МоАХ-ныхон олны анхаарлын төвд байгаа асуудлуудад хатуухан байр суурь илэрхийллээ

Aдмин / Нийгэм

МоАХ-ны Уирдах Зөвлөлийнхөн өнөөдөр Ардчиллын ордоны хурлын зааланд Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн өөрчлөлт, Чөлөөт бүсийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус хуралд МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт, УЗ-ийн гишүүн Б.Болдбаатар, Х.Хайсанай, Баянгол дүүргийн МоАХ-ны гишүүн С.Арслан, Баянзүрх дүүргийн МоАХ-ны гишүүн Л.Сансар нар оролцов. Тэд хурлын үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандан Чөлөөт бүстэй холбоотойгоор “Шаардах бичиг” хүргүүлж байгаагаа мөн Оюутолгойн гэрээтэй холбогдуулан “Мэдэгдэл”, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор “Сонордуулах бичиг” гаргаснаа сэтгүүлчдэд танилцуулж өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Мэдэгдэлд дурдагдсан мэдээллээс тоймлон хүргэвэл “Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялгийг өмчлөх, ашиглахтай холбоотой зарчмыг Монголын Ардчилсан Холбоо тууштай баримталдаг бөгөөд үзэглэснээсээ хойш маргаан дагуулсан төдийгүй үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж буй Оюутолгойн гэрээний талаар байр сууриа албан ёсоор илэрхийлж байна.

Стандарт бус Засгийн газрын тэргүүн С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар толгойлон үндэсний эрх ашгийг хөсөр хаяж Оюутолгой төслийн санхүү, хөрөнгө оруулалт, удирдлага, хууль эрх зүйн талаар иж бүрэн судалгаа шинжилгээ хийгээгүй, төслийн засаглал, гүйцэтгэлд оролцох Монгол Улсын оролцоог хангаж чадаагүй зэргийн улмаас тухайн төслийн 34%-ийг биш харин маш эргэлзээ, сэжиг бүхий нэг нэгж болох Оюутолгой ХХК-ий 34%-ийг эзэмших гэрээ байгуулснаар бултаараа луйвардуулсан. Монголчууд, Монголын парламент, Засгийн газар Оюутолгойн гэрээний хорт үр дагаврыг мэдрэн олон жил шүүн хэлэлцэж байгаа ч засах талаар бодит ахиц гарсангүй эцэстээ Рио Тинто төр, түмэнтэй нь басамжлан тохуурхаж байна.

image

Айванхоу, Рио Тинтод хамаарал бүхий этгээдийн төлөх ёстой татварыг Монголын тал төлөх зэрэг ноцтой заалтуудыг нэн тэргүүнд өөрчлөх ёстой.

Рио Тинто уулын нөхцөл хүндэрсэн гэх шалтгаанаар хугацаа хойшлуулж буй “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г байгуулахад оролцоогүй Туркойз Хилл ресурс, Ти Эйч Ар, Оюутолгой зэрэг этгээдүүд шургалсан учир хүчин төгөлдөр мөрдөх хууль, эрх зүйн баримт гэж үзэх үндэслэлгүй.

Оюутолгойд хамаарах гэрээнүүд бүхэлдээ Монгол улс, Монголын ард түмнийг одоо, ирээдүйтэй нь залилан дааж давшгүй өрөнд оруулсан гэж үзэх үндэстэй тул Улсын Их Хурал холбогдох ажлын хэсгийнхээ дүгнэлтийг яаралтай хэлэлцэж түүхэн шийдвэр гаргах нь улс, үндэсний язгуур эрх ашигт нийцнэ” гэсэн байв.

image

Оюутолгойн гэрээний талаар Баянзүрх дүүргийн МоАХ-ны гишүүн Л.Сансар “Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшдэг Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны нэгдүгээр сард буюу УИХ-ын Оюутолгойг шалгах ажлын хэсэг гаргахын өмнөх үеэс өнөөг хүртэл 8 дахин буурсан байна. Гэтэл энэ хугацаанд тухайн компанийн үндсэн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ 16 хувь байна. Өөрөөр хэлбэл, мал махны үнэ унаагүй байхад нэг нөхөр малаа найм дахин бага үнээр зарах гээд байна. Ноцтой асуудал байгаа биз. Хөрөнгийн зах зээл дээр цонх болгон нүдтэй, хана болгон чихтэй гэсэн хатуу хууль үйлчилдэг. Гэтэл энэ хатуу хууль Туркойс Хилл Ресурс компаниас зөрж, нүүрээ бууруулчихаад байна. Энэ гэрээ байгуулагдаад 10 жил болсон байхад Засгийн газар юу хийсэн юм бэ. Ажлын хэсэг байгуулагдаад шалгалаа л гэдэг. 10 жил энэ гэрээтэй ноцолдсон мөртлөө оношилж чадахгүй байна” хэмээн ярьсан юм.

Харин Баянгол дүүргийн МоАХ-ны гишүүн С.Арслан энэ талаар ярихдаа “Миний хувьд 2008-2018 оны хооронд есөн төрлийн экспортод гаргадаг эрдэс бүтээгдэхүүн дээр судалгаа хийсэн. Энэ хугацаанд 81,4 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Үүнээс улсын төсөвт орсон нь 12,6 их наяд. Цаана нь үлдсэн мөнгө нь хаачсан нь мэдэгддэггүй. Хэний халаасанд орсон нь мэдэгдэхгүй байна. Энэ их мөнгө хулгайч нарын халаасанд орсон байх” гэлээ.

Эрх ашигт харшлахуйц хууль хүссэн цагтаа санаачилж батладаг гэв

image

Чөлөөт бүстэй холбоотойгоор гаргасан “Шаардах бичиг”-тээ “Улсын Их Хурал гадна, дотны бүлэглэлийн захиалгаар үндэсний эрх ашигт харшлахуйц хууль хүссэн цагтаа санаачилж батладаг нь олон жишээгээр нотлогддог.

Тухайлбал саяхан Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн “Чөлөөт бүсийн тухай хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлт нь өнгөндөө бүс нутаг, улсын хөгжлийг дэмжих мэт ч цаанаа болзошгүй аюул агуулж олон нийт шүүмжлэлтэй хандсан нь шударга ёсонд нийцнэ.

Монголын парламент чөлөөт бүсийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан 4 хуулийг /2002-2003/ 2015 онд нэгтгэн нэг хууль болгосон нь холбогдох эрх зүйн орчныг цэгцэлсэн хэрэг мөн.

Өнгөрсөн 7 хоногт “Монгол улсын Чөлөөт бүсийн тухай хууль”-нд Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр томъёолсон заалт хүчиндэн оруулахаар завдсан Шадар сайд Ө.Энхтүвшингийн оролдлогыг Монгол улсын “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.1.1.1; 3.1.2.5; 3.1.2.7; 3.2.2.1; 3.2.2.2 тус тус заалтуудын дагуу хянаж үзэх нь зүйтэйг онцлон тэмдэглэж, бодитой хэлэлцэн шийдвэрлэхийг Та бүхнээс шаардаж байна” хэмээн бичсэн байв.

Энэ талаар УЗ-ийн гишүүн Б.Болдбаатар “Шадар сайдын санаачилж оруулж ирж байгаа хуульд Монгол Улсаас 900 га газар, Хятад улсаас 900 га газрыг хил орчмын бүсэд нийлүүлж, хилийн бүсийг байхгүй болгоод, Хятадын хилийг 30 хоног визгүйгээр зорчуулж, бизнес хийх орчин бүрдүүлнэ гэжээ. Нэг ёсондоо Монгол Улсын хил халдашгүй дархан байна гэдэг нь алдагдана гэсэн үг. Гадаадын иргэн харьяатын байгууллагууд үүнийг нь хянахгүй гэж байна. Энэ хууль гадагшаа гарч буй бүх хилийн боомтуудад үйлчлэх юм билээ. Энэ бүс нэгдсэн нэг захиргаатай байх нь. Дарга нь хятад, орлогч нь монгол хүн байж болох юм билээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гэдэг хууль дүрэм, журамд захирагдахгүй нь гэж харж байгаа” гэлээ.

Мөн Чөлөөт бүсийн талаар УЗ-ийн гишүүн Х.Хайсанай өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Баян-Өлгий аймагт Чөлөөт бүс гээд нэг том хашааг 2000 онд барьсан. Тухайн үед тэрбум 300 сая төгрөгөөр баригдсан ч 19 жил өнгөрчээ. Харамсалтай нь энэ хашаанд юу ч хийж, хэрэгжүүлээгүй хэрнээ 17 цагдаа манадаг. Улсын төсвийн мөнгийг үргүй зарцуулсан нэг жишээ нь энэ. Сонгууль болохоор л УИХ-д нэр дэвшигчид энэ Цагааннуурын чөлөөт бүсийг ашиглалтад оруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгадаг. Сайхан цаг үе ирнэ гэж олон жил ард түмнийг хуурлаа. Газар дээр нь очиж сурвалжилж болно. Тэр хашаан дотор нэг барилга, худалдааны төв барьсан бол өөр хэрэг. Тэгэхээр холбогдох удирдлагууд нь энэ талаар тайлангаа тавих ёстой. Хоосон хашааг манаад ямар ч үр дүнд хүрэхгүй” гэв.

“МоАХ ард түмнийхээ, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг”

image

Тэгвэл “Сонордуулах бичиг”-тээ “БИД жил гаруйн өмнө “ ... Монголчууд тайван замаар хуулийн хүрээнд засаглалын хэлбэрээ бүх нийтийн санал асуулгаар тодорхойлох нь хямралаас гарах гарц, 1990 оны Ардчилсан хувьсгалаас өөрцгүй түүхэн үйл хэрэг” гэж үзэж УИХ-ын сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэйг албан ёсоор тэмдэглэсэн юм.

Түүнчлэн Зөвлөлдөх санал асуулгад бүхэлд нь эргэлзэж байгаагаа нуугаагүй билээ.

Энэ тухай хэсэг иргэдээс гаргасан бодитой санал гомдлыг Үндсэн Хуулийн Цэц санаатайгаар нуун дарагдуулж улмаар захиалгат төсөл ёс зүйгүй, чадамжгүй парламентын босго давсан ч “Мордохын хазгай” гэгчээр гацсан гэж дүгнэхээс өөр аргагүйд хүрсэн нь туйлын харамсалтай.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүчиндсэн хэлэлцүүлгийн явц, Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-д суудалтай, суудалгүй улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, жирийн иргэдийн эсрэг тэсрэг, эерэг сөрөг байр суурийг Монголын Ардчилсан Холбоо анхааралтай ажигладаг бөгөөд МАН эр зориг гарган “гуравдугаар хэлэлцүүлэг” хэмээх бантангаа зогсоож, нийт ард түмнээсээ асуусны дараа 2020 онд бүрэлдэх УИХ шинээр Үндсэн хууль боловсруулах эсвэл одоогийн хуульдаа өөрчлөлт оруулан батлах нь үндэсний эрх ашиг, эв нэгдэл, шударга ёсонд нийцнэ хэмээн дахин нотлон сонордуулж байна” хэмээсэн байв.

Энэ талаар МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт “Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 17-нд бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд нарт Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол эхлээд ард түмнээсээ асуу, дараагаар нь өөрчил гэдэг санал тавьж байсан. Одоо ч энэ байр суурь хэвээрээ. Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг удахгүй болно. МоАХ анхны цуглаанаасаа эхлээд л Үндсэн хуулийг өөрчлүүлэхээр явсан. Өөрчлүүлэх үйл явц нэлээд урт хугацааг элээж өнөөдрийг хүрлээ. МоАХ ард түмнийхээ эрх ашиг, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг” хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: Аssa.mn


Сэтгэгдэл

Зочин [211.36.158.150] 2019-11-06 12:02:10

Demjij baina

Зочин [172.58.139.220] 2019-11-06 22:29:32

Manangiin halbach hulgaich erinhiilugch zi nariig zailuul

Зочин [192.82.70.200] 2019-11-06 09:44:23

Тарвага, Мэлгэр нартай хуйвалдаад АН Монгол улсыг дээрэмдэж байхад балуугаа хийж байсан моах вэ???? Битгий донгод.

Зочин [202.9.44.238] 2019-11-06 09:26:44

дэмжиж байна

bold [202.21.113.54] 2019-11-06 08:56:27

бичиг үсэгт тайлагдал даа монголчуудаа

зочин [192.82.69.111] 2019-11-06 08:52:30

Ард түмнээс нарийвчлан асууж болдоггүй хультай. ҮХ-иа өөрчлөх үү,үгүй юу гэж асуувал өөрчлөнө гэнэ дээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.