Галзуу чоно өшиглөсөн минь

Л.Батцэнгэл / Нийслэл

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Хөлийн цагаан толгой гэдэг газар галзуу чоно арван долоон настай Б хэмээх хүү болон долоон ямаа, нохойг нь хазаж гэмтээсэн явдал саяхан болжээ. Сумын Засаг дарга нь 14 хоногийн хөл хорио тогтоосон байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд өнгөрөгч хавар галзуурсан чоно бас л баахан сүйтгэл тарьсан. Эндээс улбаалан галзуу чонын тухай нэгэн явдал санаанд оров. Шинэ мянганд шилжсэн анхны жил Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд багшлахаар ардын уран зохиолч Т.Галсан, төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн нараараа үдүүлэн “зангиагүй сэхээтэн болно” гэсэн сэхүүн залуу сайн дураар хөдөө одов. Тэр жил Баянхонгорын хангайн сумдад есдүгээр сарын 16-нд нэвсийсэн их цас дарж, зудын хэмжээнээс хэтрэн байгалийн гамшиг гээч болсон юм. Шаврай сэхээтэн хадмын хаяа бараадан сумын төвд амьжрах. Идэр гурван ес тачигнасан нэгдүгээр сарын эхээр сумын төвийг бужигнуулсан үйл явдал болов. Галзуу чоно энд тэндгүй очиж түйвээсэн тухай яриа амнаас ам дамжин хаврын салхи шиг амиадав.

Галзуу чоно анх сумын төвөөс долоон километрт буй Тэмээн хүзүү хэмээх бяцхан толгойн энгэрт өвөлжиж байсан Хуяг хэмээх залуугийн хотонд “айлчилсан” болж таарав. Хуяг өглөө бага үдийн хэр нар гөлгөрөх үед хотныхоо ноос ноохойг савардасхийгээд зогсож байтал нэг цагаан нохой хотонд нь шогшоод ороод ирж л дээ. Анзаарвал гэрийн нохой бус хээрийн амьтан болох нь мэдэгдэж. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг мань эр хотноосоо гэр рүүгээ ухасхийн ортол нөгөө хээрийн амьтан араас нь дагаад гэрт нь ороод иржээ. Айсан залуу гэрийнхээ нэг баганыг суга татан нөгөө амьтныг гэрээ хэд тойруулан элдтэл нээлттэй хаалгаар гараад зугтчихсан аж. Ээж нь энэ үед зүүн орон дээрээ гаран, толгойгоо дараад хэвтчихсэн гэдэг. Иймэрхүү яриа гараад ганц хонож байтал нөгөө “цагаан нохой” Гурванбулаг сумын төвд зочлов. Ер нь энэ сум Завханы Отгон, Архангайн Хангай сумдтай хил залгаа хангайн сум болохоор чоно нохой элбэг л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай ч үүнийг бэлээхэн гэрчилнэ. Учир нь 2000 оны арванхоёрдугаар сарын сүүлээр зудын байдалтай танилцаж очсон УИХ-ын гишүүн Ээбгээ зөвхөн энэ сумаас гэхэд 16 чоно авлаад “УАЗ-469” машины хамар дээгүүр арьсыг нь хөвсөлзүүлэн давхиж явсныг нүдээр харах хувь тохиосон нэгэн юм би.

Галзуурсан чоно нүд нь харвалттай учир юм харахгүй зөвхөн үнэр, чимээгээр л мэдрэмж хийж явдаг гэдэг. Гай газар доороос галзуу чоно салхин доороос” гэсэн үг ч бий. “Зөөлөн зөөлөн замбуулин”, “Элээх тавилан” зэрэг олон сайхан дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Баасандоржийн аав Норов гуайнх тэр жил сумын төвд өвөлжиж байв. Хөгжмийн зохиолчийн ээж өглөө босоод модон жорлондоо тухалчихаад гэр рүүгээ орох гэтэл хажуу айлынх нь аргалын амбаар дээрээс нэг цагаан нохой хашаа руу нь үсрээд ороод иржээ. Настан гарт таарсан хатуурсан хунгарын өөдөс бариад “жов чи” гэтэл мөнөөх “цагаанаа” чинь харин ч нэг тоосон шинжгүй давхисан байгаа юм. Хөгшин тэр чоныг “Хөрш хашааны Маамын цагаан жингэр” гэж бодсон гэж хожим ярьсан байдаг. Маам нь тухайн үедээ сумын тамгын газрын даргаар ажиллаж байсан залуу. Гэрийн, жирийн нохой бишийг мэдсэн авгай модон жорлондоо ороод “Амь авраарай. Хангай ороод ирлээ” гэж тусламж гуйн бархирч гарчээ. Гэр хотлынхон нь юу болов гэж буу шийдэм агсан гарч ирүүт, чоныг калибриар чип чипхийлгэсэн ч оносонгүй, онгорхой хашааны хаалгаараа алджээ. Буун дуу сонссон “цагаанаа” галзуу ч гэсэн айсан юм байлгүй, гараад давхингаа гудманд угаадас асгаж явсан нэгэн самганыг шүргэж, гэгээн цагаан өглөө сумын төвд чонотой мөргөлдсөн самган ухаан алдан унасан байдаг. Харин чоно ухаан алдагчийг тоолгүй цааш давхисан нь галзуурсан чоно юм хардаггүйн жишээ болон үлдэж байна.

Буун дуу сонссон чоно гудамж өгсөн, цан хүүрэг савсуулан, жавар зүсэн давхиж яваад Бух гуайн хашааны урдуур гарч дээ. Бух гуайн бяруун чинээ хар нохой бол урдуураа улаан хөлтөн алхуулдаггүй данхар данагар банхар. “Галзуудай цагаанаа” бол харин гуринхалсан бэлтрэг шахуу амьтан. Хар нохой хээрийн амьтны цас шүжигнүүлэн давхих чимээгээр амдан очиж, хазалцаж барилцах юм болтол юу юуны тухандгүй нөгөө чоно гэрийн нохойг ганхийтэл ганц хазчихаад давхичихжээ. Бух гуайн хар нохой хоёр хоногийн дараа эзнээ гэр тойруулан элдэж, бас нэг бөөн сенсааци дэгдээв. Галзуу чононд хазуулсан амьтан галзуурч байсан нь энэ юмсанж. Иргэн Бух сумын Засаг дарга Түдэв, малын эмч Сэржпүрэв нарыг тооноороо дуудан байж хотонд ээлтэй, хон хон дуутай хар банхраа сүүлийг нь дэрлүүлэв. Аймаг болон ондоо сум орноос цас зудын эрхээр таслагдсан сумынханд энэ мэт мэдээлэл ёстой хужирхай тэнийлгэсэн шинэ сэргэг зүйл мэт сонсогдоно. Малын эмч аймгийн төвд буй авгайдаа “Галзуу нохой Бухыг хазаад сүйд боллоо” гэж утсаар яритал нөгөөх нь сандарч “Хайран чиг бух минь” гэж бухимдсан сураг ажиг ч тарав. Эмчийн гэргий Бух гуайг биш өөрийнхөө бухыг нохойд хазуулж устгалд орж хэмээн ойлгожээ.

Галзуу чоно Бух гуайн нохойг хазаад одсоноос хойш хаачсан нь мэдэгдэхгүй хоёр хонож байтал дуулиан дахиад гарлаа. Энэ удаад сумын төвөөс дөчөөд километрт байдаг Цэнгэлийн ам хэмээх газарт, зуслан дээрээс аргал ачиж байсан хэсэг залуустай нөгөө чоно таарчээ. Шижигнэсэн тав зургаан залуу “ЗИЛ-130” машинд аргал ачиж байтал цасанд даруулсан талын дундаас нэг цагаан нохой тэднийг зүглэн ирлээ гэнэ. Анхандаа ч юм санасангүй, тамхи тариа татсан шиг зогстол нөгөө улаан гуриа чинь шуудхан давхиад ирж дээ. Бараг л үүд хоймрын дайны газраас чоно байна гэдгийг мэдсэн залуус монхор ногоон тэрэгнийхээ тэвш рүү үсрээд үсрээд гарч дээ. Харин жолоо мушгиж явсан Ариунболд хэмээх залуу л ганцаараа газарт үлдэж, хавхан амтын хоншоорыг тослохоо шахаж. Ариунболд сүүлд ярихдаа “Нүд нь час улаан амьтан өсгийн дээрээс хазчих гээд элдээд байхад ухаанаа бараг алддаг юм билээ. Машинаа хэд тойрсноо ч санадаггүй. Яаж ийгээ л машиныхаа хамар дээр гарсан хойноо л нөгөөдүүлийнхээ шуугилдахыг сонссон” гэж байсан. Галзуу чоно Ариунболд жолоочийг элдэж, ойрын зайн марш хийлгэснийхээ дараа хэсэг зогсож байгаад давхиад явчихсан байна. Аргалчдын ирсэн оройноос сумын засаг захиргаанаас зөвшөөрөлгүйгээр ийш тийш явахыг хориглох шийдвэр гарав. Хаа нэг тийш одох хүн сумын Засаг дарга, хэлтсийн төлөөлөгч хоёроос зөвшөөрөл авах учиртай. Сумын хэсгийн төлөөлөгч Энхтөр Цэнгэлийн ам руу явж, галзуу чоныг авлаж ирэхээр зуданд туслахаар ирсэн “ГАЗ-66” машины банкийг бензинээр дүүргэн гарлаа гэсэн яриа сумын төвөөр нэг тарав.

Хөгшчүүл идээ цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөж “дайны хажуугаар дажин гэгчээр цас зуд болж байхад чоно нохой галзуурдаг нь юу ч вэ дээ. Яана даа хүүхээ” гэлцэнэ. Галзуу чонын сураг тасраад хэд гурав хонов. Сургууль даяар урлагийн үзлэг гэж орой болтол шаагилдан байтал даасан ангийн хөвгүүд маань “Багш аа, нөгөө муу чоныг чинь гөлчгий Төрөө гуай алаад ирж” гэдэг юм байна. Хорьж боломгүй хорин тавхан настай багш залуу ч шавилхан шавь нараасаа дутахгүй хөөрцөглөн гүйж гарлаа даа. Сумын захиргааны үүдэнд цуваа зургаа хэмээдэг “66” машин зогсоно. Шавь нараа дагуулан очвол хэлтсийн төлөөлөгч Энхтөр надад хэрдээ л аминчлан “За нөгөө муу амьтныг чинь аваад ирсэн шүү. Одоо Засаг даргаас устгал хийх хэдэн литр бензин авчихвал ч тэнгэрийн умдаг атгах гээд байна хө” гэж байна. Арваад хоног гурванбулагийнхны амны зугаа болсон нөгөө галзуурсан чоныг нь харлаа. Машины чиргүүл чирдэг бүдүүн төмөр гогцооноос олсоор дөрвөн хөлийг нь баглаж боон дүүжилсэн жижгэвтэр л чонын сэг харагдана. Атийсан юм аа, чааваас. Төрөө ахмадаас чоныг яаж авласан талаар асуувал “Найз нь ч өөрөө агнаагүй л дээ. Цэнгэлийн аманд оторт яваагүй ганц айл байдаг юм. Мал хуй байхгүй. Тэр айлд настай авгай, арван тавтай хүүтэйгээ амьдардаг юм байна. Хүү нь өчигдөр өглөө санаанд ч үгүй хот руугаа шагайтал хотонд нь энэ чоно хэвтэж байж. Хорооныхоо араас гэтэж байгаад том хөрзөнгөөр цохьтол газар дээрээ үхчихэж. Тэгээд л найз нь аваад ирлээ” гэдэг юм байна. Би Төрөөгийн яриаг сонсч байгаад “Өө тийм юм болоо юу” гэнгүүт нөгөө чоныг өшиглөж үзвэл хөлдүү чонын нуруу тэсхийж байна. Орой нь гэртээ ирэн галзуу чонын аюул нэг юм өнгөрлөө энэ тэр гэсэн шүү юм ярьж суутал гэргий маань “Чи тэр чоныг өшиглөдөг юу вэ. Хоёрын хоёр нялх хүүхэдтэй байж яасан саваагүй юм” хэмээн зэмлэж, “Аль гутлаараа өшиглөсийн чи” гэж баахан байцаалт явуулсны эцэст хоёр гутлыг маань гадаа хонуулж “ариутган” санаа амарсан билээ. Галзуу чоно гэхээр л ийм нэг дурсамж санагддаг юм.


Сэтгэгдэл

Саран-Очир [66.181.169.70] 2019-10-17 18:19:22

кккккккк

Зочин [66.181.165.93] 2019-10-17 17:59:00

Тэр үед галзуу чонотой холбогдсон нохойнуудыг устгахад Норов гуайн шар нохойг устгаж хөөрхий өвгөний нулимсыг үзсэн гэдэг. Гэхдээ энэ хэдэн оны юмыг бичсэнийг ойлгосонгүй . Тэр үед засаг дарга нь Ш.Түдэв байгаагүй бөгөөд 74. 75 оны үед болсон явдал шүү дээ. Тэр үед тэр чоныг сумын төвд буудаад цаасан хайрцагаар тусгаарласан байсан санагдана. Дараа нь устгасан байх .

имбуунаа [202.126.88.57] 2019-10-17 16:55:13

Элдэв хов жив мэдээ уншиж байхаар ийм дурсамж уншаад инээж байх нь дээр юм байна.Гоё бичжээ

Эрка [168.235.194.147] 2019-10-17 16:07:29

Нүдэнд харагдтал яруу сайхан бичжээ.

Zochin [202.21.110.38] 2019-10-17 15:58:48

Irged ni medrel muutai chono ni galzuu hetsuu uls ve

Зочин [192.82.76.161] 2019-10-17 15:37:55

Сайхан бичжээ

ax [192.82.70.177] 2019-10-17 15:09:54

huurhun bichij


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.