ТОЙМ: Ерөнхий сайдын мэдэгдэл, Сангийн сайдын хийсэн мэдээлэл хоорондоо маш их зөрчилтэй байна

Ц.Анударь / Нийгэм

-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа-

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өргөн барилаа.

Комисс улс орнуудыг нийгмийн болон хүний хөгжлийн түвшингээр нь тодорхой шалгуураар үнэлж оноо өгдөг, индексжүүлэн эрэмбэлдэг олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний төвүүдээс гаргасан тайлан мэдээллээс хүний эрхэд холбогдох индексийг түүвэрлэж, зарим эрхийн хүрээнд нэгтгэн 19 дэх илтгэлийн “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” сэдэвт дөрөвдүгээр бүлэгт тусгажээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1.11,9 дүгээр зүйлийн 9.1,17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг.

(2020.03.30)

-ДЭЛХИЙН БАНК: Монгол Улсад коронавирусын халдвартай тэмцэхэд зориулж 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно-

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, коронавирусын хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусын тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй 14.0 тэрбум ам.долларын шуурхай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэх “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” 26.9 сая ам.долларын төслийн гэрээг хаврын чуулганы эхэнд яаралтай батлах болно гэдгээ мэдэгдээд, талархал илэрхийлэв.

(2020.03.31)

-ЗАСГИЙН ГАЗАР: Усны газар байгуулав-

“Шинэ коронавирусын тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү үндсэн дөрвөн чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр жагсаалт гаргаад байна.

(2020.04.01)

-“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа-

Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулах захирамж гаргав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Музейг маш чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болсон тийм л үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг музей болгох ёстой, үүний төлөө хичээн ажиллахыг хүсч байна, үүрэг болгож байна” гэлээ.

(2020.04.02)

-“Чингис хаан” музейн барилгыг барьж эхэллээ-

2020 он дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газраас 2019 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн санаачилгаар хэрэгжиж буй “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд биечлэн оролцож, үг хэлж, барилгын сууринд шүншигийг байршуулж, гүйцэтгэлийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Музейн барилга нь 20500 ам.метр талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор болно. “Чингис хаан” музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

(2020.04.02)

-Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдын мэдэгдэл, Сангийн сайдын хийсэн мэдээлэл хоорондоо маш их зөрчилтэй байна-

УИХ дахь АН-ын зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх саналаа Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ талаар АН-ын зөвлөлийн зүгээс мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: "Коронавирусын гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. АН-ын зөвлөлийн бүх гишүүн тогтоолын төслөө УИХ-д өргөн барих гэж цаг тогтсон боловч УИХ-ын Тамгын газар, УИХ-ын дарга хүлээн авахаас татгалзлаа. Гамшиг эрсдлийн үед улс төрийн намууд улс төржихгүй байя, хамтарч ажиллая гэж ярьчихаад АН-ын саналыг хүлээн авахаас татгалзаж байгаа нь байж боломгүй зүйл. Эрх баригчид энэ асуудалд өөрийнхөө дураар хандаж байна. Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийн долоон зүйл, Сангийн сайдын хийсэн мэдээлэл хоорондоо маш их зөрчилтэй байгаа. Ам, ажил нь зөрүүтэй байгаа нь сонгуулийн өмнөх шийдвэр шиг харагдаж байна. Өнөөдөр эдийн засгийн эрсдлээс хамгаалах цэгцтэй бодлого байхгүй байгаа. Эрх баригчид бүх талын шаардлагыг хүлээж авч, авах арга хэмжээндээ бидний саналыг тусгах ёстой гэж харж байна.

Экспортын орлого маш их хэмжээгээр тасарч байна. Өмнө нь 500 гаруй машин нүүрсний тээвэрт явдаг байсныг 40-хөн машин явуулчихаад экспорт гарч байна гэж шоудаж болохгүй. Тиймээс бид өмнө нь хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төслөө дахин хүргүүлнэ" гэв.

АН-аас таван багц, 38 арга хэмжээг тогтоолын төсөлд тусгасан бөгөөд хамгийн түрүүнд 2020 оны төсвийг яаралтай тодотгох ёстой гэж үзэж байгаа юм.

(2020.04.03)