Б.Ууганбаяр: Тусгаарлагдсан иргэдийг ажлаас нь халсан гэх санал гомдлууд ирж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

51 ИРГЭНИЙГ ТУСГААРЛАЛТААС ГАРГАСАН

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч дэд хурандаа Б.Дуламсүрэн "Шуурхай штабаас өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлах байрны тог нэмэгдүүлж ажиллалаа. Мөн тусгаарлах байрнаас гараад гэртээ өөрийгөө хэрхэн тусгаарлах журмыг боловсруулан бэлтгэсэн.

Гуравдугаар сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан. Харин 51 иргэнийг тусгаарлалтаас гаргасан. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах нислэгт ХӨСҮТ, МХЕГ болон холбогдох байцаагч нараас томилон ажиллуулахаар төлөвлөж байна" гэв.

ГУДАМЖ ТАЛБАЙН ОРОН СУУЦ, ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ ТАЛБАЙД АРИУТГАЛ ХИЙЖ БАЙГАА

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: Улаанбаатараас орж гарах хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа ба авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод Нийслэлийн цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн газрууд хамтран эрүүл мэндийн байгууллагын чиглэлийн дагуу ажиллаж байна. Иргэдээс авч байгаа асуумж мэдээллийг цаашид эрсдэл үүсэхэд ашиглах учир цааргалалгүй, дэлгэрэнгүй өгөөрэй.

Гудамж талбайн ариутгал 03.17-ноос эхлэн хийгдэж байгаа ба орон сууц, гэр хорооллын гудамж талбайд одоогоор 2335,2 км зам, 117.50 м.кв талбайд ариутгал хийсэн. Баянзүрх Налайх дүүрэгт өнөөдөр ариутгал хийгдэж байна. Энэ нь нэг удаагийнх бөгөөд дахин 2-3 дахь удаа хийхээр төлөвлөсөн.

БИД ТУХАЙН ИРГЭНИЙГ 14 ХОНОГ ТУСГААРЛАЛТАД БАЙСАН ГЭХ ТОДОРХОЙЛОЛТ ӨГЧ БАЙНА

Шуурхай штабын дарга ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: ОХУ-аас 33 оюутнаа, БНХАУ-д байгаа нүүрс тээврийн жолоочдоо татан авна. БНХАУ-аас өнөөдөр тодорхой тооны оношлуур, амны хаалт авна. Тусгаарлах байрнаас гарсан иргэд гэртээ 14 хоног байна. Өвдсөн байсан хүн гэртээ 28 хоног дэглэм сахина. Энэхүү ажлыг зохион байгуулахаар ажиллаж буй мэргэжлийн олон хүний хүч хөдөлмөрийг бодож иргэд хариуцлагатай байх хэрэгтэй. Тусгаарлалтад байгаа хүний ар гэрийнхэн нь ажил төрлийг нь зохицуулаарай. Ажлаас нь халсан гэх санал гомдлууд ирж байгаа ба бид тухайн иргэнийг 14 хоног тусгаарлалтад байсан гэх тодорхойлолт өгч байна. Ажил олгогчид үүсээд буй нөхцөл байдалд эерэг, зөв талаас шийдэж ажиллаарай гэж зөвлөх байна.

Ард иргэдийн хариуцлага, анхаарал сулрах гээд байна. Эхлэлээсээ төгсгөлийг үзтэл бүгдээрээ хариуцлагатай, анхаарлаа сулруулахгүй байя гэж уриалмаар байна.