М.Энхбадрал: Засгийн газрын 11-11 төвд хандсан иргэдийн гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

“Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадралтай ярилцлаа.

-Танайх Засгийн газрын 11-11 төвд ирсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын 11-11 төвд 2018-2019 оны хооронд ирсэн санал мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байгаа. Жилийн хугацаанд 11-11 төвд нээлттэй байгаа 8864 санал дээр дүн шинжилгээ хийхэд нийт гомдол саналын 54 орчим хувь нь нийслэлд харьяалагдсан байна. Харин аймаг орон нутагтай холбоотой цөөхөн санал гомдол ирсэн байсан. Орон нутгийн иргэд гомдол саналаа 11-11 төвд мэдээлж шийдвэрлүүлж болно гэдгийг ерөнхийдөө мэдэхгүй байна.

image

-Нийслэлийн иргэдийн гомдол мэдээлэл нэлээд их байна гэж байна. Ямар төрлийн гомдол мэдээлэл байна бэ?

-Засгийн газрын 11-11 төвд арав гаруй сувгаар иргэдээс гомдол мэдээллийг нь авч байна. Эдгээр дотроос голлох гурван сувгаар авдаг. Тухайлбал, дуудлага дангаараа 83 хувь, вэйб сайтаар 12 хувь, биечлэн ирж байгаа гомдол мэдээлэл дөрвөн хувийг эзэлж байна. Тус төвд ирж байгаа гомдол мэдээллийг мэдүүлгийн төрлөөр аваад үзэхийн бол гомдол 45 хувь, санал хүсэлт 43 хувь, талархал есөн хувь, шүүмжлэл 2,9 хувийг эзэлж байна. Бидний судалгаагаар албан тушаалтантай уулзах, хяналт шалгалт хийх, үйлчилгээний салбарыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгуулах гэх мэт асуудлууд нэлээд байна. Эдгээрээс хяналт шалгалт хийх чиглэлийн санал гомдол хамгийн өндөр байгаа. Энэ нь тухайн байгууллагыг шалгаад өгөөч гэхээсээ илүүтэй хүнсний аюулгүй байдал, цахилгааны үнэ тарифыг шалгаж шийдэж өгөөч гэсэн гомдлууд байдаг. Нийслэлийн иргэдийн санал хүсэлтийн ихэнх хувь нь Баянгол, Сонгинохайрхан дүүрэг, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт хандсан байна. Нийслэлийн хэмжээнд хандсан гомдол мэдээлэл хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэж байгаа. Гэхдээ нийслэл дотроо гомдол мэдээллийг хамгийн удаан шийдвэрлэгдэж байгаа нь Газрын алба байна. Харин гомдол мэдээллийг хамгийн хурдан шийдвэрлэж байгаа нь Нийгмийн даатгал болон Хөдөлмөр халамжийн байгууллагууд байгаа.

Нийт өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байдлаар нь аваад үзэхээр 8864 саналын 1770 саналыг хуулийн хугацаанд буюу нэг сарын дотор шийдвэрлэж өгөөгүй. Хуулиараа нэг сарын дотор өргөдөл гомдлыг шийдвэрлэх ёстой. Шаардлагатай үед дээд албан тушаалтан нэг сараар сунгах ёстой. Гэхдээ энэ тохиолдолд иргэдэд мэдэгдэх ёстой. Иргэдэд мэдэгдэхгүйгээр хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөхгүй байгаа тохиолдол их байгаа. Тухайлбал, хангалттай шийдвэрлэсэн 26,8 хувь, шийдвэрлээгүй холбогдох тайлбар тавьсан 51,5 хувь, огт хариу өгөлгүй хаасан 18.8 хувь байгаа. Үүнээс үзэхэд хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.

Гомдол мэдээлэл өгч байгаа иргэний хувийн мэдээллийг нууцлах ёстой

-Огт хариу өгөлгүй хаасан 18 хувь нь ямар санал гомдол байна вэ?

-Иргэд өргөдөл гомдлоо гаргахдаа хувийн мэдээллээ маш сайн өгөх хэрэгтэй. Хувийн мэдээлэл дутуу байгаа тохиолдолд ирсэн санал гомдлыг шууд цуцлах тохиолдол цөөнгүй байдаг. Мөн манай байгууллагын шийдвэрлэх асуудал биш гэж хаадаг. Өргөдөл гомдлоо шийдвэрлэж болохгүй гэвэл шийдвэрлэх ёстой байгууллага руу өгөх ёстой. Бүр болохгүй бол буцаагаад 11-11 төвд өгөх хэрэгтэй. Өргөдөл гомдлыг шийдвэрлэж байгаа бол хуулиа ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдлоос болоод маш олон санал гомдол шийдвэрлэгдэхгүй цуцлагдаж байна. Би өөрөө 11-11 төвд хандаж үзсэн. Гэтэл надад 15 хоногийн дараа хариу ирсэн. Өдөртөө өгчих боломжтой саналыг 15 хоногийн хугацаанд өгч байна.

-Хуулийн хугацаанд ямар гомдлыг шийдвэрлэж байна вэ?

-Хамгийн удаан шийдвэрлэж байгаа нь албан тушаалтантай уулзах саналыг 40 хоногийн хугацаанд шийдвэрлэж байна. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэлд 29 хоногт , төрийн бодлого шийдвэртэй холбоотой гомдол мэдээллийг 27 хоног, хяналт шалгалттай холбоотой асуудлыг 25 хоногт шийдвэрлэж байна. Харин хамгийн богино хугацаанд шийдвэрлэж байгаа нь талархал юм.

-11-11 төвд иргэд мэдээлэл өгөхөөр хэд хоногийн дотор холбогдох байгууллага руу шилжүүлдэг бол?

-Засгийн газрын 11-11 төвд ирсэн гомдол мэдээллийг өдөрт нь харьяа байгууллага руу хуваарилж явуулдаг. Харин хүлээж авсан байгууллагын шийдвэрлэх хугацаа нь асар удаан байна. Мөн 11-11 төвийг өөрчилж, гомдол мэдээлэл өгч байгаа иргэний хувийн мэдээллийг нууцлах хэрэгтэй. Өргөдөл гомдол гаргасан иргэний хувийн мэдээллийг нууцлахгүй байгаа нь маш буруу. Ийм болохоор иргэдээс авлигатай холбоотой гомдол маш бага ирж байна.

Засгийн газрын 11-11 төвд авлигатай холбоотой таван гомдол ирсэн байгаа. Иргэдийн хувийн мэдээллийг нууцлахгүй байгаа учраас иргэд авлигатай холбоотой гомдол өгөхгүй байна. 11-11 төв анх нээгдэж байхад долоо хоногт 1000 гаруй гомдол мэдээлэл ирж байсан үе бий. Одоо иргэд санал харьцангуй бага өгч байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:11:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:11:57

Zochin [150.129.140.187] 2019-11-28 11:02:45

Oron suutsnii door hool hiij deerhi ailaa hinshuunii utaagaar horduulaad bnaa gsn gomdliin hariug acah geed 2 jil bolj bna daa. Milaya gh neg wrh buhii gazar bh shig bgaan

11-11 [103.229.120.79] 2019-11-28 05:52:31

эрдэнэтийн говил багаас ар булагын амралт руу төмөр зам тавьж өгөөч

Зочин [103.229.120.79] 2019-11-28 05:38:11

141111

зочин [202.126.89.218] 2019-11-28 01:33:19

Малчдаар татвар, НДШ төлүүлэх хэрэгтэй. Тэгээгүйгээс болж малчид гэдэг эрх дархтай хүмүүс зүгээр тэтгэвэр авч НД-ын сан хоослоод байна. Энэ талаар засгийн гараас ямар нэгэн арга хэмжээ авч өгөхийг хүсч байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.