Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.04.07/ хуралдаан 15.20 цагт эхэлж, УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы хуралдаанд цахимаар оролцлоо.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.

Тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр дэлхий нийтийг хамарсан Covid-19 хэмээх халдварт цар тахал дэгдэж 2020 оны 04 дүгээр сарын 06-ны байдлаар дэлхийн 210 гаруй улсын, 1.3 сая орчим хүн өвчилж, 75 мянга гаруй хүн нас бараад байгаа бөгөөд энэхүү тахлыг зогсоохын тулд уг байгууллагаас олон зөвлөмжийг улс орнуудад өгч байна. Эдгээр зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой байдлын комисс шуурхай авч хэрэгжүүлж иргэдээ энэхүү халдварт цар тахалаас хамгаалж байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байна гэлээ.

Тиймээс энэхүү онцгой нөхцөл байдалтай холбогдсон шийдвэрлэвэл зохих зарим зайлшгүй асуудлыг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэн баталж гаргах шаардлагатай байгаа бөгөөд ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийг мөрдөж онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулж, асуудлыг хэлэлцүүлж болох зохицуулалтыг хуульчлахаар уг хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээлээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдан хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

/Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны мэдээллийг эндээс үзнэ үү/

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, С.Бямбацогт нар хууль асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уг цахим дэгийн асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн хэлбэрээр бус бие даасан “тусгай дэг”-ийн хууль байхаар, онцгой нөхцөлийн үед Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэл хууль санаачлах эрхтэй байх, өвчин эмгэг, хүнд нөхцөлийн үед Улсын Их Хурал аливаа асуудлыг 7 хоногийн дотор шийдвэрлэдэг байх талаар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт парламентын үйл ажиллагаа нь мэтгэлцэх, хүртээмжтэй, илт тод, нээлттэй байх үндсэн зарчимтай байдгийг дурдаад, хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор холбогдох хууль тогтоомжид нэр томьёоны тайлбарыг оруулах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн М.Энхболд цаашдаа байнга хэрэглэх боломжтой хууль байх, батлагдсан хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх мөн хаалттай хуралдах үеийн асуудлыг шийдэх талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд асуулт асуух, үг хэлэх цагийн хязгаарын асуудал, санал хураалтын программ, техникийн бэлтгэл байдал, дүрс бичлэг доголдох үед тухайн гишүүн өөрийгөө мөн эсэхийг таниулах давхцахгүй нууц үгтэй байх эсэх асуудлыг анхаарах талаар, УИХ-ын гишүүн Г.Занданшатар хүнд нөхцөл үүссэн үед 1 удаагийн хэрэглэх хуулийг баталж болох эсэх асуудлыг анхаарах талаар тус тус саналаа илэрхийлсэн гэж УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа дурдлаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Хуулийн төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуулт асууж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Х.Нямбаатар, Д.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Нийт таван танхимд суун хуралдаж буй гишүүд гар өргөн санал өгсөн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.