Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 70 гаруй мянган өрх байгаа боловч санхүүжилт хаанаа ч хүрэхгүй нь ээ

Ц.Анударь / Нийслэл

2020 онд ипотекийн зээлийн санхүүжилтад зориулж 60 тэрбум төгрөг олгоно

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд оны эхний есөн сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтыг 4447 иргэнд олгоод байгааг Монголбанкнаас мэдэгдсэн. Ипотекийн зээлд зориулж 2018 онд улсын төсвөөс 120 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол, 2019 онд 115 тэрбум төгрөгийн санхүүжилтыг улсын төсөвт тусгасанбайдаг. 2019 оны эхний есөн сарын байдлаар Засгийн газрын эх үүсвэрээс 83 тэрбум төгрөгийн санхүүжилтыг ипотекийн зээлд зориулан олгоод байгаа. Тэгвэл ипотекийн зээлийн санхүүжилтын эх үүсвэрт зориулж 2020 онд 60 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор төсөлд тусгасан байна.

Харин ирэх оны төсөв буурсан шалтгааныг “Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулна.Түүнчлэн ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулахтай холбоотой гарах зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, одоогийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн схемийг боловсронгуй болгоно" хэмээн Сангийн яамнаас тайлбарласан юм.

Иргэдийн зүгээс орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй. Түүнчлэн эрэлт, зах зээлд нийлүүлэгдэх бүрэн боломжтой илүүдэл орон сууцууд байсаар байхад санхүүжилтыг ийнхүү бууруулсан нь анхаарал татаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын зарим гишүүнээс тодрууллаа.

image

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: “Монгол Улсын төсвийн хувьд ипотекийн зээлээс илүү цэцэрлэгийн хангамж, эмнэлгийн хүртээмж, чанар үйлчилгээг сайжруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлж рүү шилжүүлэх зэрэг олон тулгамдсан асуудал байна. Ипотекийн зээлийг түр хугацаагаар хойш нь тавих саналыг Сангийн яамнаас оруулж ирсэн ч ихэнх гишүүд ипотекийн зээлийн хөтөлбөрт тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө тавих нь зүйтэй гэдэг саналыг өгсөн. Тэгэхээр би санхүүжилт эцсийн байдлаар хасагдаагүй, харин тодорхой хэмжээний хөрөнгө нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Ипотекийг зөвхөн Улаанбаатар хотод олгох биш хөдөө орон нутагт олгох хэрэгтэй. Үнэхээр эрэлт хэрэгцээтэй байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотын нягтаршил их байгаа. Хөдөө орон нутагт мэргэжлээрээ ажиллах залуучуудад ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь олгох юм бол орон нутагтаа ажлын байраар хангагдаад, амьдрал ахуйгаа шийдээд явах боломж, бололцоо байна. Төсөв багасна гэдэг нь ипотекийн зээлд хамрагдах хүмүүсийн тоо буурна гэсэн шууд агуулгатай. Тийм учраас бололцоо байвал тав, арван төгрөгөөр ч болтугай нэмэгдүүлэх тал дээр саналаа өгнө” гэв.

image

Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан:Улсын төсвийн санхүүжүүлэх хэмжээг 120 тэрбум төгрөгөөс 60 тэрбум төгрөг болгон бууруулсан. Гэхдээ Их хурлын ажлын хэсэг энэ асуудлыг ярьж байна. Манай орны хувьд “Ирээдүйн өв сан” гэж сан байдаг. Тэнд нилээн их мөнгө хуримтлагдсан байдаг. Одоогоор тэр сангаас эргэн төлөлтөөр ашиглая гэсэн байдлаар яригдаад явж байна. Ипотекийн зээлийн хэмжээ ирэх онд буурахгүй. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлт олон байгаа. Хүсэлтийг өнөөдөр хангах боломжгүй байна. Ачааллаа үнэхээр дийлэхгүй байна” гэсэн юм.

Уг хөтөлбөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Засгийн газарт бүрэн шилжинэ

“Монголбанк”-ны зүгээс “УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар тогтоолоор банкинд олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1 хувь хүртэл бууруулж, банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрийн санхүүжилтэд татан оролцуулах чиглэлийг “Монголбанк”, Засгийн газарт өгсөн. Үүний дагуу Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 369 дүгээр тогтоолоор “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам” батлагдаж, Засгийн газрын эх үүсвэрийг “Монголбанк” дамжуулан зээлдүүлэх “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн гэрээ”-г 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Түүнчлэн “Монголбанк”-ны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 285/А-334 дүгээр тушаалаар “Монголбанк”-ийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтын тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр”-өөс гаргах төлөвлөгөө батлагдсанаар “Монголбанк”-ны хөтөлбөр санхүүжүүлэх ажиллагаа 2019 оны эцсээр тасалбар болж буй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Засгийн газарт бүрэн шилжих болно” гэж мэдэгджээ.

Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 70 гаруй мянган өрх байна

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 93.4 мянган иргэн уг хөтөлбөрт хамрагдаж, өөрийн эзэмшлийн орон сууцтай болоод байна. Үүний цаана ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 71.798 өрх байгаа гэсэн судалгаа байдаг.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар 41.4 тэрбум төгрөгийг сайжруулсан шахмал түлшийг иргэдэд түгээх, борлуулах ажлыг зохион байгуулах болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх бусад арга хэмжээнд зарцуулах аж.

Гэвч энэ мөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулж, иргэдээ дэмжвэл утаагаа илүү бодитой бууруулах боломжтой аж.


Сэтгэгдэл

yamar ch hun [106.129.122.215] 2019-11-12 17:03:59

BAIRAND amidariya gej buh humuus husch bna sh dee... yu gej zaaval nuurs esvel shahmal tulsh tuleed baiya gehev dee... gazar.r bair.g solih htei...iluu dutuu nemelt telber teluuleh bish...

иргэн [202.131.245.34] 2019-11-12 15:16:06

Гэр хороололд амьдарч байгаад орон сууцанд орохоороо хөдөө хээр яваа мал шиг аашилдаш нөхдүүдийг урьдчилан соён гэгээрүүлэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол байранд амьдардаг оркуудын тоо л нэмэгдээд байна.

kug.bk [103.80.211.104] 2019-11-12 13:33:45

80 квадратаа нэмээчээ

иргэн [202.131.244.210] 2019-11-12 12:09:14

зүгээр л урьдчилгаагүй, урт хугацаанд төлбөрөө хүүгийн дарамтгүй төлөөд байр авах арга замыг барилгын компаниудтай яриад гаргаж өг та нартай та наргүй авчихаж чадна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.