Засгийн тэргүүн ээ, хятадууд ирэхээс өмнө боомтоо, автозамтайгаа  яаравчил

Aдмин / Нүүр

Монголчуудын эдийн засагт үр өгөөжөө өгөх Цагаан дэл уулын боомтын тухай асуудал яригдсаар даруй 8 жилийг үдчихээд байгаа. Гэтэл саяхнаас энэ боомтын тухай ярьж, бүтээн байгуулалтын ажил бага боловч урагшлах янзтай болж байгаа талаар ярьцгааж байна.

Энэ боомт ажиллагаанд орсноор экспортыг нэмэгдүүлэх гол гарц хэмээж 2014 онд Хятад Монголын Засгийн газар хооронд харилцан тохиролцож ӨМӨЗО-ны 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон байдаг. . 2014 оноос хойш яригдсан эл ажил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед зогссон гэж бултаараа ярьдаг. Тэгвэл өдгөө харин урагшлах өнгө аяс үзэгдэж эхэлсэн нь сайндаа ч биш Хятадын Засгийн газрын сайд нар удахгүй ирэх учраас тэрбээр ийнхүү хөдөлгөөнд орсон болж таараад байгаа юм.

Үнэндээ яригдсанаасаа хойш бараг 10 жил рүү дөхөж байгаа учраас хөршийнхөө сайд нарыг ирэхэд хэлэх үгтэй, хийсэн юмтай харагдах шаардлагатай. Тиймээс л тэрбээр Цагаан дэл уулын боомтыг дөнгөж 3 хоног туршилтаар нээчхээд “САЙН” гэх үнэлгээ өгчхөөд хөршүүдийнхээ өмнөөс харж суухаар шийдэв бололтой. Хятадууд хашир, бас туршлагатай, хэзээнээс ажилч хичээнгүй улс. Тиймээс манайхан ахархан ч гэсэн зам тавьж угтахгүй бол тун тоогүй.

Иймд Өмнөговийн Ханхонгор сумын “Тавантолгой-Барууннаран” чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” боомт хүртэлх 270 км замаа бариад эхэлбэл наанадаж ерөнхий сайдын нэр нүүрт, цаанадаж мөнхийн шороо тоосон дунд амьдарч буй малчид, хөдөөгийн иргэдэд маань ч тустай шүү дээ.

Товчхондоо бол Хятадын Засгийн газрын сайд нарыг ирэх сургаар биш Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө чин сэтгэлээсээ, эртхэн шиг хөдөлсөн бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ынх нь нэгээхэн хэсэг болчихсон хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй байх байлаа. Юутай ч 3 хоног ч бай 30 цаг ч бай Цагаан дэл уулын боомтын ажлыг эхлүүлсэн дүр зураг харагдуулахаар хичээсэн бол ядаж 270 км замаа хурдлуул. Гэхдээ л хөршүүд маань итгэх болов уу. Бүтээн байгуулалт гэрээ хэлэлцээрийнхээ араас чих тавьж байсан хүмүүс шүү дээ.