Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй. Тэгвэл тус баг өнгөрсөн гуравдугаар сард элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийж, өнөөдөр өвчтөний биеийн байдал сайжраад байна.

Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд төрсөн дүү нь элэгээ өгчээ.

УНТЭ-ийн Гүйцэтгэх захирал, АУ-ны доктор Б.Хишигжаргал элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслын үеэр “Элэг шилжүүлэн суулгах мэс засал нь орчин үеийн анагаах ухааны хөгжлийн томоохон үзүүлэлт юм. Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлснээс хойш 200 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд мэс заслын эмчээс гадна мэдээгүйжүүлэг унтуулгын эмч, лаборатори, дүрс оношилгоо, дотрын эмч, сувилагч зэрэг маш олон баг ордог.

Манай эмнэлэг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын долоо хоногтоо нэг удаа хийх хүчин чадалтай хэдий ч үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага их байгаа учраас менежментийг эмнэлэг дотроо хийж, аль болох шаардлагатай гэсэн хүн болгонд мэс засал хийж ажиллаж байна.

2022 онд хийсэн мэс заслын тоог харвал 2021 оныхоос даруй хоёр дахин их байна. Энэ нь манай эмч, мэргэжилтнүүдийн чадвар, зүтгэлийг харуулж байна. Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого барин ажиллах болно” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн:

сонин mn

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт элэг шилжүүлэн суулгах мэс засал нутагшаад 10 гаруй жил болж байна. Өнөөдрийн байдлаар бид 200 гаруй өвчтөний алтан амийг аварч, элэг шилжүүлэн суулгах өндөр технологийг эх орныхоо хөрсөнд бүрэн нутагшууллаа. Элэгний эмгэг эцсийн шатанд орсон өвчтөнүүдийг бид өмнө нь эмчилж чаддаггүй байсан бол өнөөдөр дийлэнх хувьд нь мэс засал хийж, амийг нь аварч чаддаг болсон. Энэ нь УНТЭ-ийн хамт олны том гавьяа гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэдий цар тахалтай хүнд хэцүү байсан ч элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон 80 орчим өвчтөнд мэс засал хийжээ. Цаашид бид Монгол Улсдаа судасны банктай болох, хос донороос элэг шилжүүлэг суулгах, нойр булчирхай шилжүүлэн суулгах зорилт тавин ажиллаж байна.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Б.Бат-Ирээдүй:

сонин mn

Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа хийж байна. Үйлчлүүлэгчийн хувьд 47 настай, эрэгтэй Б. Элэгний B, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч байна. Түүнд төрсөн дүү нь элэгээ өгч байна. Бид 2011 онд анхны амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын Асан эмнэлгийн эмч нартай хамтран хийж байсан бол 2015 оноос хойш өөрсдөө бие дааж хийгээд 200 дахь мэс заслаа хийж байна. Анх О.Сэргэлэн багш элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийнэ гэхэд эрчимт эмчилгээ ч байхгүй, цөсний хүүдийг ч авч чадахгүй хүмүүс яаж энэ эмчилгээг нутагшуулах вэ гэж ярьж байсан бол өнөөдөр бид энэ эмчилгээг эх орондоо бүрэн нутагшуулаад дараагийн түвшний эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилт тавин ажиллаж байна.

УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх, Төрийн соёрхолт, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн, Д.Чулуунбаатар:

сонин mn

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын мэдээгүйжүүлэг нь маш удаан үргэлжилдэг. Дунджаар 15-20 цаг орчим өвчтөнийг унтуулах, мэс заслын үед гарсан хүндрэл, эрсдэлд унтуулгын эмч бэлэн байх ёстой. 10 жилийн хугацаанд элэг шилжүүлэг суулгах баг маань элэг шилжүүлэн суулгах мэс заслыг олон төрлөөр хийлээ. Жишээлбэл амьд донороос элэг шилжүүлэн суулгах, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах, баруун, зүүн дэлбэнг тайрах, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах, цусны бүлэг ондоо хүнээс хийх зэрэг маш олон төрлийг нутагшуулаад байна. Энэ эмчилгээг нутагшуулахад эмч, мэргэжилтнүүдээс гадна эмнэлгийн удирдлагуудын тусламж, дэмжлэг их байсныг мартаж болохгүй.

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор О.Баярмаа:

сонин mn

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд элэгний эмч нар маш чухал үүрэгтэй оролцдог. Элэгний эмгэгийн төгсгөлийн шатанд байгаа өвчтөн болон доноруудыг үнэлэх болон сонгох, элэгний эмгэгийн төгсгөлийн шатанд байгаа үйлчлүүлэгчийг элэг шилжүүлэн суулгах мэс засалд бэлтгэх үйл ажиллагааг элэгний эмч нарын баг гүйцэтгэдэг. Элэгний эмгэг үүсэх үед элэг гэмтээд зогсохгүй бусад бүх эрхтэн тогтолцоо буюу тархи, зүрх, бөөр, цус бүлэгнэлтийн систем гээд бүхий л эрхтэн тогтолцоо гэмтсэн байдаг. Тийм учраас эдгээр өвчнийг зөв тогтоож, мэс засал хийгдэх 12-16 цагийн хугацааг дааж гарах хэмжээнд өвчтөнийг бэлтгэдэг.

Элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг.

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар - 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар - 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлтэй дүйцхүйц хэмжээнд хүрсэн. Энэ нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилт юм.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn


Сэтгэгдэл

Ган [203.91.117.8] 2023-05-28 18:16:36

Баяр хүргиё


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.