Тэргүүн хамба лам Д.Чойжамц: Бурхны шашны ёс зүй ба хүнийг төлөвшүүлэх аргыг дэлхий нийт амьдралдаа хэрэглэж эхэллээ

Aдмин / Нүүр

Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамцтай ярилцлаа.


Хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөХцөлд энэ аюУлт өвчнөөс ангижирна

-Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан.

-Эхлээд цаг үетэйгээ холбоотой асуулт асууя. Хаа сайгүй хорио цээрийн дэглэм сахиж байна. Гандантэгчинлэн хийд ч нам гүмхэн л байх шиг?

-"Ковид-19" цар тахал өвчнийг Монгол Улс дотроо алдаж хөл хорио тогтоосон тэр өдрөөс эхлэн Засгийн газар, УоК, НоК-оос явуулж байгаа үйл ажиллагаа, өвчний тархалтыг тогтоох, зогсоох арга хэмжээг дэмжин ажиллаж байна. Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хүрэн хэрэмний дотор давхар хөл хорио тогтоож, тогтмол суудаг лам нарыг хөл хорионы чангатгасан нөхцөлд байлгаж, гаднаас орж гарах хөдөлгөөн бүгдийг хаасан. Хэрэм дотор байгаа лам нартаа долоо хоногийн турш тандалт хийж, "Ковид-19" шинж тэмдэг байна уу, үгүй юү гэдэг дээр ажиглалт хийсэн. Энд ямар нэгэн илрэл гарсангүй. Гадна байгаа лам нар ч нийтийн адил хөл хорионд байгаа. Харин гадна, дотногүй хөл хорионд байгаа лам нар тус тусдаа дарь-Эх бурхны уншлага, лонма жонма буюу монголчууд Навчин дээлт Дарь-Эх гэдэг тэр бурхны уншлага тарнийг тоолж байна. Навчин дээлт Дарь-Эх бурхан нь халдварт тахал, хижиг өвчнийг амирлуулах эрдэм үйлстэй юм. Мөн лхам бурхныг тахих, Манал бурхны уншлага, тарни унших тэргүүтнийг Гандантэгчинлэн хийдийн харьяа дацангуудын хурал уншлаганд нэмэн оруулж, лам нар гэр, гэртээ хурж байна. Олон нийтийн сүлжээгээр аль байгаа газартаа хурал номоо хурж, олон амьтны тухайд залбирал даатгал үйлдэж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан тул энэ цаг үед сүсэг, сэтгэлээ хичээж эх болсон амьтан бүхний тухай залбирал даатгалаа үйлдэж суух нь чухал юм уу даа.

-Дэлхий нийтийг хамраад буй энэ айхавтар өвчин томуугийн үед монголчууддаа хандан хэлэх үгийг тань сонсъё гэсэн юм аа...

-Энэ цар тахал гарснаас хойш жил шахуу хугацаанд дэлхийн олон оронд тархаж хүмүүст зовлон зүдгүүр, үхэл хагацал авч ирж. Мөн хүн бүрийн түгээмэл хэрэгцээ эд таваар, идэж уух юмаар гачигдах тэргүүтэй эдийн засгийн их хямрал ч нүүрлэж байна. Харин Монгол Улсын хувьд өнөөг хүртэл цар тахлыг нутаг орондоо алдалгүйгээр барьж сэтгэлийн амгалантай байлаа. Гэвч зарим нэгэн хүний тэсвэр алдагдаж, хорионы үед өрөө хэсэх, дэглэм журмыг баримтлахгүй байх, хөл хорио тавигдангуут нөхөж буй мэт уулгалан энд тэндгүй явж бусдадаа халдаасан бололтой юм. Нүдэнд үзэгдэхгүй ч хавьтсан хүн болгонд халдаж байгаа асар аюултай өвчнөөс монголчууд бид сэрэмжтэй, тэвчээртэй байж түргэн зуурт гэтлэн давах хэрэгтэй юм. Манай орны хувьд урт удаан хугацаагаар үргэлжилбэл улсын эдийн засаг доройтох, ард түмний амьдрал сүйрэх том аюул нүүрлэж байгаа учир бүгдээрээ хичээх цаг иржээ. Ер нь бурхан багшийн айлдварт та өөрөө өөрийнхөө аврал шүү гэж байдаг. Хүн болгон хичээж хөл хорио болоод дэглэмээ барьж чадвал аюулт өвчнөөс аврагдана гэсэн үг. Мөн нөгөөтэйгүүр атгаг сэтгэл буюу хоосон хардах сэтгэл нь маш их сэтгэлийн дарамт үүсгэдэг бөгөөд бүх зүйлсийг сэжиглэн харж өөг нь хэлэлцэж, алдаа хайх нь бусдынхаа ажилд тотгор саад болдог. Орчин цагийн шинжлэх ухааны ойлголтоор дархлаа сулруулдаг. Энэ нь нийтийн эв зохицолд саад болж, бужигнаан үүсгэдэг муу талтай учир хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөхцөлд энэ аюулт өвчнөөс ангижирна.

-Сударт коронавирусийг 700 жилийн өмнө зөгнөсөн байдаг тухай та нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үнэн үү?

-Ер нь муу зүйлийг сайнаар эргүүлэх, урвуулах гэдэг логик бурхны шашинд байдаг. Өнөөгийн нийгэмд гэр бүлүүд завгүй их ажилладгаас ойр дотно байх хандлага хумигдсан. Тиймээс энэ хөл хорионы нөхцөлд бие биеэ хайрлах, хүндэтгэх, энэрэх, үр хүүхдийнхээ сургалт хүмүүжлийн тухай ярилцах, хүүхдээ ямар хүн болж байгааг ажиглан шинжлэх, гэр бүлийнхээ өнгөрсөн, одоо, ирээдүйг тодорхой харж, гэр бүлдээ анхаарлаа сайтар тавих нь сэтгэлийн дарамтнаас гарах маш том ололт болох юм уу даа гэж бодогдлоо. Зарим тохиолдолд хэрэгтэй, хэрэггүй зүйлд алтан цагаа дэмий үрэх болжээ. Тиймээс өөрсдийгөө ойлгож мэдрэх чухал. Бидний нийтээрээ шүтэн биширдэг бурхны шашин хүнийг хөгжүүлэх, төгөлдөржүүлэх цогц сургалт, арга ухаан юм шүү дээ.

Эртний мэргэд вирус буюу нян нь бидэнтэй хамт оршин байдаг гэж үзсэн байдаг. Эртнээсээ мэргэдүүд энэ талаар ярилцаж, бичиж анхааруулж байсан байна. Үүний үндсэн дээр энэ вирусийг эмчлэх янз бүрийн эмчилгээний аргууд гаргасан гэсэн үг. Одоо ч гэсэн уламжлалт эмнэлгээ алдаагүй түвдүүд хуучин аргыг хэрэглэж амжилт олж байгаа нь харагдаж байна. Бидэнд ч эдгээр зүйлүүд бий.

-Бурхны шашин нь жаргалтай сайхан амьдралын эх үүсвэрийг дотоод сэтгэлд оршино гэж үздэг учраас бие биеэ хайрладаг, энэрдэг, нигүүлсдэг, харьцаа сайхан байхаас эхлэлтэй гэж үздэг. Буддын шашин өнөөдөр дэлхий нийтэд философи гэдэг талаасаа итгэл бишрэл, үнэлэмжийг дагуулдаг боллоо. Та буддын шашны хөгжлийн өнөөдрийн хандлага чиг баримжааны тухай ярихгүй юу?

-Тийм ээ. Бурхны шашин ганцхан өөрийн жаргалыг биш, бусдын сайн сайхныг эрхэмлэн энэрэл, нигүүлсэл, тусыг эрхэмлэх ухаан нь гол зонхилдог. Хүн ардаа энэрэл нигүүлсэлтэй, дотоод сэтгэлийг нь боловсруулах гэж нэлээн оролдсон улсын нэг нь Монгол Улс. Энэ нь бурхны шашинтай маш их холбоотой. Монгол оронд шашин гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Сүүлийн дэлгэрэлт буюу 400-гаад жил хүн ардынхаа ёс суртахууныг хөгжүүлэх тал дээр их нөлөөлсөн юм байна гэж хувь хүний үүднээс үздэг. Яагаад гэвэл эрдэмтэй мэдлэгтэй болсон хүмүүс ард түмний дунд явж ёс суртахууныг түгээдэг байж. Тийм ч учраас монголчууд ёс суртахууныг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай ард түмэн болсон түүхтэй юм. Ёс суртахууныг цөөхөн үгээр хэрэгжүүлж байсан. Нүгэл гэдэг үгээр маш олон зүйлийг хааж, бие, хэл, сэтгэл гурваар хийдэг бусармаг бүгдийг хасаж халж оронд нь ёс суртахууныг суулгасан гайхамшигтай ололт олсон байдаг. “Хулгай хийвэл нүгэл” болно гэдэг ганц үгээр хулгай тэргүүтэй гэмт хэргийг холдуулж байжээ. Тэгэхээр хулгай, худал, хүн амины хэрэг тэргүүтэн хүнд гэмт хэрэг гарах нь цөөхөн байж. Хэрэв хүн амины хэрэг гарсан бол тэр нутаг хошуугаар явдаггүй, тэр айлд ордоггүй, хэрэв хүний амь хөнөөсөн хүн орж ирвэл сан солха тавиулж, тэр айл ихэд цээрлэдэг байсан гэдэг. Иймэрхүү хэв маяг аж амьдралд нь хэвшил болоод тогтсон. Бурхны шашнаас тогтсон хүн ардын дотоод үзэл санаа, зан үйлийн хамгийн сайн тал нь байсан даа.

“БУРХНЫ ШАШНЫ ХЭЛМЭГДЭЛ ГАНЦХАН БУРХАН ШҮТЭЭНИЙГ УСТГАЖ, ЛАМ ХУВРАГИЙГ ХӨНӨӨСНӨӨР ТОГТОХГҮЙ ЮМ”

-Буддын шашны хэлмэгдэл гэж түүхчид яриад байх юм. Тэр нь яг юуг хэлээд байгаа юм?

-Хэлмэгдэл гэдэг бол Монголын ард түмний нийтийг хамарсан, ихээхэн уршигтай зүйл болсон юм. Гол хэлмэгдэгсэд нь лам хуврагууд, ноёд, баячууд байсан хэдий боловч үүнтэй давхардсан давхар хэлмэгдэлт явж Монголын айл өрх болгон аав ээж, ахан дүү, хань нөхдөө алдсан том гунигт явдалд унагасан байдаг. Хамгийн том хэлмэгдэл бурхны шашинд тохиолдсон юм. Эрдэм мэдлэгтэй лам хувраг, хувилгаад хутагт дээдсээ алдаж, шашны хувьд хүний нөөц буюу боловсон хүчин байхгүй болсон. Энэтхэг, Түвд, Монголын эрдэмтдийн бүтээл болсон ном судраа устгуулж, сүм дуганд залаатай байсан бурхан шүтээн болон эд өлгийн зүйлээ хураалгаж, хэмхчүүлж сүйтгүүлсэн. Монголын уран барилгын хосгүй нандин өв болох сүм дуганаа нураалгаж асар их гарз хохиролтой тулсан юм. Эд бүгд нь Монголын ард түмэн, Монгол Улсаас гарсан хохирол байсан юм. Эд байсан бол өнөөдөр асар их баялгийн хуримтлалтай байх байж дээ гэж харамсдаг. Бурхны шашны хэлмэгдэл ганцхан бурхан шүтээнийг устгаж, лам хуврагийг хөнөөснөөр тогтохгүй юм. Монголын ард түмэн уламжлалт зан заншил, соёл, эртнээс өвлөгдөж ирсэн сургаал ном бүгдийг үгүй хийсэн. Үүний улмаас ахас дээдсээ хүндлэх, бие биенээ хүндлэх нь алдагдсанаас гадна уламжлалт соёл заншил, жишээлбэл уул овоо тахих, цагаан сар, наадмаа хийхдээ мухар сүсгийн маягтай болж эхэлсэн явдал нь хэлмэгдэлтийн хорт үр нөлөө юм. Очоод зөвлөгөө авдаг эрдэмтэй хувраг, багш нарыг нь хөнөөсөн болохоор сүсэгтэй хүмүүс уул хаданд юмуу мод чулуунд хэлж, шинэ зан үйл гаргах шалтгаан болсон. Ер нь сүсэгтэн хүний эрхийг хаачихаар яах ч аргагүй байдалд орсон учраас дотоод талаасаа тэсэрч, дэлбэрч байгаа хэрэг л дээ. Хамгийн тод жишээ бол бид бурхан гэдэг үгийг хэлж ч чадахгүй болсон байна. Чөлөөт цаг ирж бурхан ном хуврагаа шүтээд, хурал номоо айлтгаад явж болдог цагт бурхны шашинд итгэл бишрэлтэй хүн ч гэсэн олны өмнө гараад ярихдаа тэнгэр ч гэдэг юмуу өөр ухагдахуун, үг хэлээр орлуулж яриад байгаа юм. Энэ нь хэлмэгдлийн үр дагавар гэж хэлэхээс өөр аргагүй. Тэр үгийг хэлж чадахгүй болтол сэтгэлд нь суулгаж өгсөн юм билээ.

Хэлмэгдүүлэлт гэдэг ганц үгнээс л гарцтай кино, зохиол тухайн үеийн нийгмийн үзэл сурталжсан, ангич, намч, чанарын бодлогод автаж зориуд зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж хийгдсэн урлаг, уран сайхан, зохиол бүтээл нь 1921 оноос өмнө юу ч байгаагүй мэт, Монголын ард түмэн соёл, зан заншил, урлаг уран сайхан, уламжлал, эрдэм мэдлэг бүгд байхгүй байсан мэтээр орчин үеийн залуучуудад ойлголт өгөх болсон. Шинэ зуун гарч архивын баримт материал, гадаад, дотоодын эрдэмтдийн олон янз судалгааны бүтээлд Эзэн богд Чингис хаанаас авахуулаад XX зууныг хүртэл баримтаар нотлогдож гарч ирж байгаа нь бидний уншиж мэдэх шаардлагатай зүйл болоод байна. Үүнийгээ уншиж үзэхгүй үзэл сурталжсан хандлагаар яваад байгаа нь залуучуудыг хоосон хийрхэх, хөнгөн нимгэн бодох, зүгээр нэг хэдэн ламыг хөнөөгөөд өнгөрсөн явдал мэт ойлгоод яваагийн шалтгаан нь байгаа юм.

-Тухайн үеийн сүм хийдийн бүтэц, одоогийн аймаг, сумын засаг захиргааны бүтэцтэй их адилхан байсан юм билээ. Энэ их сонирхолтой санагдсан. Төвлөрсөн том сүм хийд нь дэргэдээ сургууль, эмнэлэг, театраас эхлээд бүгд цогцолсон байсан юм билээ...

-Бурхны шашин нь эртний Энэтхэгийн цогт Наланда хийдийн уламжлал байгаа юм. Наланда хийдийн уламжлал нь 10 ухааны орон гэдэг асар их том ойлголт байдаг. Үүнийг сургадаг байсан нь монголчуудын дунд дэлгэрч мэдлэг болсон юм. Энэ бүгд бараг үгүй болсон доо. Одоо бид сэргээж ядаж явна. Жишээлбэл: “Дуун ухаан” буюу хэлний зүйн ухаан бол эрт үеэсээ санскрит, түвд, монгол хэлийг судлах арга зүй. Тэр устаж тасарсан. “Учир шалтгааны ухаан” гэж аливаа зүйлийн учир шалтгаан, логикийг нь олох, шинжлэн судалдаг ухаан. Тэр учир шалтгааны ухаан гэдэг үгүй болж. “Урлахуйн ухаан” буюу бие, хэл, сэтгэл гурвын хөгжлийн урлаг гэж ярьдаг. Бурхан шүтээн болоод ахуйн хэрэглээний янз бүрийн зүйлсийг туурвин бүтээдэг ухаан. Монголд маш их хурдацтай хөгжиж байсан. Өндөр гэгээний хийц, Дарьгангын хийц ч гэдэг юмуу тэндхийн, эндхийн хийц гэх мэтчилэнгээр урлахуйн ухаан машид дэлгэрч, хөгжил дэвшлийг олж, гайхамшгийг бүтээж байлаа. Эдгээр зүйлүүд хомсдож, ховордож ирсэн. Мөн хэлний урлаг гэж яруу найраг, уран зохиол тэргүүтнийг нэгэн үе зөвхөн үзэл сурталд тохируулан хэрэглэлээ шүү дээ. Чөлөөт сэтгэлгээ болоод, бурхны шашин, энэрэл нигүүлсэл, эвлэрэл нэгдлийн тухай ярих, бичих нь маш их хомсдлоо. Сэтгэлийн урлаг алга болсон. Бясалгал хийх, сэтгэлээ гэгээрүүлэх, сэтгэл судлал, өөрийн сэтгэлийг дотогшоо харах, бие, сэтгэлээ эрүүлжүүлэх ийм зүйлүүд ард түмний дунд маш ховордож үгүй болсон байдаг. “Тэжээхүйн ухаан” буюу анагаах ухаан гайхамшиг байсан даа. Энэ нь хувьсгалын үед бүр алга болсон.

Ардын уламжлалт эмчилгээг бүрэн зогсоогоод, Европ эмнэлэг хүчээр оруулж, ардын эмнэлгийн эмч, эм зүйч нарыг алж хөнөөгөөд, сүүлд үлдсэн цөөн маарамба нарыг байнгын хяналтад байлгаж эмийг нь хурааж авах, хүн үзүүлэхгүй байх хавчлага явуулж ардын эмнэлэг тасрахын даваанд хүрч үлдсэн байдаг. “Дотоод ухаан” нь бурхны шашны гүн сургаал юм. Энэ талаар хүнд ярьж болохгүй хэмжээнд хүрч, зөвхөн хэдхэн цөөхөн лам өвгөчүүд үзэж харж болох ийм хэмжээнд хүргэсэн байсан. Түүнээс гадна яруу найраг байна. “Яруу найраг” нь онолтой, Азийн олон орны яруу найргийг уншиж судалдаг байж. Үгээр шүлгийг яаж сайхан яруу хэлэх, үгийн чимэглэл, утгаар утгын нь чимэглэж хийх онол тэргүүтэн нь ихэд доройтсон. Эвсэн найруулах буюу эгшиг гийгүүлэгч, авиа зүйд маш сайн мэргэшсэнээрээ хүний яриа болоод, уран зохиол, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолыг яруу тунгалаг болгодог эдгээр зүйлүүд үгүй болсон. “Зурхай” нь орчлон ертөнцийн орчил, одон гаригийн судлал, ертөнц хоорондын хамаарал, бодьгал болоод хүмүүн төрөлхтөнтэй яаж холбогдож, шүтэн барилдаж байгаа энэ талаар голчлон судалдаг байсан.Тэр үгүй болж. Ийм олон зүйлүүдийг гээж хаяхад хүргэсэн хэлмэгдүүлэлт гэдэг асар их гарзтай зүйл болсон доо.

Энэ бүгдийг таны асуугаад байгаа хүрээ хийдэд суралцаж байж. Хүрээ хийд гэдэг ганцхан хурал ном уншиж, гүрэм дором хийдэг газар байгаагүй л дээ. Дацан нь сургууль байсан шүү дээ. Цанид дацан гэж байж, энд гүн ухаан буюу дотоод ухааны номд голчлон суралцана. Зурхайн дацанд тооны ухаан буюу орчин цагийн математикт суурилан тооцоолол, гариг эрхэс, хоорондын нөлөөллийг судална. Манба дацанд эмч бэлтгэх, анагаах ухаанд голчлон суралцана. Дацангууд үүсч үүнд шүтэж сургалт явж байсан. Урьдын түүхээс харахад сүм хийдэд боловсрол олгодог тогтолцоо байж, сүм хийддээ суралцаж гарсан хүмүүс ард түмнийхээ дунд явж энгийн иргэдэд гэрийн шавь сургалтын аргаар зааж сургаж явжээ. Энэ байдлаар монголчууд 10 ухааны номд суралцаж, ном хүртэж байжээ.

-Залруулахын тулд бид юу хийх ёстой юм бол?

-Угтаа сүм хийдийн нэртэй боловч энэ нь Монгол Улсын хөрөнгө юм даа. Сүм хийдэд хадгалагдаж байсан зүйлээс нэг сүмээс хураасан хөрөнгийг тооцоход 500 сая ам.доллар болох байж гэж тооцсон байдаг. Жишээлбэл, Егүзэр хутагтын хийд шүү дээ. 1000 гаруй томоохон сүм хийд Монгол нутагт байсан гэдэг байх. Энд асар их зүйлс хадгалагдаж, өвлөгдөж үлдсэн байсан. Хэрэв эдгээр зүйл одоо хүртэл байсан бол Монгол Улсын хөгжил дэвшил, соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засагт хэрэг болох байжээ гэдгийг бид чухалчилж ойлгох ёстой юм.

Монгол Улсад сүм хийдийн үйл ажиллагааг жигд явуулж, хөл дээр нь босгох ажил барагтай явагдсан. Амь насыг нь хөнөөсөн, хэлмэгдүүлэн хорьсны төлөө хувь хүмүүст нөхөн олговор олгосноос сүм хийдэд нөхөн олговор ч юм уу ядаж нийгэмд үйлчлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөөгүй л байгаа. 1990 онд шашин сэргэсэн цагаас сүм хийдэд хэлмэгдлийн нөхөн олговор гэдэг юм уу тохинуулах ажил явагдаагүй. Энэ нь сүм хийдийн үйл ажиллагаа тогтвортой явагдах боломж бүрдэхгүй байгаад байна гэсэн үг.

Хэлмэгдлийг засаг төрөөс харж үзээд ямар нэгэн хэмжээнд сүм хийдүүдийг ажиллах боломжийг нь гаргаж өгвөл нийгэмдээ хэрэгтэй. Хэт үл хэрэгсээд явчихвал нийгэмдээ дарамттай ч болж мэдэх юм гэдгийг бид сүүлийн 30-аад жил харж байна.

“УЛААНБААТАР ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАДЛАМ НАР ОРОЛЦОЖ БАЙСАН”

-Улаанбаатар хотыг барьж босгоход лам нар гол оролцоотой байсан юм билээ. их сонирхолтой түүх санагдсан...

-1911 оны тусгаар тогтнолыг Богд хаан тэргүүтэй оройлон, манлайлан удирдаж, Манжаас салгаж тусгаар тогтнолоо зарласан явдал бол 300-400-гаад жилийн бурхны шашны хөгжил дэвшлийн оргил үе нь гэж үздэг. Эрдэм номын талаар ч гэсэн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж өгөхийн тулд лам хуврагууд ард иргэд, ноёд баядтайгаа хамт оролцож Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг зарлаж байсныг энэ явдал харуулдаг.

Тэрнээс хойш 1921 оны хувьсгалд ч гэлээ лам хуврагууд, буддын шашинтай улсууд оролцсон нь ямар ч эргэлзээ байхгүй. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй удирдагч нар лам байсан, бурхны шашны шүтлэг бишрэлтэй хүмүүс байсан. Түүний баталгаа нь “Шашин, төрөө аваръя” гэсэн уриатай байжээ. 1921 он хүртэл явсан ноёд, баяд, лам, харгүй бүгдээрээ Монгол Улсын төлөө зүтгэснийг энэ байдал илэрхийлдэг юм.

1924 оны Үндсэн хуулиас хойш нэлээн хавчигдал, давчигдалтай болж эхлээд 1937 оны их хэлмэгдэлт явагдаж эдгээр хүмүүсийг дайсан мэт үзэж, амь биеийг нь егүүтгэж, хөрөнгө хогшлыг нь хурааж, эрх чөлөөгүй болгож, асар өндөр хэмжээний албан татвар татаж, үгээгүй ядуу болгох олон янзын ажил явагдсаны дараа үлдсэн лам нар хар болохоос аргагүйд хүрсэн. Хар ба энгийн иргэн бол гэж шаардаж, шахдаг байсан юм билээ.

Монгол Улсын иргэн, хүн юм хойно социализм, коммунизмын бүтээн байгуулалтад тэдгээр улсууд дээд зэргээр оролцсон. Яагаад гэвэл сүм хийдэд боловсрол олсон, бичиг үсэгтэй, нэлээн овсгоотой нь лам нар байсан учраас улсынхаа бүтээн байгуулалтад тэд тэргүүлэх хэмжээнд оролцсон байдаг. Энэ хожим үлдсэн бидэнд мэдэгдэж байна. Үүнийг судалж үзвэл их сонирхолтой судалгаа гарна гэж боддог. Үүнийг бидний үеийнхэн өвгөчүүдээс заримыг нь дуулж байсан. Лам нар их ажил хийсэн юм даа. Лам нарын артель гэж хамгийн түрүүнд байгуулж улсынхаа бүтээн байгуулалтад оролцсон юм. 1937 онд баригдсан лам нар, япон цэргүүдтэй хамт Улаанбаатар хотын анхны байшингуудыг барьсан гэж өвгөн лам нар ярьдаг байсан. Цаашлаад урлаг соёлын байгууллагуудад лам байсан хүмүүс оролцсон байдгийг олон хүмүүс ярьдаг. Түүний нэгэн жишээ Улсын циркийн хамгийн алдартай жүжигчин Данзан, Содном гуай, Улаан малгайт Лувсанжамц гуай тэргүүтэн олон хүмүүс урлагт зүтгэсэн.

10 ухааны оронд суралцсан, урлаг соёлын талд мэдлэгтэй хүмүүс нь тэд л байсан болохоор шинэ цагийн урлагийг судлах арай дөхөм байж. Сүхбаатарын хөшөөнөөс авахуулаад соёлын дурсгалд дан лам нар л оролцсон. Уран Данзан гуай, уран Жамбаа гуай гээд олон хүмүүс оролцсон юм билээ. Ядамсүрэн гуай тэргүүтэй төрийн шагналт зураачид мөн л лам байсан хүмүүс байдаг.

-Бурхны сургаалыг түгээн дэлгэрүүлэх нь шашны өөрийнх нь үүрэг үү, эсвэл төрийн үүрэг үү?

-1990 онд ингэж сайхан ярих боломжгүй, хэцүү хэвээр байсан. Ихэнх боловсролтой мэдлэгтэй улсуудыг нь егүүтгэсэн. Нийтийн дунд ярьж хэлэхийг сүүлийн 60-70 жилд хорьсон байсан. Ийм нөхцөл байдалд үнэхээрийн шашин ярьж, иргэд сүсэгтэнд ном айлдах боломжтой эрдэмтэй хүн ховор болсон байсан даа. Явцын дунд буддын шашныг судалсан, сургууль соёлыг нь төгсөөд ирж байгаа эхний аграмба, лхаарамба хоёр ч лам болсон, ингээд гавж, гэвш нар 20-30-аад хүн болсон байна. Монголд байгаа лам нар нь ч Шашны дээд сургууль, МУИС тэргүүтэй Европ, Америкт олон сургуульд магистр, доктор болж нэлээн боловсролтой болцгоосон. Одоо бол лам нар ард түмэндээ бурхны шашнаа таниулах ажилд идэвхтэй оролцож байгаа гэж үзэж байгаа.

Ард түмний хувьд энэ ном чинь дандаа түвдээр байх юм аа, монгол хэл дээр болгож болдоггүй юм уу гэж асуудаг байв. Тэр үед хүмүүст аваад өгөх орчуулга ховор байлаа. Одоо бол хэдэн мянган номыг орчуулаад, ойлгоход хялбар болгоод хэвлэсэн байдаг. Сонирхож байгаа хүмүүс нь өөрсдөө ирж үзэж судлаад, уншиж болох боломжтой болсон. Дээрээс нь Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, сүсэгтний холбооноос том сургалтууд явуулдаг болсон. Жэвзүндамба төв, Наро Банчэн төв, Асрал төв, Их хөлгөнийн уламжлалыг хадгалах төв гэх мэтчилэнгээр буддын мэдлэг, оюуны хөгжүүлэх сургалтууд явагддаг болсон. Нэг үеэ бодвол өөрөө мэдье гэвэл бүх боломж нь бүрдсэн. Гэхдээ гурван сая монголчуудад бүгдэд нь хүрэх арай л болоогүй байгаа. Бид хичээж л байна. Ард иргэд нь ном сургаалыг таньж мэдэхийн төлөө, лам хуврагууд нь сүсэгтэн олонд тайлбарлан таниулахын төлөө явах аваас амархан түгэн дэлгэрэх бололтой юм байна. Монголчуудын зан заншил, ахуй нөхцөлд нь хамгийн ойр байсан шашин нь буддын шашин.

“БУРХНЫ ШАШИН БОЛ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, ЁС СУРТАХУУН ХОЁРЫГ ЗЭРЭГЦҮҮЛЖ ЯВДАГ НЬ ГАЙХАМШИГТАЙ ЮМ”

-Далай лам буддын шашинт оронд ирэхдээ уламжлалт зан заншил, соёлоо авч явах, уламжлалт шашнаа шүтэхийг уриалдаг. Манайд бол уламжлалт шашнаас гадна, олон шашнууд сүүлийн үед орж ирсэн.

-Энд тухайн ард түмний эрх ашиг байдаг юм байна гэж бодогддог. Тухайн орны эрх ашиг байдаг ч нийтийн үйлээр барилдсан гэдэг ойлголт ч байдаг. Яагаад гэвэл цаашилбал 2000 гаруй жил, наашилбал 400 гаруй жилийн түүхтэй бурхны шашин дэлгэрч, мандаж байсан Монгол шиг улсад зан заншил, соёл, уламжлал нь тухайн шашинтай нягт холбоотой болсон, ихэнх үйл явц нь бурхны шашнаас хамаардаг болсон ийм нөхцөл үүсдэг юм байна. Тийм учраас тухайн ард түмэн нь Хятадаас ч өөр, Оросоос ч өөр Монгол гэсэн төрхийг бий болгож өгдөг. Ер нь манай иргэд өөр шашин болоод өөр үзэл сурталд автаад ирэхээрээ монголчуудаасаа хэл яриа, үйл ажил нь шал ондоо болоод явчихдаг. Үндэсний баяр наадам, монгол дээл хувцас гээд бүх зүйлээ ад үзээд эхэлдэг. Гуравхан сая монголчууд өөрийн гэсэн дархлаатай байя гэж бодвол, өөрсдийн шашнаа эрхэмлэхээс өөр аргагүй юм уу даа гэсэн бодол байдаг юм.

-Улс орныг хөгжүүлэх гол үндэс нь хүн. хүнийг төлөвшүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. тэрний нэгэнд шашин ч бас багтана. Шашин нийгмийн хөгжилд ямар үүрэгтэй вэ. зарим шашингүй үзэлтнүүд шашныг нийгмийн хөгжилд чөдөр тушаа болдог ч гэх нь бий...

-Олон улсад том зарчим байна. Жишээ нь Америк, Орос, Англи, Европын хуучин соёлт орнуудад хүнийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх энэ талаа бодоод хэдий бээр шинжлэх ухааныг үнэлж үздэг болсон ч шашнаа хаялгүйгээр хамт аваад яваа харагддаг юм. Яагаад гэвэл хүний сүсэг бишрэл гэдэг аугаа зүйл юм. Түүнийг харгис, хүнд хөнөөлтэй биш л бол бүх нөхцөлд хүлээн зөвшөөрдөг. Монголын Алтан ургийн их хаадууд мөн тийм байсан байгаа юм. Мөнх хаан хэлэхдээ “Олон шашинтныг эзэлнэ гэдэг нэг хэрэг. Олон шашныг авах, үгүй нь өөр хэрэг” гэжээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж буй нийгмийн илрэл юм даа.

Миний хувьд Европыг хоёр хувааж үздэг. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмтэй улсууд нь Үндсэн хуулиндаа шашныхаа тухай зааж, сүсэглэж бишрэх эрхийг нь нээж өгөөд хамтран зэрэгцэн оршиж XXI зуунтай золгож байгаа. Нөгөө нэг тал нь шинжлэх ухаантай харшилсан ч гэж үздэг юмуу устгая, байхгүй болгоё гэсэн үзэл бодол байж. Тэр нь яван явсаар өөрөө өөрийгөө ялагдуулаад дуусчээ гэж бодогддог. Энэ талаас аваад үзэхээр шашин гэдэг бол хүнд ёс суртахуун суулгадаг нийтлэг чанар байна. Бурхны шашин бол мэдлэг боловсрол, ёс суртахуун хоёрыг зэрэгцүүлж явдаг нь гайхамшигтай юм. Тэр мэдлэгийн хэмжээнд байгаа зүйл нь орчин үеийн шинжлэх ухаантай харшилдахгүй байгаа нь гайхамшигтай гэдгийг нь баталж байгаа байдал. Цогт Наландагийн уламжлалт бурхны шашин шүтдэг монголчууд бурхны шашныг ойлгож мэдэхэд ямар нэгэн шинжлэх ухаан юмуу аливаа нэгэн ололт амжилттай харшилна гэх айдас төрөхгүй юм билээ. Тийм ч учраас бурхны шашин хэд хичнээн дэлгэрэх тусам нийгмийг улам бүлээрүүлж, эв нэгдэл тогтоох, энх тайвныг авч ирэх юм байна. Нигүүлсэл, хайр, энэрлийн сургаал нь эдгээр бүгдийг хүн төрөлхтөнд өгсөөр ирж. Иймээс бид бурхны шашнаа эрхэмлэж, хүүхдүүдийн суурь боловсролын дотор ёс суртахууны сургаал номуудаас оруулах хэрэгтэй. Бурхны шашны ёс суртахууны сургаалд шашин, бурхан, мөргө, итгэ гэсэн ойлголт огтоос байхгүй. Өөрөөр хэлбэл, хүнээ хүн болгож авахдаа шашнаа ашигла гэсэн санаа яваад байгаа юм.

-Тэгвэл ёс зүйтэй, жаргалтай нийгмийг яаж бүтээх вэ?

-Шашин нь дээд зэргийн ёс суртахуун, энэрэл, нигүүлсэл, эх орноо хайрлах хайр, өөр бусдыг хайрлах хайр, ёс зүй гэх мэтчилэнг тогтоож өгдөг үүн дээр суурилсан шинжлэх ухаан байх аваас энэ шинжлэх ухаан жинхэнэ хүн төрөлхтний төлөө болж ирэх юм. Тиймээс шашин нь шинжлэх ухаантай хамт байж дутууг нь нөхөх хэрэгтэй юм уу гэж боддог юм. Бурхны шашныг хөгжүүлэх гэдэг ойлголт байхгүй юм, үнэхээрийн төгөлдөр сургаал гэдэг нь цаг хугацаа өнгөрөх, хүний оюун санаа хөгжих тусам батлагдаж байх шиг ажиглагддаг. Харин уг гүн ухаан, шинжлэх ухаан, сургаал номлолоор нь бид хүнээ хөгжүүлж авах боломжтой. Бурхны ном хүнийг хөгжүүлэх цогц ойлголт юм байна.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

hi [43.250.126.6] 2020-12-02 17:36:56

za ene xun bol ix xudalch lam dur esgesen do yamnii negen uldegdel shuu. olon jil xuurtagdlaa shuu bid.

монгол [103.26.193.70] 2020-12-04 01:07:06

их сайхан санагдлаа сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүс захиалгаар бичсэн мэт санагдлаа

Зочин [178.184.43.175] 2020-12-02 07:53:51

Яасан цадиггуй зуйл бичдэг улс вэ. Дааж давшгуй их зовлонд орооцолдчихоод сууж байж юу ч болоогуй юм шиг хун доромжилцгоогоод сууж байх юм. Мунхагын гай гэдэг энэ байх даа. Бурхан минь энэ харанхуй хумуусийг ядаж жоохон ч гэсэн гэгээруулж хайрла.

Зочин [202.9.46.1] 2020-12-02 11:50:12

та өөрөө бас харанхуй мунхаг хүн юм шиг байна.

Зочин [83.185.83.219] 2020-12-02 07:23:09

Muu shar huvalz ih bayan gesen, yaduust buyan hiigeechee shunalt min!

Зочин [202.126.89.194] 2020-12-01 21:29:22

Үрэл хийх гэсэн чинь чойжамц баасаа өгдөггүй

Зочин [202.9.46.1] 2020-12-01 18:54:15

Энэ лам өвгөн коронавирусын эсрэг үрэл бүтээсэн гэхдээ шашинд итгэдэг хүмүүст тараана тэнэгтэж байсан.

Batar [202.126.90.77] 2020-12-01 18:04:05

Lam nar monqo quiqaaqi e hvmvvs oorsdo. monqoo baruad bi oorto byvan huuj vabaa umaa qj heldeq teqj oilqodq lai lancnuqaa qai bartsadaa. holdyylj bqaa um qj hvmvvs oorsdo torolh zonqooro urdqee medqeq um a vvni hajyyd monqo bol dendvv jujuq asyydal salbaraa sydlaj bj um varj bqaarai hvmvvse orobwolti bn aaa

Зочин [49.195.6.31] 2020-12-01 18:03:33

Survaljlagch mal emchleh argiig n asuugaacheee

Зочин [49.195.6.31] 2020-12-01 18:03:07

700jiliin umnuh emchleh arga yasanbe

Зочин [66.181.161.64] 2020-12-01 17:31:43

Одооний лам нар бурхан болоочийн хойдохын номыг унших гэж ирэхдээ шууд л ахиухан өргөл барьц өгөөрэй битгий хоёрын хооронд юм өгөөд байгаарай гэж хэлдэг болсон байна лээ

ЗОЧИН [202.126.90.64] 2020-12-01 15:51:40

МАНАЙ ЭНЭ ШАШИНД НЭГДСЭН БОДЛОГО, ЛАМ НАРТ ӨГСӨН СУРГАЛТ БАЙДАГ ЮМ УУ ЛАМ НАР ХҮНЭЭС ӨРГӨЛ БАРЬЦ Л АВАХААС ХҮНД ЗОРИУЛЖ БУЯН ХИЙДЭГ ЮМ УУ ЯДАЖ Л НЭГ БУРХАН БОЛООЧИЙН ХОЙДОХЫГ ХИЙХДЭЭ ХҮҮХДҮҮДЭД НЬ НЭГ МОД ТАРЖ 49 ХОНОГ АРЧИЛЖ ХАМГААЛЖ УРГУУЛ ГЭХЭД Л ХҮН БҮР ХАЙРТАЙ ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ МОД ТАРЬЖ УРГУУЛНА ЭНЭ МЭТ САНААЧЛААД ХИЙХ ЮМ ИХ БАЙНА. ЁС СУРТАХУУНГҮЙ БАЙНА ШҮҮ

Зочин [66.181.190.174] 2020-12-01 15:45:19

Нөгөө үхэшгүй мөнхийн үрэл мүрэл гээд хуцаад байсан одоо тараагаачээ хувалз минь

Мөнгөтэйлам [66.181.190.174] 2020-12-01 15:42:48

Бурхны олон шавь нар минь өргөл барьцаа Гандан хийддээ Чой хамбадаа ахиухан өргөөд дотроо сүсэглээд залбираад засал номоо хийлгээд л явчуул одоо болоод явчина шүү дээ. Гол нь өргөл барьцаа л сайн ахиухан өгөөд л байх юм бол удахгүй корона энэ тэр байхгүй болж үхэшгүй мөнхийн хутагыг олноо. Ум базар ваани хумпад пад пад пад.

Зочин [66.181.189.45] 2020-12-01 14:34:16

Монгол улсад шарын шашин буруу тийшээ хөгжиж бгаа Гадаад улсуудад зовлон зүдгүүр гамшиг тахал гарахад хамгийн түрүүнд шашны байгууллага нь хандивтөргөж бүх нийгэмд уриалдаг Гэтэл манай Гандантэгчилэн хийд харин ч нэг үл ойшоож бна Лам нарын боловсрол маш хоцрогдсон Ямар сайндаа л бурхан болоочынхоо хойдын буянд ном уншуулахаар цаг тохироод очиход их мөнгөтэй хүн таараад айлд ирсэн бга Чи аргаа бод гэж хэлж бхав Ийм ёс суртахууны доголдолтой ламбаггуай байтугай хувь хүн ховордож бгаа нийгэм шүү Чадарсан хүн хэзээ ч шандан явдаггүй Зуд болохоор лам нохой таргалдаг гэж .....

монгол [43.242.242.42] 2020-12-01 14:33:41

хөөе та нар одоо л номоо уншиж үрэлээ тарааж нээрээ л үнэн л юм бол ард иргэдээ өвчин зовлонгоос салгаач. Та нар биднээс авсан монеу гоо зарцуул

Зочин [202.126.89.247] 2020-12-01 14:08:43

Lam nar ehleed uursduu shunalaasaa salchih dataa ni hun humuujuuleh tuhai yari ha ha. Manai buddin shashin biznes bolsoo

Зочин [103.57.94.147] 2020-12-01 13:17:18

ӨӨ ӨӨ ӨӨ АА АА АА


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.