“Монголын анагаах давс” компанийн захирал Б.Уянга: Зам талбайн цас, мөс цэвэрлэх давс зарж байна

Н.Саранчимэг / Нийслэл

Нийслэл хот маань өвлийн гоёлоо хэдийнэ өмсч, цасанд дарагдан зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Энэ үед албан газруудын хүсэлтээр зам цэвэрлэх давс түгээж яваа нэгэн бүсгүйтэй уулзсан юм. Энэ бол “Монголын анагаах давс” компанийн захирал Б.Уянга. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Гудамж талбайн цасыг цэвэрлэх гэдэг том ажил. Үүнд гар бие оролцъё гэж хэдийнээс шийдсэн бэ?

- Манайх албан газруудад зам талбай цэвэрлэх давс нийлүүлдэг. Зургаан жилийн өмнөөс эхэлсэн ажил л даа. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан сурталчилж байгаагүй ч тодорхой албан газрууд манайхаас давс авдаг болоод удсан. Манайх нэг кг давсаа 500 төгрөгөөр нийлүүлдэг. Тухайн албан байгууллага ойр орчимдоо манайхаас авсан давсаа цацаад, халтиргаа гулгаа нь багасаад ирэхээр дараачийн удаа аяндаа манайд ханддаг юм. Гэхдээ энэ маань байнгын орлоготой, өдөр тутмын бизнес биш шүү дээ. Цас орохоор л хэрэг болдог улирлын чанартай бизнес.

- Давсаа хаанаас авч нийлүүлдэг вэ?

-Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт давстай нуур маш олон бий. Гэхдээ тэр нуураас давсаа шүүж гаргаж авах нь хамгийн хүнд ажил байдаг. Чухам ийм ажлыг зориглон хийдэг орон нутгийн залуус бидэнд давс нийлүүлдэг. Нутгийн иргэдийн бэлтгэсэн давсыг бид их хэмжээгээр бөөндөж аваад гадуур тараадаг. Одоо бидэнтэй Орон сууцны конторууд, СӨХ-ууд хамтарч ажиллаж байгаа. Бусад газартай ч бид хамтран ажиллахад бэлэн байна. Ямар ч байсан албан газруудыг ойр орчмынхоо талбайг цэвэрлэх давсаар хангахад бид бэлэн. Үүнээс гадна нийслэлийн зам талбайн цэвэрлэгээнд хэрэглэх давсыг нийлүүлэх хүсэл их байна. Өчигдрийн мэдээгээр “Нийслэлийн хэмжээнд дахиад 1000 тн давс хэрэгтэй байна. Бид кг-ыг нь 300 төгрөгөөр авахад бэлэн” гээд ярьж байна лээ. Уг нь хөдөө орон нутагт ийм давс зөндөө байгаа. Манай монголчууд өөрт байгаа юмаа хэрэглэж чаддаггүй нь харамсалтай. Тэгсэн мөртлөө гадаадын юм гээд сүйд болоод байдаг нь сонин.

image

-Энэ бизнестээ эргэлт буцалтгүй орсон уу? Давсны нөөц чинь хэр их байгаа юм бэ?

-Үйлдвэрлэх хүсэл их л байна. Даанч бидэнд ажлын байрнаас эхлээд тонн тонноор нь олборлоод гаргаад ирэх тэр техник тоног төхөөрөмж нь алга. Зөвхөн гар аргаар л давсаа шүүж авдаг нутгийн хүмүүсээс бүтээгдэхүүнээ бөөндөж авдаг. Жирийн ажилчин гаралтай аав, ээжийн хүүхдүүд юу юу ч үгүй байсан хүмүүс анх энэ бизнест орсон. Өөрөөр хэлбэл, нөхөр бид хоёр анх зургаан жилийн өмнө бүх зүйлийг нойлоос эхэлж байлаа. Өвлөх өв хөрөнгө байсан бол том үйлдвэр байгуулаад явах хүсэл байлгүй яахав. Хамгийн гол нь хүнд овойж оцойтлоо мөнгө олох биш, хийж байгаа ажилдаа сэтгэл ханамжтай байж, бүтээгдэхүүн маань бусдад хүрч, авсан хүний сэтгэл ханамж 100 хувьд хүрч байхад л өнөөдөр би жаргалтай болдог. Түүнээс биш, зовлон яривал зөндөө байна. Ганцхан жишээ хэлэхэд, бизнесээ өргөжүүлэх гээд л 100 сая төгрөгийн зээл авъя гэхэд 60 саяын барьцаа хөрөнгө нэхдэг. Гэтэл тэр хөрөнгө нь надад алга. Байгаа нэгэнд нь байгаа л байх.

-Өвлийн цагт албан байгууллага бүр ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэх журамтай. Энэ журмыг биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ танай компанид хандаж, зам цэвэрлэх давс авахыг хүсвэл хүргэлт бий юү?

- Манайх хүсэлтийг хүлээж аваад шууд хүргэж өгч байгаа. 100, 200 кг нь хамаагүй захиалсан хэмжээгээр нь нийслэл дотор хүргэлт хийж байна. Би гэхэд хэдийгээр компанийн захирал ч гэсэн гэр бүлийнхээ хүний хамт нэг ажилчинтайгаа өөрөө давсаа зөөгөөд л гүйж явна шүү дээ. Гэхдээ үнэ нь кг нь 500 төгрөг гэдгийг дахиад хэлчихье. Хэрвээ өөр газарт хандах юм бол хүргэлтийн үнэ гээд нэмэгдэх ч юм бил үү. Одоогоор манайх 500 төгрөгийн үнэтэйгээр 50 кг-ын шуудайтай давсыг 25000 төгрөгөөр зарж байна.

-Зөвхөн зам талбай цэвэрлэх давс төдийгүй давсны бизнесээр дагнаж, эмчилгээний төрлийн бүтээгдэхүүнүүд гаргасан гэсэн. Энэ талаараа сонирхуулбал?

-Зам талбайд асгаж байгаа давс бол нуурын давс байдаг. Харин хүнсэнд жамц давсыг үйлдвэрлэж гаргадаг “Монголын анагаах давс” компани чинь манайх шүү дээ. Гадуур захууд дээр манай компанийн жамц давс “Шидэт давс” нэртэйгээр зарагдаж байгаа. Энэ давсыг зарж эхлээд олсон ашгаараа бид “Хүслэн” брэндийг бий болгож, оюуны өмчийн патент авсан. Ингээд дэлхийн стандартад нийцсэн эмчилгээний зориулалттай ванны давс үйлдвэрлэж байгаа. Энэ бол цэвэр органик бүтээгдэхүүн, ямар ч химийн бодис ороогүй. Харин чацаргана, хонины сүүл, адууны тос л орсон. Үүнээс гадна манайх цэвэр тос, саван үйлдвэрлэж байгаа. Тэгэхдээ их хэмжээгээр гаргахгүй байгаа. Жилийн өмнө анх үйлдвэрлээд эхлэхэд бусад нь дуурайгаад л үйлдвэрлээд эхэлсэн л дээ. Тэгмэгц нь оюуны өмчийн газраас албан ёсны патентаа автал түр зогсоогоод гүйлгээнд гаргаагүй. Харин манайх саяхан тэр патентаа албан ёсоор авсан.

-Танай бизнесийг дүүргээс нэлээд дэмждэг гэсэн үү?

-Нийслэлийн СХД-ийн Засаг Дарга Ж.Сандагсүрэн, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх төвийн захирал н.Одгэрэл, менежер н.Болормаа гээд энэ хамт олон жижиг дундынхан биднийг их дэмждэгт талархаж явдаг. Ганцхан намайг ч биш, биднийг дэмжиж энд тэнд болдог үзэсгэлэн худалдаанд оролцуулдаг. “Та нар чадна шүү, хийж бүтээнэ шүү” гэж урам өгдөгт нь баярлаж явдаг. Хүн чинь сэтгэлийн амьтан болохоор урмын үгэнд их баярлаж, шантрахгүйгээр урагшлахыг хичээдэг. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид чинь мөнгө муутай, жижиг бизнестэй л хүмүүс шүү дээ. Гэхдээ бид дэлхийн тавцанд гарна л гэж зүтгэж байна. Органик давс, тос, савангаараа дэлхийд танигдана л гэж бодож байгаа. Тухайлбал, жамц давс байна. Жамц гэдэг чинь төвөдөөс орчуулахад “далай” гэсэн утгатай үг юм билээ. Дэлхийд ховор энэ бүтээгдэхүүн манай Монголд байна. Үүнийгээ түүхийгээр нь гадагш нь гаргах хэрэггүй. Намайг жамц давсны бизнес эрхэлдэг болохоор тэгсэн юм болов уу, дэлхий дахинд 16 мянган сүлжээ дэлгүүртэй гэх нэг гадаад хүн надтай уулзаад “Дэлхийд ховор болохоор сонирхож байгаа юм аа. Танайх энэ жамц давсыг долоо хоногт хоёр чингэлгийг гаргаж чадах уу. Цаашдаа хэмжээ нь нэмэгдэнэ” гэж асууж байна лээ. Би чадахгүй гэсэн. Бас манай монголчууд жамц давсаа гаргахгүй байх гэсэн. Үнэхээр энэ ховор чухал зүйлээ монголчууд өөрсдөө л хэрэглэх хэрэгтэй шүү дээ.

-Нийслэлийн зам арчилгаанд дахиад 1000 тонн давс хэрэгцээтэй байгаа. Харин кг-ыг нь 300 төгрөгөөр авах боломжтой гэж мэдээлсэн тухай та ярилаа. Тэгвэл компанидаа байгаа нөөцөөсөө тийш нь 300 төгрөгөөр өгч болдоггүй юм уу. Тийм боломж байна уу?

-Манайх хэдийгээр кг-ыг нь 500 төгрөгөөр борлуулдаг ч 300 төгрөгөөр өгөх боломж байгаа. Яагаад гэхээр тэднийх их хэмжээгээр авна шүү дээ. Хэдэн зуун кг-аар бус тонноор авсан тохиолдолд ийм боломж бий. Гэхдээ би хажуугаар нь албан газруудад давсаа зарна. Учир нь, халтиргаа гулгаа үүссэн ийм үед үүдэн дээр шуудайгаар нь давс авчраад “Төдөн шуудай давс байна. Аваарай” гээд явж байгаа хүн ховор л байгаа байх. Энэ чинь нөгөө талаасаа хүмүүсийн төлөө хийж байгаа алхам шүү дээ. Цас мөс үүсч, халтиргаа гулгаа бий болсон энэ цагт албан байгууллага бүр манайтай холбогдож, монгол нуурын давсаа авч хэрэглэн иргэдийн аюулгүй байдалд анхаараасай гэж хүсэх байна.