргүүлэх чиглэл болсон хэдий ч хил дамнасан хууль бус худалдаатай хамтын ажиллагаанд тулгуурлан тэмцсээр иржээ. Хуралдааны өдрүүдэд Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орнуудын хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэж байгаа кэйс, жишээнүүдийг олонтаа дурдаж, туршлага болгон хуваалцсан бөгөөд Монгол Улсын тухайд 2019 оны аравдугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн гаалийн хяналтын бүсээр мотоцикльтой зорчиж явсан иргэд галт зэвсэг, тэсрэх бөмбөг, их хэмжээний сум нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн нь жишиг болон дурдагдлаа.

Монголын Гаалийн байгууллага энэ оны эхний есөн сарын байдлаар 1531 нийт зөрчил илрүүлсэн бол, зөвхөн өнгөрсөн есдүгээр сард гэхэд нийт 144 зөрчил илрүүлжээ. Үүнээс хялбаршуулсан журмаар 117 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт долоон удаа, эрүүгийн шинжтэй хэрэг гурван удаа, харьяалалын дагуу шилжүүлсэн зөрчил 17 байна. Дээрх зөрчлүүдэд 81.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 107.9 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 1472.2 сая төгрөг байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.