Б.НАРАНБААТАР: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД НЭГДЭЖ ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ

Aдмин / Нийгэм

"Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хуралд 11 орны хэвлэл мэдээллийн салбарынхан чуулжээ. Энэ үеэр МУИС-ийн Сэтгэл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор Б.Наранбаатартай ярилцлаа.


-Өнөөдрийн чуулганд 11 орны төлөөлөл иржээ. Дэлхийд хэвлэл мэдээллийн өрсөлдөх чадвараараа Монгол Улс хэр яваа гэж харж байна вэ?

-Монгол Улс ардчилсан улс. Ардчилсан улс гэдгээ хэрэгжүүлж байгаа хууль, хэвлэл мэдээллийн салбарын орчин өрсөлдөөн, хувь хүний эрх чөлөөний илэрхийлэл болсон янз бүрийн үйлдэл, түүнийг нийгэм хүлээж авч буй байдал, түүний үр нөлөө олон зүйлээрээ бид үүнийгээ баталгаажуулж, харуулж чаддаг. Хэвлэлийн эрх чөлөө болоод хүний эрх чөлөөний индексээрээ бид хэдийгээр хагас эрх чөлөөтэй гэх статуст багтаж явдаг ч Монгол бол евроазийн том газар нутагт ногоон өнгөөр харагддаг ганц улс орон. Нэг хүнд оногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, 1000 хүнд оногдож байгаа хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүний тоо, интернэт мэдээллийн технологийг ашиглаад мэдээлэл хүртэж байгаа, хүлээн авч байгаа, мэдээллийн урсгалд оролцож байгаа идэвх зэргээрээ азидаа Монгол Улс дээгүүрт ордог. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд төр засаг, улстөрчдийн нөлөө, эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөө их байна гээд бид тоочоод байвал зовлон их. Зовлонгоо тоочихгүй бид байгаа байдлаа бусадтай, дэлхийн улс орнуудтай биднээс илүү зовлонтой улс орнуудтай харьцуулаад харах юм бол Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар ямар ч байсан эрүүл зам дээр яваа. Ардчилсан зам дээр яваа.

-Дэлхий даяаршихын хэрээр хэвлэл мэдээллийн салбар ч гэсэн даяаршиж байна. Сошиал орчинд мэдээллээ хүмүүс түгээгээд, хамаг санхүүжилт орлогоо Твиттер, Фэйсбүүк буюу гадны хоёр платформд өгчихөөд, үндсэн хэвлэл мэдээллийн салбарт санхүүжилт оруулахаа болилоо. Энэ өрсөлдөөн дунд хэвлэл мэдээллийн салбар яаж өрсөлдөх ёстой вэ?

-Хэрвээ бид чөлөөт ардчилсан сэтгүүл зүйг зарчим болгож явж байгаа бол хэвлэл мэдээллийн салбар дахь чөлөөт өрсөлдөөн гэдгийг чиг шугамаа болгож явж байгаа бол төр, төрийн субъектийн дураараа цацаж байгаа мөнгөнөөс надад өгсөнгүй гэж гомдоллох ёсгүй. Чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийг үнэлж, хүндэлж тэр зах зээлийг хөгжүүлье гэж бодож байгаа бол хэвлэл мэдээллийн салбар мөнгө босгох хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн нэг арга зам байна. Тэр бол шударга зар сурталчилгаа. Цэвэр бизнес, цэвэр нийгмээс босгож ирэх.

-Гэтэл жишээ татъя л даа. Хуульч Б.Мэргэн саяхан нэгэн ярилцлагадаа “29 тэрбум төгрөгийг 18 телевиз үйлчилгээ үзүүлээгүй байж сул хувааж авч байна” гэж дурдсан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжээд заримыг нь огт орхиод байгаа нь ямар учиртай вэ?

-Монгол цөөхөн хүн амтай. Цөөхөн хүн амтай мөртлөө хэтэрхий олон гэж хэлж болохоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Өмнөх онд 512 байсан бол энэ онд 486 болсон гэсэн тоо гарсан. Энэ нь үнэн бодит уу гэдэг нь эргэлзээтэй. Уламжлалт хэвлэл мэдээллийн тоо нь багасаад, онлайн буюу мэдээллийн сайт гэж нэрлэгдэж байгаа хэвлэл мэдээллийн тоо жил бүр өсч байна. Хэвлэл мэдээллийн зах зээлд чөлөөт өрсөлдөөн байгаа юу. Шударгаар мөнгө олж байгаа юу. Шударгаар сэтгүүл зүй, чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн зарчмаар бид алхаж чадаж байгаа юу гэдэг нь өөрөө том асуудал. Энэ бол зөвхөн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зовлон биш. Орчин үед хэвлэл мэдээллийн салбар хаанаас санхүүжих вэ, хаанаас мөнгө олох вэ гэдэг асуудал бүх судлаач, хэвлэл мэдээллийн менежер, редакциудын толгойд байгаа. ялангуяа хөгжиж буй, хөгжингүй, ардчилсан сэтгүүл зүй хүний эрх, эрх чөлөөний төлөө явж байгаа улс орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилтийн шинэ арга хэлбэр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэ бизнес модул, загварыг бий болгох гэдэг өөрөө том асуудал болчихсон.

Хариултууд байгаа юу гэвэл байгаа. Хариултууд гарч ирж байгаа. Цаана нь шийдлүүд яригддаг. Зөндөө олон шийдэл байна. Тухайлбал, хөгжингүй орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгсэл дан ганц бизнесийн зар сурталчилгаагаар оршин тогтнох боломжгүй болчихлоо. Үйл ажиллагааны зардал өндөр болчихлоо. Маркетерууд бидэн рүү хандах нь бага болчихлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүр хуудсан дээр буудаг эсвэл нэг секундэд оногддог реклам зар сурталчилгааны орлого нь багасчихлаа. Тэгвэл орлого хаанаас олох вэ гэдэгтээ хариу хайж эхэлсэн. Жишээ нь, барууны хүн ам ихтэй, сэтгүүл зүйн хараат бус байдлаа хадгалахыг хүссэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн тодорхой брэнд нэр хүндийг бий болгож чаддаг. Тэр брэнд нэр хүндээ өөрсдөө бий болгоод, түүнийхээ хажууд бизнестэй болдог. Хажуудах бизнес нь юу ч байж болно. Хүүхдийн тоглоом, аялал жуучлал зэргээр юу ч хийж болно. Тэр бизнесийг авч явах, брэндийг хадгалах нэр хүнд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь жинхэнэ утгаараа сэтгүүл зүйгээ авч явдаг хосолмол бизнесээр явдаг болсон. Бие биенээ дэмждэг, гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ жинхэнэ цэвэр сэтгүүл зүй, олон нийтийн эрх ашгийн төлөө оршин тогтнодог бизнесийн моделийг хөгжүүлээд эхэлж байна.

Хоёрдугаар загвар нь, моданд орж байгаа нэг хэлбэр нь шуурхай мэдээллийн төлөө өрсөлдөхөө больё. Яаж ч хурдан мэдээлэлтэй байсан үйл явдал дээр сууж байгаа твиттер аккаунт твиттерт жиргэж байгаа хурднаас давж гарахгүй. Мэдээллээ нягтлаад, редакцдаа очих гэсээр байтал дэлгэрүүлэх гэсээр байтал хэн нэгэн жиргэчихнэ. Хэн, хаана, хэзээ, хэрхэн, яаж гэдэг асуултад хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой аккаунтаас түрүүлж мэдээлэх ямар ч боломжгүй болчихлоо. Тэгэнгүүт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай байдал дээр хоорондоо өрсөлдөхөө больё. Сошиал медиа дээр ч уралдахаа больё. Харин чанарын төлөө, нийгмийн төлөө, хөгжлийн төлөө явъя. Тодорхой асуудлыг шийдэх гарц гаргалгааны төлөө явъя. Сайн гарц хаана байна, түүнийг судлахад цаг хугацаа зарцуулъя. Түүнийг олон нийтэд хүргэхэд зарцуулъя. Түүнээс биш хэн, хаана, хэзээ, яаж гэдэг дээр хоорондоо уралдаад яваад байх юм бол сошиал орчныг ч гүйцэхгүй, өөрсдөө ч унаад бүдрээд дуусах юм байна гэдэг чиглэл рүү орсон. Тиймээс одоо шийдлийн сэтгүүл зүй, хөгжлийн төлөө сэтгүүл зүй гээд сэтгүүл зүйн шинэ урсгалууд их хүчээ авч эхэлж байна.

-Хувийн бөгөөд өөр өөрсдийнхөө санхүүжилтийг бие даагаад явж байгаа хэвлэл мэдээллийн салбарыг хууль эрх зүйн орчинд боомилох боллоо. Хэмнэлтийн хууль гэж гаргаад л өдөр тутмын сонин захиалгыг зогсоогоод, тендерийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлуулахгүй гэх болсон. Төр хувийн хэвлэл мэдээллийг боомилоод эхэлхээр бид яаж оршин тогтнох вэ?

-Хяналтаа сайн тогтоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдээд хяналтаа тавих ёстой. Авлигал ярихаараа, ЖДҮ-ээ ярихаараа, БЗС-гийн будилааныг ярихаараа бүгд нэгдээд чанга дуугараад, хөдөлмөрлөөд л, баримт дэлгээд нэгдээд явж чадаж байна шүү дээ. Хуулиудыг хэлэлцэж байхад нь, боловсруулж байх үед нь ажлын хэсгүүд дээр нь идэвхитэй бай л даа. Хаа хамаагүй хуулийн тодорхойгүй заалтаар дам утгаар нь хянаад эхэлж байхад нь олж харахгүй байсаар байгаад хэрэгжээд эхэлсэн хойно нь араас нь хашхирч байна. Энэ хууль ингэж үйлчлэх гээд байна шүү гэдгийг урьдчилж харж, ярих ёстой. Бидэнд уг нь бамбай байгаа шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг цуцлаагүй хэвээрээ байгаа.

Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарласан, агуулгад нөлөөлсөн ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй. Тийм хууль тогтоомж батлахгүй гэдэг амлалтаа 1998 онд өгчихсөн. Тэгвэл энэ хуулиа бариад, хэвлэл мэдээллийн салбарт хамаагүй ч байсан ямар нэгэн холбогдолтой байж болох бүх хуулийн заалт дээр батлагдахаас нь өмнө, хэрэгжээд торгуулийн хуудас авчраад өгчихөөс нь өмнө түүнийг нь хянаж чаддаг чадамжтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байх ёстой. Сэтгүүлчид тийм байх ёстой. Хууль яригдаж эхлэхэд, боловсрогдож байхад нь Их хурал дээр яригдаж байхад нь энэ зүйл заалт чинь дам дамаа ингэж нөлөөлөх гээд байгаа юм биш үү гээд урьдчилсан байдлаар бойкот тавьдаг, урьдчилсан байдлаар олон нийтэд мэдээлдэг, урьдчилсан байдлаар сэтгүүл зүйн салбартаа мэдээлж чаддаг ийм чадамжтай редакциудтай болмоор байна. Бид хоцорч ажиллах биш төрөөс түрүүлж ажиллаж байж олон нийтийн хяналт гэдэг зүйлийг тавина. Түүнээс биш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуугүй байгаад байх юм бол аль болохоор өөрт ашигтай хувилбаруудаар нөгөө хайрцгаа бариад л сууж байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.62] 2023-05-28 10:16:42

Хэвлэлийнхэн худал тарааж, ирээдүйн үйл явдлыг өөрчлөх гээд байдаг юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.