Хүнсний ногооны 50 орчим, улаанбуудайн 15 хувийг хураагаад байна

Aдмин / Нүүр

Улсын хэмжээнд одоогоор хүнсний ногооны 50 орчим, улаанбуудайн 15 хувийг хураагаад байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Энэ хэмжээг ноднин жилийн мөн үеийнхтэй харьцуулбал ижил түвшинд байна. Энэ онд 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-г тариалсан юм.

Ургац хураалтын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодруулсныг тус яамны цахим хуудаснаа мэдээлжээ.

-“Ургацаа бүрэн авцгаая” уриалгын хүрээнд хэчнээн хүн ажиллаж байна вэ?
Одоогоор 10 мянга гаруй оюутан залуус, цэрэг, хууль хүчнийхэн ургац хураалтад оролцож байна.

-Урд шөнө зарим нутгаар нойтон цас орлоо. Цаг агаарын таагүй байдлаас болж тариа налсан уу?
Урд шөнийн нойтон цас, хүйтрэлийн тухайд Сэлэнгэ аймгийн баруун урд, Төв аймгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас ороод, хайлж байна. Маргааш, нөгөөдрөөс ургац хураалт жигдэрнэ. Одоогоор тариалангийн бүс нутгуудаас тариа налсан гэх мэдээ ирээгүй.

-Болц хэр оройтохоор байна. Тариаланчид ангилан хадалт хийж байна гэх юм?
Энэ жилийн тухайд ургац хураалт 10 гаруй хоногоор оройтож байгаа. Үүнтэй холбоотой тариаланчид ангилан хадалтаар ургацаа хурааж эхэлсэн байна. Тэгэхээр ангилан болон шууд хураалт 15 хувьтай байна.

-Ургац хураалт 10 гаруй хоногоор оройтох нь буудайн чанарт нөлөөлөх үү?
Бүс нутгаасаа хамаараад өөр өөр бий. Баруун бүсүүдэд ургацын чанар сайн, Дарханы хойд хэсгээр улаанбуудай жаахан чийгтэй байна. Тэгэхээр баруун тийшээ тариаланчид шууд хураагаад гурилын үйлдвэрүүддээ буудайгаа тушааж байгаа бол зүүн талын тариаланчид ангилан хадаж байна. Бид нийт 589 мянган тн улаанбуудай хурааж авна. Ингэхдээ цаг агаараас үүдэлтэй эрсдэлээ тооцоод буудайн хэрэгцээгээ 100 хувь хангана гэсэн урдчилсан бланс гаргасан. Ер нь 10 дугаар сарын 20 гэхэд ургацаа бүрэн хураадаг. Энэ жил ургац хураалт 10 гаруй хоногоор хойшилж байгаа учир 11 дүгээр сарын нэгэн гэхэд дуусах болов уу.

-Хөдөө аж ахуй, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлсөн нь ургац хураалтад тустай ажил болсон болов уу. Одоогоор хэчнээн машин, техник гаалиар орж ирсэн бэ?
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр одоогоор 50 орчим комбайн оруулж ирсэн. Тоног, төхөөрөмж, техникийн хүчин чадал цаашид ч нэмэгдэнэ. Ингэснээр ургац хураалтад тодорхой ахиц гарна гэсэн үг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.