А.Л.Воронцов: Архинаас гарах хувь хүний чин хүслийг анагаахын шинжлэх ухаантай хослуулан эмчилгээ хийснээр сархад санаанд тань огт орохгүй

Aдмин / Эрүүл мэнд

“Архи... Золигийн архинаас л боллоо”, “энэ архи гэдэг ундаа байхгүй байсан бол амьдрал минь ямар сайхан байх байсан бол”, “одоо дахиж уухгүй”, “архинаас яаж гарах вэ”, “за дүүрсэн хэрэг өнөөдөр л нэг уучихъя”, “өнгөрсөн хорвоо, намайг хэн ч тоодоггүй”, “би угаасаа өнгөрсөн хүн”, “хар уснаас болж хамаг амьдралаа ингэж үрэн таран болгох гэж дээ”, “одоо л энэ усыг уухаа больё”. Архины хамааралтай болсон ихэнх хүмүүсийн амнаас харамсал, цөхрөл, гутрал, гуниг, зовлон шаналлын өнгө аястай эдгээр үгс бараан амьдралтай зэрэгцэн цөхөрсөн итгэл, ширгэсэн нулимстай нь хослон гардаг. Яаж энэ бараан амьдралаа орхиж, тунгалаг жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй, зорилго мөрөөдөлтэй амьдралаа эргүүлэн олж авах вэ гэсэн хүсэлтэй хүн олон. Ингэж бодож архинаас гарахаар янз бүрийн үр дүнгүй эм, тариа, эмчилгээнд хамаг эд хөрөнгөө барж хожим бие, сэтгэлээрээ хохирон үлддэг хүн ч олон байна. Тэгвэл энэхүү архинд донтох өвчлөлийг эмийн бус сэтгэл заслын аргаар эмчилдэг ОХУ-ын Москва хотын наркологич, сэтгэл мэдрэлийн их эмч, сэтгэл судлалын доктор Воронцов Александр Леонидовичтой ярилцлаа. Тэрээр өдгөө 10 дахь жилдээ Монголд ирж “Гоё амьдрал” эмнэлэгтэй хамтран монголчуудыг архинаас гаргах 94 хувийн үр дүнтэй эмчилгээгээ хийж буй.

-Таныг болон танай эмнэлгийн үйл ажиллагаа хэдийнээ монголчуудад танил болсон ч гэлээ та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Юуны өмнө удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг танай уншигчдад болон нийт монголчуудад өргөн дэвшүүлье. Миний хувьд Орос улсын эртний уламжлалт анагаах ухааны сургууль гэгдэх Москвагийн анагаах ухааны академийн Анагаах ухааны факультетыг 1982 онд төгссөн. Сургуулиа төгссөн жилээ Москвагийн Нийгмийн болон шүүх эмнэлгийн сэтгэл судлалын улсын эрдэм шинжилгээний төвд гурван жил дадлага хийж Сербскийн нэрэмжит донтох диспансерийн долдугаар төвд наркологичоор ажиллаж байв. Улмаар Москва хотын засгийн газрын харьяа Эрүүл мэндийн газраас эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болж, 1999 оноос хойш Оросод алдартай Сэтгэлзүйн эмчилгээний төвд сэтгэцийн эмч, наркологич, сэтгэл мэдрэлийн эмчийн тэргүүлэх мэргэжилтнээр өдийг хүртэл ажиллаж байна. Энэхүү төвд архи, тамхинд донтсон, мөрийтэй тоглоомд орсон, хоол хүнсний асуудлаас болж таргалсан, турсан хүмүүсийг эмчлэн, хэвийн эрүүл саруул бие бялдартай болгохоос гадна сэтгэл санааны хувьд өөртөө итгэлтэй зорилготой амьдрах урам зориг өгч сэтгэл заслын уламжлалт болон орчин үеийн эмчилгээнүүдийг хийдэг. Анагаах ухааны энэхүү салбарт 30 гаруй жил ажилласан туршлага надад бий. Би Орос, Монголд төдийгүй гадаадад тодруулбал, Герман, Чех улсад урилгаар тодорхой хугацаанд очиж архинд донтсон өвчнүүдтэй уулзаж, тэдгээрийг эмчилдэг.

image

-Тэгвэл манай улсад анх хэдэн онд ирж байв. Анх ирж байсан сэтгэгдлээсээ болоод хийсэн эмчилгээнийхээ тухайд ярихгүй юу?

-Монголд 2011 онд “Гоё амьдрал” эмнэлгийн урилгаар анх ирж байлаа. Өдгөө энэхүү төвд би найм дахь жилээ ирж ажиллаж байна. Намайг анх ирэхэд монголчуудын нийгмийн амьдрал, улсын хөгжил тийм ч сайнгүй байсан. Харин одоо бүх зүйл өөрчлөгдсөн байна. Хотын өнгө үзэмж, хүмүүсийн хандлага, харилцаа гээд. Тухайн улсын хөгжил гаднын хүнд тэр дундаа жилд нэг удаа ирдэг миний хувьд их тод харагддаг. Монголд их зүйл өөрчлөгдөж сайн, сайхан болж байгааг харж байгаа хэдий ч нэг л зүйл урьдын хэвээрээ бүр дэндүү их залуужсан, тоо нь нэмэгдсэн, хавтгайрсан байдалтай намайг угтан авдаг. Энэ бол монголчуудын архины зохисгүй хэрэглээ. Жил бүр ирэхдээ танай улсын иргэдийн архинд донтох өвчлөл улам залуужиж байгааг хараад надад үнэхээр харамсалтай санагддаг. Жил бүр ирэхдээ олон зуун хүнийг эмчлээд эрүүл саруул, аз жаргалтай амьдралынх нь зүг рүү чиглүүлж өгөөд буцдаг. Дараа жил нь ирэхэд тэд бүгд архи дахиж амсаагүй, амьдрал ахуй нь дээшилчихсэн надад “баярлалаа” гэж хэлэх гээд хүлээгээд сууж байдаг. Би тэр хүмүүстэй уулзах бүртээ өөрсдөөр нь бахархах сэтгэгдэл төрдөг. Гэвч нөгөө талдаа “Эмчлүүлье” гээд хүлээгээд суух хүн олон. Энэ хүмүүс дунд хийж бүтээх ид үедээ байгаа залуучууд цөөнгүй. Сүүлийн үед эрс нэмэгдэх шинжтэй харагдаж байгаа. Энэ бол маш эмзэглэх асуудлыг нэг шүү.

-Та манай улсад найм дахь жилдээ ирж байна гэлээ. Энэ хугацаанд ер нь хэчнээн монголчуудыг архинаас гаргав. Бодит тоо судалгаа бий юу?

-Мэдээж хэрэг аливаа ажил баримттай, нотолгоотой, судалгаатай байх ёстой. Миний хувьд Орос, Чех, Герман зэрэг улсын нийт 50 орчим мянган хүнийг архи, тамхи зэрэг аливаа зүйлд хэт их донтох өвчнөөс нь салган эмчилсэн. Монгол Улсад найм дахь жилдээ ирж ажиллахдаа олон зуун хүнийг архинаас гаргах эмчилгээндээ хамруулан эмчилсэн. Миний эмчилгээнд орсон нийт хүмүүсийн 94 хувь нь өдийг хүртэл архи, тамхинаас хол, хөндийрсөн гэсэн судалгааг манай эмнэлгийн хамт олон мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран гаргасан байна лээ. Эмчлүүлсэн хүний тоо чухал биш. Харин эмчилгээний үр дүн л чухал гэж би боддог.

-Нуулгүй хэлэхэд таны сая ярьсан тоон судалгааг сонсоод гайхаж, нэг л итгэхгүй байлаа. Тэгсэн энд бүүр судалгаа хийсэн баримт бичиг болоод Монгол Улсын Эрүүл мэндийн яамны сайдын гарын үсэгтэй жил бүрийн зөвшөөрлийн гэрчилгээ он оноороо өрөөстэй байхыг хараад гайхширлаа. Та чинь манай улсын Эрүүл мэндийн яамны нэрэмжит шагнал, сайдын хүндэт тэмдэг, жуух бичгээр шагнуулж байсан юм байна шүү дээ...

-Тийм ээ. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын үе үеийн удирдлагуудтай уулзаж, тэдний талархлыг сонсож байлаа. Аймаг, сумын хүндэт тэмдгээр ч шагнуулж, олон хүнээс талархлын үгс сонсож байсан. Энэ бүгд өөрсдийнхөө амьдралаас архи хэмээх муу зуршлаа зайлуулж, аз жаргалтай гоё амьдралаа олж авсан миний өвчтөнүүдийн баярласан сэтгэгдэл байх. Би тэр бүгдэд баяртай байдаг. Нөгөөтэйгүүр миний хийсэн эмчилгээнүүд үр дүнтэй, тухайн өвчтөнд маш хүчтэй нөлөө үзүүлдэг тул би амжилтад хүрч ажиллажээ гэж боддог.

image

-Таны эмчилгээний арга барил, гол онцлог нь юу вэ. Архинаас гаргах эмчилгээ манай улсад олон байдаг. Тэр бүр нь үр дүн багатай байдаг л даа...

-Миний эмчилгээний гол онцлог бол архины хамааралд орчихсон хэдий ч архинаас чин хүслээрээ гаръя гэсэн бодолтой хүмүүсийг би эмчилдэг. Өөрөөр хэлбэл надаар эмчлүүлэх гэж байгаа хүн архинаас гарах чин хүсэлтэй л байх шаардлагатай гэсэн үг. Мөн миний эмчилгээ тухайн өвчтөнд ямар нэгэн эм, тариа хэрэглэхгүйгээр өвчнийг нь эмчилдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөний сэтгэц, оюун бодол, далд ухамсарт нь сэтгэл заслын аргаар нөлөөлөх зарчмаар эмчилгээ явагдана гэсэн үг л дээ. Нөгөөтэйгүүр бусад наркологийн эмчилгээнүүдээс миний энэхүү эмчилгээ тухайн архинд донтсон хүний далд ухамсарт нь нөлөөлж архи уух дур хүслийг огт байхгүй болгодгоороо онцлог. Мэдээж аливаа өвчин тухайн хүнээс болоод эмчилгээ хийж байгаа эмчийн ур чадвар, арга барилаас ихээхэн хамааралтай. Харилцан идэвх зүтгэл гаргаж байж аливаа аюулт өвчнөөсөө салж чадна. Тиймээс архинаас гарах хувь хүний чин хүслийг анагаахын шинжлэх ухаантай хослуулан эмчилгээ хийснээр сархад санаанд тань огт орохгүй гэдгийг баттай хэлье. Энэ нэрийн өмнөөс болон өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээрээ би үүнийг баттай болоод хариуцлагатай хэлж чадна. Өөр нэг давуу тал бол эмчилгээ хийхэд цаг хугацаа маш бага зарцуулагдана. Та хагас сар архи уухгүй, архинаас гаръя гэсэн чин хүсэлтэй байж надаар эмчлүүлэх юм бол дээд тал нь арван жилийн баталгааг би танд гаргаж өгч чадна.

-Далд ухамсарт нөлөөлж архи уух хүслийг нь огт байхгүй болгоно гэлээ. Үнийг та дахиад тодруулаад тайлбарлаад өгөөч?

-Архинд донтсон өвчтөнд эмчилгээ хийхдээ түрүүн хэлсэнчлэн “Та үнэхээр архинаас гармаар байна уу” гэж би асуудаг. Тухайн хүн архинаас гарах чин хүсэлтэй байвал миний эмчилгээний үр дүнд санаа зовох хэрэггүй юм. Тухайн өвчтөн эмчлүүлэхээс өмнө 14 хоног архи болон исгэлэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байх шаардлагатай. Учир нь спирт хүний тархинд 14 хоног хадгалагддаг юм. Тиймээс би зөвхөн эрүүл саруул тархи толгойг эмчлэх ёстойг өвчтөнүүддээ байнга онцолж хэлдэг. Хүн төрж, өсөж бойжихоос эхлээд хүрээлэн буй орчноосоо асар олон мэдээллийг тархиндаа цуглуулж, тэдгээрт дасан зохицож амьдардаг. Жаахан хүүхдэд архи уух ч гэдэг юм уу, тамхи татчихъя гэсэн хүсэл, бодол тархинд нь байдаггүй шүү дээ. Яг ийм хүүхдийнх шиг бодлыг тухайн архинд донтсон хүмүүсийн тархинд буюу далд ухамсарт нь суулгаж өгнө гэсэн үг. Ингэхээр тухайн хүний хажууд архи, тамхи байлаа ч гэлээ түүнийг хэрэглэх ямар ч хүсэлгүй, сонирхолгүй, нэг үгээр хэлбэл тоохоо болино гэсэн үг. Ингэж далд ухамсарт нөлөөлөхийн тулд тухайн хүнийг сэтгэл заслын аргаар сэтгэхүйд нь ховсдох эмчилгээ хийж далд ухамсарт нь нөлөөлснөөр тэрхүү архи уух хүслийг үгүй болгодог гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл тархинд нь байнга ирээд байгаа тэрхүү архи уух хүслийн мэдээллийг кодолж, тодорхой хугацаанд мартуулна гэсэн үг л дээ. Энэхүү хугацааг тухайн өвчтөн өөрөө сонгон эмчлүүлж болох юм. Ийм маягаар эмчилгээ хийлгэсний дараа тухайн хүнд архи уух хүсэл төрдөггүй, спиртийн төрлийн зүйлд сөргөөр хандаж, сэтгэл зүй санаа бодол нь тэр дороо өөрчлөгдөж эхэлдэг.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Манай улсад баяр, ёслол, найр цэнгээн дуусна гэж байдаггүй. Тэр утгаараа хүнд архи уух дур хүсэл, шалтаг, шалтгаан тоо томшгүй олон тохиолддог. Манай ардын нэг хуучны сайхан үг бий л дээ. “Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг” гэж. Үүн шиг энэ олон баяр архи уух шалтаг шалтгаан болж байсан ч таны энэхүү эмчилгээг хийлгэчихвэл огт дур хүсэлгүй болчихно гэж ойлгож болох уу?

-Та маш зөв онож хэллээ. Мэдээж тэгэлгүй яахав. Миний эмчилгээний үр дүн бол тухайн хүн архи болон бусад хэт их донтсон зүйлээ өмнө нь хэзээ ч хэрэглэж байгаагүй юм шиг тэрийгээ юу ч биш юм шиг ер тоохоо болино. Тийм болохоор таны хажууд хэдэн шил архи байсан ч гэлээ таны ойр орчимд ямар ч тэмдэглэлт баяр ёслол болсон ч бай, мөн таны сэтгэлийг баярлуулах, гуних үйл явдал болсон ч гэлээ тэр бүх үед архи уух шалтгаан болоод дур хүсэл танд огт төрөхгүй.

-Тантай ярилцах маш сонирхолтой байлаа. Танд баярлалаа?

-Баярлалаа. Танай уншигчдад болоод нийт монголчууддаа удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг өөрийнхөө зүгээс болон “Гоё амьдрал” эмнэлгийн хамт олны зүгээс өргөн дэвшүүлж байна. Монголчууд та бүхэн архигүй, айдасгүй, гоё амьдралын төлөө надтай бидэнтэй хамт нэгдээрэй гэж уриалж байна.