2020 оноос эхлэн явуулын эмнэлгийн тусламж үзүүлэх автомашиныг манай улсад нийлүүлэхээр болжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Монгол Улсад 2018 онд хорт хавдраар 4412 хүн нас барсны 77 хувь нь өвчлөлийн хожуу шатандаа оношлогджээ. Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг оношлогоонд хамрагдсанаар өвчлөлийг эдгээх боломж илүү байдгыг МҮОНРТ-ээс санаачилсан “XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөнд оролцогчид онцлов.

Тус зөвлөгөөн Төрийн ордны их танхимд болсон бөгөөд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /НББСШУБХ/, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Худалдаа хөгжлийн банк хамтран зохион байгууллаа.

Дэлхийн улс орнууд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж 8.2 сая хүн нас барж 32.6 сая хүн өвчтэй байгаа

Манай улсын хувьд, 2018 оны байдлаар, 6073 хавдрын шинэ тохиолдол оношлогдож 4412 хүн нас барсан байна. Үүнээс 77 хувь нь хожуу үедээ оношлогдсон статистик дүн гарсныг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэсэн.

image

Тэрбээр, "УИХ, Засгийн газраас хавдрын өвчлөлийн эсрэг тодорхой үе шаттай ажлыг өрнүүлсээр байна. Тухайлбал, Польш улсын Засгийн газрын 3.8 сая еврогийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр, 2020 оноос эхлэн 21 аймгийн иргэдэд явуулын эмнэлгийн тусламж үзүүлэх тусгай тоноглолтой автомашин нийлүүлэхээр болсон. Мөн энэ сарын 17-нд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачилсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан. Хуульд, иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд нас хүйсээр хамаарч товлосон хугацаанд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. УИХ-аар Монгол Улсын 2020 оны Төсвийг хэлэлцэж байгаа энэ үед, ХСҮТ-ийг 120 ор, 12 кабинет, дөрвөн мэс заслын өрөөгөөр өргөтгөж, ор хоногийн хүлээгдлийг хоёр дахин бууруулах нөхцөлийг бүрдүүлэхэд нэн шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар онцгой анхааран ажиллаж байна" хэмээжээ.

Хорт хавдраар өвчлөгсдийн 77 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна

Монгол Улсын Засгийн газраас 2016-2018 онд гадаадад эмчилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагатай 97 иргэнд 238 сая 778 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн Засгийн газраас 2016 онд батлан хэрэгжүүлж буй "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн үр шимийг иргэн, өрх бүрт хүргэхийн төлөө чармайн ажиллаж буйг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн онцолсон байна.

Тэрбээр, "ХСҮТ-д гурван см хүртэлх хорт хавдрыг түлэх эмчилгээ 2008 онд нэвтэрсэн бөгөөд тухайн үед 20 хүн хамрагдаж байсан. Тэгвэл 2017 онд 723 иргэн хамрагдсан байна. Энэ нь "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн үр дүнд иргэд эрт оношлуулах, эмчилгээнд хугацаа алдалгүй хамрагдах нь нэмэгдэж буйг илтгэж байна" гэжээ.

image

Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн сарын 28-ны байдлаар, 949 мянга гаруй иргэнийг элэгний B,C вирусын илрүүлэг шинжилгээнд, 4100 иргэн баталгаажуулах шинжилгээнд хамрагдсан байна. Үүнээс С вирусын эмчилгээнд 13 мянга гаруй, В вирусын эмчилгээнд 19 мянга гаруй иргэн хамрагджээ. Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд АНУ-д 90 мянган ам.долларын үнэтэй байдаг "Хармони" эмийг Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсад эрүүл мэндийн даатгуулагч үнэ төлбөргүй авч хэрэглэж буйг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн илтгэлдээ дурдаж байв. Тэрбээр, "2016 оноос хойш Монгол Улс 70 мянга гаруй иргэний элэгний B,С вирусыг эмчилсэн байна. Өөрөөр хэлбэл, 70 гаруй иргэнээ элэгний хорт хавдартай болохоос урьдчилан сэргийлж чадсан нь монголчууд эрт үедээ илрүүлж, эмчилж чадаж байгааг харуулж байна" хэмээв.

Монгол Улсад хорт хавдраар өвчлөгсдийн 70 гаруй хувь нь 45-аас дээш насныхан

Монгол Улсад хорт хавдраар өвчлөгсдийн 70 гаруй хувь нь 45-аас дээш насныхан байгаа бөгөөд элэгний хорт хавдар 36 хувьтай зонхилж байна. Нийт өвчлөгсдийн 75 хувь нь элэг, ходоод, умайн хүзүү, уушигны хорт хавдраар өвчилдөг байна. Хорт хавдрыг дөрвөн үе шатаар ангилдаг бөгөөд эхний хоёр шатанд илрүүлж чадвал эмчлэгдэх боломж их байдгыг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн илтгэлдээ тэмдэглэж байв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:21

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:21

Зочин [203.91.115.54] 2019-11-01 04:30:01

Алтан гарт эмч нартаа эрүүл энх, сайн сайхан, амжилтын дээдийг хүсэн ерөөе.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.