Л.Оюун-эрдэнэ: Эдийн засгийн хүндрэлийг засгийн газар, монголбанк, арилжааны банкууд хамтарч даван туулна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа

Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов.

Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд "Монгол Улс цар тахлын нөхцөл байдлыг даван туулж байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, улсынхаа эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр 10 их наядын санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулснаас 2 их наядыг нь жижиг дунд бизнес, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд 3%- ийн хүүтэйгээр банкуудаар дамжуулж зээлээр гаргая, хүүгийн зөрүүг төрөөс даая гэсэн төлөвлөгөө боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллаачээ гэж банкны салбарынхнаас хүсэж байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар ажлын байр 70 орчим мянгаар буурсан. Хөл хорионы дэглэм үргэлжилж, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй байсаар байвал цаашид 130 мянга хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянга төгрөг хүртэл нэмэгдүүлж, ус, цахилгааны хэрэглээ, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авсан. Одоо бид бэлэн мөнгө тараах биш баялаг бүтээгчдээ, салбаруудаа дэмжих зорилго тавьж, тухайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

- Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 0.5,

- Стратегийн ач холбогдолтой төслүүдэд 2,

- Монголбанкны дахин санхүүжилтийн төлөвлөгөөнд 2,

- Орон сууцжуулах төсөлд 3,

- Хөдөө аж ахуйн салбарт 0.5,

- Ажлын байрыг нэмэгдүүлэхэд 2 их наяд төгрөгийг тус тус зарцуулна гэсэн байдлаар төлөвлөсөн юм. Өнөөдөр та бүхэнтэй зээлийн хэрэгжилтэд ямар асуудал байгаа талаар сонсохоор ирлээ” хэмээн Засгийн газраас баримталж буй зарчмаа товч танилцууллаа.

Банкны салбарын төлөөллүүд салбарын өнөөгийн нөхцөл байдал, цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг хүсэж буй банкны секторын бодлогын хүлээлтийн талаар товч илтгэлүүдийг тавьсан.

Банкны салбарынхан зээлдэгчдийн нөхцөл шаардлагыг бууруулах санал гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

“Монгол Улсын гадаад тэнцэл 2016 оны хүнд үеэс үлэмж дээшилж, 9 сарын хэрэгцээг хангах нөөцтэй байгаа нь эерэг үзүүлэлт юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтай богино хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, идэвхжүүлэх нь чухал.

Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухраагаад байна. Хэрвээ санхүүгийн нөхцлийг сэргээхгүй бол эдийн засгийн өсөлт 6.7%-3.3% хүртлээ буурах төлөв ажиглагдаж байна.

Томоохон төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй. Ингэхдээ санхүүжилтийг гадаад талтай хуваалцах нь оновчтой. Тэр бүү хэл зээлийн нөхцөл 0% хүртэл буурах ч эрсдэл байна. Тиймээс эдийн засгаа дэмжих бодлогын хүрээнд банкны нөхцлөө харгалзан мөнгөө эргэлтэд оруулах нь нэн чухал гэсэн юм.

Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар

“Банкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын нийт зардлын гуравны нэгийг технологийн хөгжилд зарцуулж ирсэн нь цар тахлын хямралын үед банкны үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад тусаллаа.

Ингэж салбарын үйлчилгээг цахимжуулахад 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Зах зээлд нийлүүлэгдсэн нийт зээлийн 40 хувийг эрсдэлтэй гэж үзэж байна. Одоогоор 150 мянга орчим зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацаа, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн 55 мянган зээлдэгчийн эргэн төлөлтийг тус тус хойшлуулсан байна. Иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлье, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө буюу ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулъя гэдэг саналтай байна.

Энэ хүрээнд

- Банкууд зээлдэгчдээ тавих шалгуураа багасгаж, эргэн төлөх чадвартай эсэхийг л харах/Үүн дээр ЗГ- аас олон нийтийг тэгш хүртээмжтэй мэдээллээр хангах/

- Төрөөс тавьж буй шаардлага ил тод байх

- Хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх

- Зээлдэгчдээ эрсдэлээс хамгаалах, хяналтын тогтолцоо бүрдүүлэх явдал” гэлээ.

Үндсэн илтгэлүүд дууссаны дараа асуулт, хариулт явагдав.

Монголын Банкны холбооны дэд ерөнхийлөгч Б.Мэдрээ “Зээлдэгчид тавьж буй шаардлагыг багасгах хэрэгтэй. Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан байх зэрэг шаардлагад олон ААН “бүдрэнэ”. Засгийн газраас хэрэгжүүлэх энэ зээлийн төлөвлөгөө бол арилжааны банкуудад ашиггүй ч банкны харилцагчдын орлого нэмэгдэж байвал урт хугацаандаа бүгд хожно. Банкуудын нийт мөнгөний 88 хувь нь иргэдийн л мөнгө учир бид санаа зовохгүй байхын аргагүй” гэж байсан юм.

Сангийн сайд Б.Жавхлан “Төр өнгөрсөн жил 4.1 их наяд төгрөгийн ачааллыг төсөв дээрээ авсан. Цаашид нэмэлт ачаалал авах боломжгүй. Та бүхэн төртэй хамтарна гэж байгаа нь маш чухал дэмжлэг.

2020 онд ДНБ -ний өсөлт 6% буурч 70-аад мянган ажлын байр цомхтгогдсон. Монгол Улс нийт 820 мянган ажлын байртай. Дахиад эрсдэл хүлээж байна. Хэрвээ ингэвэл банкуудын нөхцөл муудвал төсөвт нөлөөлөх эрсдэлтэй. Төсөв мөнгөний бодлого шууд харилцаа хамааралтай учраас хамтарч ажиллах шаардлагатай байна. Иргэдийн мөнгөөр иргэдийнхээ амьдралыг дэмжих гэж байгаа. 10 их наядын төлөвлөгөө банкуудын баланс дээрээ шууд ашиг авчрахгүй ч банкуудад өөрсдөд нь ээлтэй. Банканд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол харилцагч.

Эдийн засгийн хямралыг даваад гарсны дараа банканд сайн харилцагчид бий болно. 48 мянган аж ахуй нэгж байгаагаас 27 мянга нь энэ 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагыг хангаж байгаа тооцоо байна” гэсэн юм.

ХААН Банкны гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяа

“Уул уурхайн бус салбарт олгож буй репо санхүүжилт 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Одоогийн төлөвлөгөөний дагуу манай банкны хувьд нийт зээлдэгчийн 88 хувь нь тэнцэхгүй байна. Тэдний зээл нийт зээлийн багцын 38 хувийг эзэлдэг. Шинэ төлөвлөгөөнд зээлийн нөхцөлд заавал ХХК байна гэж зааж өгөхөөр хөдөө орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байна.

Манай банкны 28 мянган зээлдэгчийн 3,300 нь л тэнцэхээр байна. Тиймээс 500 хүртэл сая төгрөгийн зээлийг бичил бизнес эрхлэгчдэд, 3 тэрбум хүртэлх зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгох байдлаар тавигдах шаардлагын босгыг буулгаж өгвөл зохимжтой. Манай 24 мянган зээлдэгч 50-70 мянган хүнийг ажлын байраар хангадаг” гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Банкны салбарын санал хүсэлтийг шийдье

Салбарын төлөөлөл саналаа ийнхүү илэрхийлж, Сангийн сайд тайлбар өгснөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын дүгнэж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн уулзалтаар миний хувьд банкууд бизнес эрхлэгчдэд хатуу шаардлага тавихгүй байгаач гэсэн хүсэлт та бүхэнд тавих гэж байлаа. Гэтэл эсрэгээрээ банкны салбар маань зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах санал тавьж байгаад баяртай байна. Тиймээс бид энэ асуудлыг эргэж харъя.

Хүнд суртал гаргахгүй байх бүх боломжийн талаар ярилцаж, шийдэл гаргахад нээлттэй. Ажлын хэсэг байгуулъя. Хяналт шалгалтыг багасгахад анхаарна.

Та бүхний санал болгож буй цахим хөгжлийг дэмжих хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх талаар ХЗДХ-ийн сайдтай хамтран ажиллаж, долоо хоногийн дотор шийдэл гаргая. Банкны салбарын цахимжуулах төсөл маш амжилттай хийгдсэнд талархаж байна. Цаашид төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад ч энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа.

Гэрлэлт, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бусад үйлчилгээг цахимжуулах зорилт тавьж ажиллаж байгаа. Мөн та бүхний санал тавьж буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгаж магадгүй.

Цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй. Эрсдэлтэй ч бид хүн амын эрүүл мэндээ, эдийн засгаа дэмжихийн тулд хөл хориог сулруулсан. Тавдугаар сараас хилээ нээхээ зарлачихлаа.

Шаардлага гарсан тохиолдолд аливаа үйл ажиллагааг гэнэт зогсоож, хөл хорио тогтоохгүй. Хамгийн багадаа 14 хоногийн өмнө зарлана. Энэ хооронд төр, хувийн хэвшил гэхгүй бэлтгэл хангах ёстойг бид ойлгож, харж авсан. Тиймээс одоо эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтарч даван туулна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.21] 2021-03-05 12:37:20

Энэ ярилцлагыг анхааралтай сонсож Ерөнхий сайд юу ярих бол гэж ихэд хүлээлээ. Гэтэл тун тааруухан хариулт амнаас гарлаа.Ерөнхийдөө амны пигур сайтай ярианы хүн юм даа гэсэн сэтгэгдэл төрлөө.Бас л боловсролын хэмжээ болоогүй гэдэг нь харагдлаа.Манай улс төрчид маш их сайхан ярьж чаддаг,сэтгэж,хийж чаддаггүйд л гол асуудал болоод байна даа......

ЗОЧИН [202.131.233.190] 2021-03-04 16:41:42

КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ МАШ УДААН ХУГАЦААНД БИД ЗЭРЭГЦЭН АМЬДРАХ БОЛЛОО ГЭДГЭЭ ХАА САЙГҮЙ ОЙЛГОЖ,ҮҮНД ДАСАЖ АМЬДРАХААС ӨӨР АРГАГҮЙ НЬ, ЭНЭ ТАХАЛ ЭНЭ ДЭЛХИЙГЭЭС НЭГЭН ЦАГТ УЛ МӨРГҮЙ, ҮҮРД БҮРМӨСӨН УСТАЖ АЛГА БОЛОХГҮЙ НЬЭЭ, НЭГЭН АГУУ ЭРДЭМТЭН ХЭЛСЭН БН: "ХҮМҮҮН ТӨРӨЛХТӨН ЭНЭ ЦАГ МӨЧӨӨС ЭХЛЭЭД ЭНЭ ЦАР ТАХАЛТАЙ ҮҮРД ХАМТ АМЬДРАНА" ГЭЖ, ЭНЭ ЕР НЬ ҮНЭН БАЙХ ШҮҮ, МАНАЙД ТАСЛАН ЗОГСООЛОО ГЭХЭД ӨӨР НЭГЭН УЛСАД БАЙЖ Л БАЙХ НЬ,БИД, ТӨР ЗАСАГ, АРД ИРГЭД, ГЭР БҮЛ, ХУВЬ ХҮН Ч ЭНЭ ЭРСДЭЛИЙГ ХҮССЭН, ХҮСЭЭГҮЙ ЯМАГТ БОДОЛЦОЖ, ТӨЛӨВЛӨЖ АЖИЛЛАЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Зочин [202.126.90.133] 2021-03-04 15:56:15

Alt zes nuurs ruu mungu hiigeed nugalaad avaad boloo shd! Huvtsas zarj gar utas hiideggui bj


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.