Г. Эрдэнэсүх: Зам тээврийн ослын улмаас 52 хүүхэд амь насаа алдсан

Н.Алтанцэцэг / Нийгэм

Зам тээврийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яах вэ дээ” аяныг амжилттай зохион байгуулсан. Аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар, амь нас нь хохирсон 11 нэгжээр буюу 21.7 хувиар, гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Энэ аяны дараа Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний соёлыг олон нийтэд түгээх, хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор "Дураараа биш ээ дүрмээрээ" аяныг хоёр сарын хугацаатай эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд зам тээврийн осол гэмтэл бууралт ямар байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Г. Эрдэнэсүхтэй ярилцлаа.

-"Дураараа биш ээ дүрмээрээ" аяныг хэрэгжүүлээд сар гаруй болж байна. Энэ аяныг жолооч нар хэр хэрэгжүүлж байна. Зам тээврийн осол гэмтэл хэр буурч байна уу?

- Цагдаагийн байгууллагаас 2019 оны зургадугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл орон нутгийн зам хөдөлгөөний соёл, аяныг зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд “Яараад яах вэ дээ” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан. Үүний үр дүнд улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа зам тээврийн ослыг 23.7 хувиар бууруулсан байгаа. Иймээс аяныг дахин үргэлжлүүлэхээр болсон. Орон нутгийн зам харьцангуй гайгүй болсон учраас хот суурин болон төв газарт дүрэм зөрчсөний улмаас осол гэмтэл их гарч байна. Энэ зөрчлийг бууруулахын тулд тодорхой ажил зохион байгуулах үүрэг чиглэлийн дагуу "Дураараа биш ээ дүрмээрээ" аяныг өнгөрсөн есдүгээр сарын 23-наас арваннэгдүгээр сарын 23-ны хүртэл хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Аян эхлээд сар гаруй болж байгаа бөгөөд энэ хугацаанд зам тээврийн осол гэмтэл өнгөрсөн оны мөн үеэс 16.3 хувь, гэмтсэн хүн 22.4, нас барсан хүн 22.2 хувиар буурсан. Үүнээс нийслэлд үйлдэгдсэн осол гэмтэл 24.5 хувиар, орон нутагт үйлдэгдсэн осол гэмтэл долоон хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.

12 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦАН ДЭЭР ДАЙРЧ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН

-Аяны хүрээнд урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байгаа хэдий ч зам тээврийн осол гэмтэл гарсаар л байна. Өнгөрсөн аравдугаар сард зам тээврийн осол гэмтэл хэд гарсан бэ. Нарийн тоо мэдээлэл байгаа юу?

-Зам тээврийн осол гэмтэл 16.3 хувиар буурсан гэдгийг дээр дурдсан. Хэдий осол гэмт буурч байгаад хэдий ч ноцтой зам тээврийн осол нэлээд хэд гарсан. Нэг осол гэмтлийн улмаас хоёроос гурван хүний амь нас хохирсон. Мөн бага насны хүүхдүүд зам тээврийн ослоор амь насаа алдсан тохиолдол гарч байна. Тухайлбал, энэ сарын 6-нд Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт 12 настай А явган хүний гарцаар гарч байхад нь Prius маркийн автомашины жолооч Ц нь явган хүний зам дээр дайрч амь насыг нь хохироосон. Иймээс нийт жолооч нартаа дүрмээ баримталж аян нэгдэх хэрэгтэй байна.

-Бага насны хүүхэд зам тээврийн осолд орох тохиолдол буурахгүй байгаа юм биш үү?

-2019-2020 оныг "Хүүхэд хамгааллын жил" гэж ерөнхийлөгч тунхагласан байгаа. Гэвч хүүхэдтэй холбоотой зам тээврийн осол нэлээд гарсан. Хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол 2-3 дахин өссөн. Энэ юунаас шалтгаалж байгаа вэ гэхээр эцэг эх асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч болон жолооч нарын хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд амь насаа алдаж байна. Мөн иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй байгаатай холбоотой. Замын хөдөлгөөний дүрмийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж, замын хөдөлгөөний дүрэм дээр 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг хамгаалах хэрэгсэл болон суудалгүй тээврийн хэрэгсэлд тээвэрлэхгүй байх, автомашинд харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх зэрэг нэмэлт заалтыг оруулж өгсөн. Гэвч үүнийг эцэг эхчүүд хэрэгжүүлэхгүй байна. Харин орон нутгийн зам дээр хүүхдүүд хүний өвөр дээр сууж явж байна. Зам тээврийн осол болоход хамгийн түрүүлж хүүхэд бэртэж, гэмтэж амь насаа алдаж, хүнд бэртэл авдаг. Иймээс эцэг эхчүүд анхааралдаа авах хэрэгтэй. Мөн сурган хүмүүжүүлэх багш нар хүүхдийг эцэг эхчүүдэд нь хүлээлгэж өгөхгүйгээр ганцааранг нь явуулж байгаа учраас зам тээврийн осолд орж байна. "Гараас гарт" гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байна. Иймээс энэ асуудал дээр хаана хаанаа анхаарах хэрэгтэй.

СУРГУУЛИЙН ОРЧИНД ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ ТАВЬСАН

-Сургуулийн орчинд эцэг эхчүүд эргүүл хийж байгаа. Энэ эргүүл хэр дүр дүнтэй байна вэ?

-”School police” эргүүлийг эцэг эхчүүд тогтмол хийж байгаа. Мөн энэ онд хүүхэд хамгааллын хөтөлбөрийг давхар явуулж байна. Ингэснээр хүүхэд хамгаалах хоёр дахин нэмэгдсэн. ”School police” эргүүл эцэг эхчүүд хайхрамжгүй хандсанаас болж хүүхэд бэртдэг. Одоо эцэг эхчүүд өөрсдөө гарахаа больчихсон. Ажлын туслах, эсвэл жолоочоо гаргадаг. Энэ зөрчлийг хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээгээр илрүүлсэн. Жолооч нар сургууль болон хорооллын орчинд хурд хэтрүүлж, анхаарал боломжгүй явж байна. Үүнээс болж бага насны хүүхэд осолд өртөж байна. Сургуулийн орчны тэмдэг, тэмдэглэгээг сайжруулсан.

-Зам тээврийн осолд ихэвчлэн хэдэн настай хүүхэд өртөж байна вэ?

-Таван жилийн судалгаа хийхэд 8-14 насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж байна. Иймээс энэ насны хүүхдүүдэд түлхүү анхаарах хэрэгтэй. Эхний есөн сарын байдлаар 517 хүүхэд зам тээврийн осолд орсон хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 52 хүүхэд амь насаа алдсан. Амь насаа алдсан байдлыг харахаар орон нутгийн замд 42, нийслэл хотод арван хүүхэд зам тээврийн осолд орсон байгаа.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол хэр гарч байна. Буурч байна уу?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчил буурахгүй байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 20289 согтуу жолоочийг илрүүлсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулахад өсөлттэй байгаа. Ерөнхийдөө өдөрт 50-70 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна. Энэ тоог зургаан дүүрэгт хуваагаад үзэхээр нэг дүүрэгт 10 гаруй жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарт ямар хариуцлага хүлээлгэж байна бэ?

-Зөрчлийн хуулиар жолоодох эрхийг нь нэг жилээр хасч, 400 мянган төгрөгөөр торгож байгаа. Ийм арга хэмжээ авч байгаа ч гэсэн ахиад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарч байна.

НАЛАЙХЫН ЗАМ ДЭЭР ХЯНАЛТ МАШ ӨНДӨР БАЙГАА

-Орон нутгийн замд осол гэмтэл нэлээд гардаг. Тэр дундаа Дарханы замд осол их гардаг?

-Энэ жилийн хувьд Дархан болон Налайхын замд зам тээврийн осол бага байгаа. Үйлдэгдэж байгаа ослын шалтгаан нөхцлийг аваад үзэхэд хурд тохируулаагүй байдлаас болж гарч байна. Одоо Налайхын зам ашиглалтад орчихсон байгаа. Энэ зам хурдны зам биш гэдгийг нээгдэхээс нь өмнө хэлж байсан. Гэтэл хурд хэтрүүлэх зөрчил нэлээд гарсан. Хурд хэтрүүлсэн зөрчлийг таслан зогсоосон. Одоо Налайхын зам дээр таван хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа бол найман цэгт хяналтын камер ажиллаж байгаа. Иймээс Налайхын зам дээр хурд хэтрүүлнэ гэсэн ойлголттой хүмүүс болих хэрэгтэй. Хурд хэтрүүлсэн тохиолдолд торгууль арга хэмжээ авч байгаа. Мөн эрхийг нь хасах арга хэмжээ авна. Одоо Налайхын зам дээр хяналт маш өндөр байгаа. Энэ шалгалт цаашид үргэлжлээд явагдана.

-Налайхын зам дээр хэдэн км хурдтай явах ёстой вэ. Орон нутгийн замд орох уу . Эсвэл суурин хотын замд орох уу?

- Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байж хурд хэтрүүлснээс болж осол гэмтэл гарч байна. Налайхын зам дээр иргэд буруу ойлголттой байдаг. Учир нь Улаанбаатар хотоос гарч байгаа учраас орон нутгийн зам гэж ойлгоод байдаг. Энэ зам суурингаас суурин руу шилжсэн зам учраас замын хөдөлгөөний дүрэм дээр 60 км цагийн хурдыг сонгож явна гэдэг заалтыг баримталж явах хэрэгтэй. Гэтэл манай иргэд орон нутгийн зам дээр явж байна гээд 80 км цагийн хурдтай явдаг. Иймээс нийт жолооч нар Налайхын зам дээр 60 км цагийн хурдтай явна гэдгийг байнга санах хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.161] 2019-11-12 05:25:18

Бараг 7 хоногт нэг хүүхэд цаг бусаар хариуцлагагүй томчуудын буруугаас эрсдэх юм. Хайран сайхан хүүхдүүд хойч үe минь.

Зочин [66.181.184.44] 2019-11-10 07:35:37

School police etseg eh n zogsdoggyi n unen baihaa. Aav eej humuus huuhdee ingej durtai gazraaraa durtai uedee guigeed gar gej surgahgyu baih. Ug n nogoon gerleer gartsaar gargaj surgah estoi yum shig sanagdaad baigaan. Hairan huuhduud. Boliulmaar yumdaa.

Зочин [172.58.139.143] 2019-11-10 06:02:13

Zamiin tsagdaa hemeeh shalhaisan guzeenuud ajilaa hiigeech

Erinhii saidaa erunhiilgchuu [203.91.115.54] 2019-11-09 13:18:16

Ta 2 mongold yagaad iim goyo shuluuhan urgun zam deeree mashin bariad yavj chadadgui humuus jolooch bolj hudulguund oroltsood bgaag sudalj zasaj saijruulj ene olon hunii ami nasiig hamgaalj boldoggui yumuu? Ug ni manaih yopon solongos shig evgui toirog ogtsom ergelt nariihan zam uzeed ugie gesen ch bhgui shde

Зочин [43.242.242.59] 2019-11-09 12:23:03

замын цагдаа муу ажилладаг нь үнэн, зохицуулагч нар нь сайн ажиллааад конторт суудаг хэд нь авлигачид

Зочин [202.179.31.26] 2019-11-09 08:42:07

Жоохон ярианы чадцаргүй хүн юм. оновчгүй хариулт их өгсөн байна.

Зочин [202.179.31.26] 2019-11-09 08:40:35

Хайран хүүхдүүд.

хх [202.55.191.205] 2019-11-09 06:14:10

хайран ч үр хүүхдүүд минь

Зочин [103.57.94.136] 2019-11-09 05:55:33

Буруу жолоотой машинаас болж үр хүүхдүүд үрэгдэж байна

Зочин [66.181.161.49] 2019-11-09 05:14:10

Харин ч сайн ажиллаж байгаа. Хүмүүс дандаа бусдаас алдаа хайж байх юм даа. Өөрийгөө бусдын оронд тавьж үзвэл ойлгоно шүү

turuu [66.181.178.194] 2019-11-09 05:11:30

sain bna

Зочин [182.160.38.135] 2019-11-09 02:51:36

Замын цагдаагийн газар маш муу ажиллаж байна

Зочин [202.179.31.26] 2019-11-09 08:40:50

Тийм гэж боддог.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.