Инженер С.Баттөр: Дохиоллыг мэргэжлийн түвшинд хийх нь хамгийн чухал

Н.Саранчимэг / Нийгэм

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан сайжруулсан түлшнээс иргэд угаартаж амь насаа алдахаас сэргийлж, 6,6 тэрбум төгрөгийн төсвөөр айл бүрт угаар мэдрэгч дохиолол үнэгүй суурилуулахаар болсноо хэлсэн. Энэ талаар инженер С.Баттөртэй ярилцлаа.

-Угаарын дохиоллыг 6.6 тэрбумаар тавихаар боллоо. Энэ шийдлийг мэргэжлийн хүний хувьд дүгнэхэд зөв үү, буруу юу?

- Үнийн дүнг нь харвал нэг айлд нэг мэдрэгч гэж төлөвлөсөн юм шиг байна. Нэг айлд 2-4 мэдрэгч ч орж болно. Мэдрэгчийг дутуу төлөвлөбөл аюултай. Хэрэв үнэгүй мэдрэгч тараавал хүмүүс мэдрэгчид бүх юмаа даатгана, айл бүр мэдрэгчээ хэрэглэж байгаа эсэхийг хянах боломжгүй. Энэ олон айлууд дунд мэдрэгчийг зүй бусаар хэрэглэх, унтраах эвдэх зүйл гарна. Үүнээс болж мэдрэгчтэй айлд хүн эндвэл яах вэ? Улсын тарааж өгсөн мэдрэгч ажиллаагүй гэх үү, сайжруулсан түлш маш хортой болж таарах уу? Угаарын дохиолол мэдрэгч тараах гэж байгаа тэр гурван сая ам. долларыг харин бүх айлуудын зуух янданг шалгаж, мэдээлэл өгөхөд зарцуулбал зөв шийдэл гэж харж байна.

- Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Зуу зуун жилийн турш гал түлж ирсэн. Гэтэл монгол гэрт дохиолол суурилуулж байсан практик байхгүй гэж хэлж болно. Сайжруулсан түлшийг эрсдэлгүйгээр ашиглахын тулд дохиолол тавих шийдэл буруу бол өөр ямар шийдэл байна вэ?

-Дохиолол байх нь буруу гэж хэлээгүй ээ. Мэдээж, дохиолол амь нас аварна. Нийтэд үнэгүй тарааж, ингэж төлөвлөх нь буруу гэж үзэж байна. Айл бүрийн мэдрэгчийг хянах боломжгүй, айл мэдрэгчээ хэрэглэж байгаа, эсвэл эвдсэн эсэхийг мэдэх боломжгүй шүү дээ. Үүнээс болж мэдрэгчтэй айлд хүн эндвэл эргээд маш хэцүү зүйл болох юм.

- Хотын дарга нэгэнт дохиолол тавина гэсэн шийдвэрээ танилцуулсан. Энэ нь иргэд амь насаа алдахгүй гэсэн баталгаа мөн үү?

-Хэрэв шийдвэр гарсан бол айл болгоноор орж хэдэн мэдрэгч орох зэргийг мэргэжлийн хүн норм стандартын дагуу тооцох юм. Дахиад хэлэхэд нэг айлд 1 биш 2,3,4...7,8 мэдрэгч ч орж болно. Мэдрэгчийг дутуу бөгөөд норм стандартын биш төлөвлөвөл амь нас аварна гэсэн баталгаагүй болно. Иймд ул суурьтай мэргэжлийн түвшинд хийх нь хамгийн чухал.

-Утаанаас салах хамгийн зөв шийдэл бол системтэйгээр орон сууцжуулах гэж сэтгүүлч хүний хувьд дүгнэж байна. Яндан байгаа цагт утаа гарна, гал түлж байгаа цагт утаа гарна гэдэг гаргалгааг та хүлээн зөвшөөрөх үү?

-Мэдээж, орон сууц мөн. Гэхдээ Монголын эдийн засаг, иргэдийн орлого амьжиргааны түвшинг харвал ойрын жилүүдэд орон сууцжуулахад маш хүндрэлтэй бөгөөд хэцүү. Ойрын хэдэн жил утаа эрс бага ялгаруулдаг түлш хамгийн зөв шийдэл болж байгаа. Цахилгаанаар шийдэж болох ч техникийн асуудал бас хэцүү байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, утаагүй түлш үр өгөөжөө өгч байгаа нь одоогоор илт мэдэгдэж байна гэж би хувьдаа дүгнэх байна. Монголчууд бид өвөл яахыг харах л үлдэж байна. Угаарын дохиолол мэдрэгчид найдаж хэнэггүйтэж байгаад дахиад хүн эндвэл утаагүй түлшний төсөл утгаараа сүйрэх юм. Утаанаас болж хичнээн хүн үхэж, амьгүй ураг төрж, өвчлөл нэмэгдэж, хорт хавдар үүсч байгааг, тэр хэрээрээ эдийн засгийн хохирлыг бид амсаж байгааг ард түмэн ухамсарлах хэрэгтэй.

-Танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.


Сэтгэгдэл

Зочин [182.160.36.191] 2019-10-11 03:36:23

Өнөөдөр өглөө хоолой ам хорсоод нэл угаарна л байна шдээ

Зочин [66.181.178.221] 2019-10-11 03:24:21

2000-2019 ХҮРТЭЛХ УТААНД ЗАРЦУУЛСАН МӨНГӨӨР 7- БУУДАЛ ХАЙЛААСТ БАЯНБҮРД ГАНДАН ЗУРАГТ ХОРООЛОЛЫН АРЫН АЙЛУУДРУУ ЦЭВЭР БОХИР ДУЛААНЫ ШУГАМ ТАТААД ХОЛБОЧИХ БАЙЛАА ХАЙРАН МӨНГӨ

хх [202.55.191.205] 2019-10-11 03:15:14

тэгж үз болохоо байлаа шүү яриад байхаар хурдан эхлэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.