Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагууд эн тэнцүү өрсөлдлөө

Aдмин / Нүүр

Энэ сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг зохион байгуулж, өнөөдөр дүнгээ гаргаж байна.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас сэргийлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлын зэргийг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нь нэмэгдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадвар, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорих зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг тэмцээнд байнгын бүрэлдэхүүний 3 рот, 8 салаа, хугацаат цэргийн алба хаагчдын 5 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 9 тасаг, нийт 800 гаруй алба хаагч оролцлоо.

Тэмцээнд оролцож буй баг тамирчид гарааны өмнөх ажиллагааны үеэр гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, нормативын бэлтгэлийн гүйцэтгэлт зэргээр өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд 6 км-ийн маршийн явцад гранатын мэргэн шидэлт, ерөнхий цэргийн саадын зурвасыг туулах, босоо, суугаа, хэвтээ байрлалаас буудлага үйлдэх, эзлэгдсэн объектыг чөлөөлөх, байгалийн саадыг туулах, хөнөөлийн голомтод төрөл бүрийн нормативыг гүйцэтгэх, азимутаар хөдөлгөөн үйлдэх, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн нормативуудыг боловсруулах зэрэг дасгалуудыг амжилттай гүйцэтгэн, барианд орсноор рот, салаа, тасгийн нэгдсэн дүн гардаг юм.

Энэ жилийн марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний дүн гаргах, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, тэмцээнийг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд оролцсон юм.

Тэмцээний нэгдсэн дүнгээр:

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний ротын төрөлд:

  • тэргүүн байрт Хошууч генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ахмад Б.Ариунболд захирагчтай рот;
  • дэд байрт Бригадын генерал Б.Баатар командлагчтай Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Ахмад Б.Цээноров захирагчтай рот;
  • утгаар байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахмад Б.Анхбаяр захирагчтай рот.

Байнгын бүрэлдэхүүний салааны төрөлд:

  • тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч М.Цэрэнням захирагчтай салаа;
  • дэд байрт Хошууч генерал Г.Ариунбуян даргатай Онцгой байдлын Ерөнхий газрын Дэслэгч А.Нямбаяр захирагчтай салаа;
  • гутгаар байрт Хурандаа Р.Чингис даргатай Дотоодын цэргийн штабын Дэслэгч Б.Бумбаяр захирагчтай салаа.

Хугацаат цэргийн алба хаагчтай салааны төрөлд:

  • тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн захирагчтай салаа;
  • дэд байрт Бригадын генерал П.Жаргалан захиралтай Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахмад Т.Бямбацогт захирагчтай салаа;
  • гутгаар байрт Хошууч генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Дэслэгч Л.Мөнхбат захирагчтай салаа.

Эмэгтэй тасгуудаас:

  • тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Н.Ууганцэцэг захирагчтай тасаг;
  • дэд байрт Бригадын генерал П.Жаргалан захиралтай Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахлах ахлагч П.Ганзаяа захирагчтай тасаг;
  • гутгаар байрт Цагдаагийн хурандаа П.Батбаатар захиралтай Дотоод Хэргийн Их Сургуулийн Дэслэгч Г.Чимэгсүрэн захирагчтай тасаг тус тус шалгарлаа.

Энэхүү тэмцээний тэргүүн, дэд болон гутгаар байр эзэлсэн рот, салаа, тасгийн бие бүрэлдэхүүнд шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медалийг хүндэт зочид гардуулсан бөгөөд уг тэмцээнд оролцогчдын цар хүрээ, ач холбогдол улам бүр нэмэгдэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, дадлага, туршлага ихээхэн дээшилснийг албаныхан онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд марш-тусгай бэлтгэлийн аварга рот, салаа, тасаг шалгаруулах тэмцээний аваргууд ийнхүү тодорлоо гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.21] 2022-05-24 15:59:26

Ажилгүй авилгачин авгайчин монголын цэрэг цагдаагийнхан жилд нэг өдөр чацага баастайгаа холилдож алийгаа алдаж зугаагаа гаргадаг өдөр нь лаларууд ...

Зочин [203.91.119.42] 2022-05-25 00:21:41

армид чацага царайлж байсан хүн байна даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.