“Үндсэн хуулийн эхийг баригч-Б.Чимид” эрдэм шинжилгээний хурал боллоо

Л.Батцэнгэл / Хууль

-Түүнийг олон хуульчид “Монголын хууль зүйн домог”, “Үндсэн хуулийн загалмайлсан эцэг” гэж илтгэлдээ дурдав-

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, “Үндсэн хууль”-ийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн 85 насны ойн хүрээнд “Үндсэн хуулийн эхийг баригч-Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны “Их танхим”-д өнөөдөр өглөө 09.00 цагаас эхэллээ. Эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, “Чимид сан”, Монгол Улсын их сургууль, Монголын Хуульчдын холбоо, “Ханнс-Зайделийн сан” зэрэг байгууллагууд зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлт мэндчилгээг уншиж сонсголоо.

Энэ хуралд Монгол, Америк, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон зэрэг улсын эрдэмтэн, судлаачид оролцож олон сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Түүнээс Б.Чимидийн гарын шавь академич, хууль зүйн ухааны доктор С.Нарангэрэлийн “Монголын хууль зүйн домог-Б.Чимид багш”, академич Ж.Амарсанаагийн “Үндсэн хуулийг тайлбарлагч”, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейнигийн “1992 оны Үндсэн хууль ба олон улсын дэмжлэг”, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн “Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар”, МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш, хуульзүйн доктор Д.Гангабаатарын “Үндсэн хуулийн таних шинж” зэрэг 17 илтгэл тавигдаж, эрдэмтэн мэргэд үгээ хэлцгээлээ.

“Чимид” сангийн тэргүүн Ч.Батцогт “Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг түүний үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготойгоор үр хүүхдүүд бидний санаачилгаар, анд нөхөд, эрдэмтэн шавь нарын дэмжлэгтэйгээр 2013 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Ардчилсан нийгмийн байгууллын үнэт зүйл болох Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн байгууллага, улс төрчид, хууль тогтоогчдод, залуу үеийнхэнд хэвшүүлэх, олон нийтийн энэ чиглэлээр соён гэгээрүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор 2010 онд “Чимид” санг байгуулсан” гээд Б.Чимидтэй хамтран ажиллаж байсан эрдэмтэн судлаач, анд нөхөд, шавь нарт нь талархал илэрхийлэв.

image

УИХ-ын гишүүн, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан "Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар" сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцууллаа.

УИХ 1992 оны Ардчилсан Үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог болсон юм. Энэ хүндтэй шагналыг

-Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлээр,

-Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ишийн Дашням “Монгол Улсын төр эрх зүйн түүх” бүтээлээр,

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайхан “Эрх зүйн онол” бүтээлээр,

-Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээр,

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгэ "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлээр тус тус хүртэж байсан юм.

Их хуульчийн тухай болон хэлсэн үгсийн товчис

Ач хариад овгийн Бяраагийн Чимид Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1934 онд төрж, 2013 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо таалал төгссөн юм. Тэрээр Монгол Улсын 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, улмаар хэлэлцүүлж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсад иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, төрт ёсыг тогтоон бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэхэд өнөр их хувь нэмэр оруулсан, Монголын төрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход хичээнгүйлэн зүтгэсэн улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн төдийгүй хууль зүйн дээд боловсрол, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан Монголын шилдэг хуульч, багш, эрдэмтэн хүн байсан билээ.

Үндсэн хуулийн загалмайлсан эцэг гэж зүй ёсоор үнэлэгддэг Б.Чимид БНМАУ-ын Шүүх яамны сайд, БНМАУ-ын Дээд шүүхийн дарга, Улсын Ерөнхий арбитрч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Төрийн байгуулалтын хэлтсийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Бага Хурлын (гишүүн) нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төрийн алба хашиж байсан байдаг.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор цол хүртсэн эл эрхэм МУИС-д 1962-1966 онд суралцаж хуульч мэргэжлээр дүүргэжээ. Анх “БНМАУ-ын захиргааны эрх зүйн асуудал” сэдвээр хууль зүйн ухааны дэд докторын зэргийг 1975 онд хамгаалсан байна. Түүний баялаг намтрын хуудсыг сөхвөөс төрөлх нутагтаа малчин, бичиг үсгийн бүлгэмийн багш, 1953-1956 онд ардын цэрэгт байлдагч, салааны туслах, 1956 оноос төрөлх сумандаа багийн дарга, Хөвсгөл аймгийн Намын хороонд зааварлагч, 1966 оноос МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1978 оноос Шүүх яамны сайд, 1982 оноос Улсын дээд шүүхийн дарга, 1984 оноос Улсын дээд шүүхийн дарга бөгөөд улсын ерөнхий арбитрч, 1986 оноос АИХ-ын Тэргүүлэгчдийн төрийн байгуулалтын хэлтсийн дарга, УБХ-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУИС-ийн хууль зүйн дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн багш зэрэг алба ажлыг хашиж иржээ.

Б.Чимид “Монгол Улсын захиргааны эрх зүй”, “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал”, “Багийн өнгөрсөн, одоо, ирээдүй”, “Шүүхийн тогтолцооны үүсэл хөгжил” зэрэг нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуульч боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж парламентад хамгаалж хэлэлцүүлж батлуулсан, эрх зүйн шинэтгэл, хүний эрхийн салбарт гол гол төслүүд боловсруулалцсан, УИХ-ын суурийг тавилцсан шилдэг хуульч ажээ.

Үндсэн хуулийн “загалмайлсан эцэг” Б.Чимидийн хэлц үгүүдийг “Чимид сан” болон түүний үр хүүхдүүд хэвлүүлсэн байдаг. Түүний хэлцүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Үндсэн хуулийн тухай

Үндсэн хууль бол “алганд багтсан” Монгол Улс юм.

***

Үндсэн хууль нь Монголын ардчилсан нийгмийн оршин хөгжих суурь, араг ясыг зангидсан, бэхжүүлсэн, ардчилсан төрийн гол хууль юм.

***

Үндсэн хууль гэдэг гудамжны хөдөлгөөн зохицуулдаг дүрэм биш, улсын үндсийг бататгасан тулгуур хууль юм шүү.

***

Хууль дээдэлдэг юм бол түүний чинь дээд талд Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс гэж байдаг. Шүтэх гэдэг нь мухар сүсэг биш.

***

Үндсэн хууль бол гүн гүнзгий агуулгатай, түүнийг зөвхөн нарийн мэргэжлийн үндсэн дээр л оновчтой тайлж чадна.

***

Үндсэн хууль таны төлөө, иргэн бидний төлөө засаг төрийн байгууллагын дур зоргын эсрэг сөрөн зогсдог гол хууль юм. Иймд түүнээс хөндий байж болохгүй.

***

Овроор бяцхан боловч агуулгаар баян энэ хууль та бүхний өврийн ном, тархины бичлэг, амны уншлага, зүрхний тань хэмнэл байх болтугай.

***

Үндсэн хуулийн цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө юм.

Төрийн түшээ, мэргэжил нэгт нөхөддөө хандсан үгс

Засаг төрийн эх булаг нь Монголын ард түмний хүсэл зориг юм.

***

Тогтвортой хуульгүй бол тогтворжсон нийгэм төлөвшихгүй.

***

Тогтвортой амьдралын үндэс бол хууль.

***

Зөв хууль гаргадаг Улсын Их Хурал, сайн гүйцэтгэдэг Засгийн газар, шударгаар хамгаалдаг шүүх байж сая хууль биелнэ.

***

Хуулийг “доодсыг” энэрэн хамгаалах, “дээдсийг” эрхэмлэн хязгаарлахын тулд гаргадаг.

***

Төрийг хууль гацаадаггүй, харин хуулийг хүн гацаадаг.

***

Хуульд үг нь байтугай таслал нь утгатай байдаг юм.

***

Өөрчлөгдөшгүй хууль гаргах ганцхан л зам бий. Энэ бол тунхагийн шинжтэй хууль гаргах.

***

Мэдлэггүйгээр, нэгдсэн ойлголтгүйгээр хуулийг хийхгүй байх.

***

Хуульд нэмэлт оруулна гэдэг бол байгаа юмыг тодруулдаг болохоос, байхгүй юмыг нэмдэггүй.

***

Сайн хууль хийе гэвэл байгалийн хуулийг дагуулж хийх хэрэгтэй.

***

Хууль хэрэгжинэ гээд эзэнгүй хаяж болохгүй.

***

Мэргэшээгүй хүмүүсийн хийсэн хуулийг мэргэшсэн шүүх шударгаар хэрэглэх боломж үнэхээр байхгүй, тайлбарлах ч аргагүй болдог.

***

Аливаа шүүх эцсийн дүнд хүний эрхийг хамгаалах хууль зүйн баталгаа байх ёстой.

***

Гэм нь хуульдаа биш хүндээ.

***

Эрүүгийн хариуцлага хамгийн жинтэй, хүчтэй нь билээ. Хатуудаа биш зайлшгүйдээ гэдгийг дахин хэлюү.

***

Ардчиллын зүгт сонгосон замаараа тууштай явж төрийг төвийлгөн намыг дор нь оруулж, төрийн дээр иргэнийг тавих хэрэгтэй байна.

***

Зөвлөх гэдэг чинь дарга тэргүүтнийхээ ам нь биш, чих нь байхгүй юу.

...шийдвэр гаргадаг ихэс дээдсийнхээ хажуугаар албад түшмэд нь ам мэдэн цуураад байвал нэгдмэл бодлого, нэг шийдвэр гэж байж чадахгүй.

***

Тагнуулын байгууллагын чинь хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгууллагыг хамгаалах явдал байдаг юм шүү.

***

Хариуцлага гэж замбараа нацаггүй ярьцгаадаг боловч зах хязгааргүй ойлголт биш л дээ.

***

Шавь нартаа захисан үгс

Хүн бүхний бахархал өөр өөр. Эрдэм авъяасаар, эр чадлаар, эд агуурсаар, эцэг эхээр, эхнэр хүүхдээрээ, эрдэмтэн мэргэдээрээ, эхээс мэндэлсэн нутгаараа гээд элдвийг хэлж болно. Энэ бүхний дотроос эх орноороо бахархахаас илүүтэй нь огтхон ч үгүй.

***

Хүн сурах чигийг барьж ухралгүй чармайвал зорьсондоо дөхөж болдог юм.

***

Багш гэдэг хүмүүст өгөөмөр, багшлах гэдэг бусдад өгөөжтэй ажил шүү.

***

Ном, тэр дундаа мэргэжлийн ном товхимол бичнэ гэдэг энгийн захиа, албан тоот, тогтоол бичихтэй зүйрлэшгүй.

***

Төрийн хүн мөнгөнд харам, хуулинд нарийн, цэргийн эрдэмд гарамгай байх ёстой.

***

Төрийг намаар, хуулийг үзэл суртлаар, шинжлэх ухааныг дур зоргоор, хүн чанарыг албан тушаалаар сольж чадахгүй.

***

Ямар дагаж дуурайдаг сармагчин тавьчихсан биш, энд тэндээс хууль хуулж авчихаад, бас буруу орчуулчихаад тийм байдаг, ийм байдаг гээд байхын оронд өөрсдийнхөө баазыг судалж, монгол хөрсний монгол хууль бүтээж сурах хэрэгтэй.

***

Хийж байж ярьсан нь дээр байна. Ярьж байгаад хийвэл бүтэл муутай.

***

Даргын толгойд юу орсноор дүрмээ хийж болохгүй.

***

Их эмч хүн асрагчтайгаа анагаах ухааны нарийн мэргэжлийн асуудлаар маргаад байх утгагүй.

***

Муутай тэмцэхэд сайн мэдлэг нөхөр.

***

Үр хүүхэддээ сургамжилсан үгс

Хүнтэй эвтэй, хүнд ач тустай явахыг эрхэмлэ.

***

Бэрхийг сур, бэлэнчлэхээс зайлсхий.

***

Болохгүй хүүхэд гэж байхгүй, болдоггүй багш, болчимгүй томчуул гэж харин бий.

***

Хүүхдийг хонгон дээр нь хорсгож хүмүүжүүлнэ гэж байдаггүй, хацар нүүрийг нь хайрлаж хүн болгодог.

***

Хүн хуурах гээд байгаа хүн ихэнх тохиолдолд өөрийгөө л хуурчихдаг.

***

Хүнд буруу бүү тох.

***

Бие сайн бол ухаан саруул байдаг юм.

***

Гэр бүл бол хүний насан туршийн бичил орчин юм.


Сэтгэгдэл

Ofelia Bevins [209.127.48.31] 2023-01-20 00:13:16

Hello medee.mn Administrator, similar in this article: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

Veronica Falls [38.15.136.120] 2023-01-19 06:40:08

Dear medee.mn Admin, identical below: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 06:55:57

<a href="https://t.me/filmfilmfilmes/12">Гонка</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 20:21:44

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 15:40:02

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-07 01:50:37

Бетмен онлайн <a href="http://bitly.com/betmen-2022-film">Бетмен дивитися онлайн</a> Фільм Бетмен (2022) дивитись онлайн

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 12:34:21

в той день коли закінчиться війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли почалась друга світова війна</a> коли закінчиться війна

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 11:14:19

скільки триватиме війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">скільки буде тривати війна в україні 2022</a> коли закінчиться війна в україні 2022

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:30

Зочин [59.153.87.22] 2019-11-28 15:57:17

uhsen ats saihanbalagiig turuulsen ats

Зочин [64.119.18.84] 2019-11-28 13:53:22

Отгонбаярын хэрэг гэгчид энэ хүн холбогдлуу яалаа 1980 аад оны....

Зочин [202.179.31.38] 2019-11-28 12:51:38

мундаг л даа аргагүй

Зочин [64.119.17.250] 2019-11-28 12:31:52

Энэ хунийг хэтэрхий магтаад суйд болоод байгаа юм биш уу.

Зочин [59.153.113.23] 2019-11-28 15:06:24

Яг тийм. Дахин шүтэх гээч болж байна.

Зочин [66.181.184.210] 2019-11-28 07:33:53

Өөрчлүүлэхгүй гэсэн учир хуучнаараа үлдсэн шдээ.

Зочин [103.229.120.79] 2019-11-28 05:59:14

хятадын үндсэн хуулинд нэг хятад хүний төлөө олуулаа тэмцэнэ гэсэн хуультай

Зочин [103.229.120.79] 2019-11-28 05:58:16

ерөнхийлөгчийн засагтай байхуу парламентын засагтай байхуу гэж ард түмнээс санал асуухгүйгээр үндсэн хуулиа баталлаа


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.