Бурхан багшийн их дүйчинг угтаж нийтээр ТАХИЛ өргөнө

Aдмин / Нийгэм

"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сар тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Харин зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх Ням гаригт /2023.06.04/ тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч амралтын өдөр таарч байгаа учир нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж. Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Тиймээс тухайн өдөр буян үйлдэхээс гадна их дүйчин өдрийг угтсан соёлын болоод эрдмийн үйл ажиллагаанууд олноор зохиогдох юм байна.

Нийтээр тахил өргөх ёслол төв гандангийн гадна талбайд өнөөдөр /2023.05.30/ болно.

Төргүүлэх нийтийн буяны болон эрдэм соёлын үйл ажиллагаа нь бүх хүнд нээлттэй гэсэн юм. Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн их дүйчэн ажлын хэсгээс санаачилан зуны тэргүүн сарын шинийн 8-15-ныг хүртэл Батцагаан дуганы талбайд Бурхан багшийн гурван дүрд олон нийтээр тахил өргүүлж, буян хураалгах үйл ажиллагааг зохион байгуулна.

Жавзандамба хутагт төв ханд дагинасын буулттай зуны тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр 10:00-18:00 цагт олон нийтээр тахил өргүүлж, нийтийн буяныг арвидуулах үйл ажиллагаа болох аж.

Тахил өргүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт:

  • 10:00-10:15 цагт нээлт /Жавзандамба хутагт төвийн Буддын оройн ангийн оюутнууд монгол хэлээр аврал итгэл одуулна/
  • 10:00-18:00 цагт Бурхан багшийн гурван дүрд усан ба цэцгэн тахил олон нийтээр өргүүлнэ.

Мөн 10:00-18:00 цагт Жавзандамба хутагт төвийн асарт Цогт Наланда хийдийн 17 бандидагийн намтар, өдөр тутмын уншлага ном, үлгэрийн далай судар I, II, III цуврал, "Сэтгэлийн амин дэм" сургамжит өгүүллэг I, II, III, Бурханы шашны сэдэвтэй даавуун тор, стикер, соронз зэрэг Их дүйчэн баярт зориулсан худалдаа гарах аж.

Эдгээрээс гадна хүүхэд залуусд эртний бар хэвлэл болон цутгуурын урлалын арга танилцуулах соёлын үйл ажиллагаа өн болохыг МБШТГХ-ээс мэдээллээ. Хүүхэд залуус хоёр төрлийн модон бар дээр бэхээ түрхэж дээр нь муутуу цаас тавьж өнхрүүшдэн өөрийн гараар монгол хээ барлан авах боломжтой. Мөн цутгуурын урлалтай танилцаж, хэвэнд шавраар цутгуур хийж, өөрийн гараар цутгуурын бүтээл хийх боломжтой байна.

Энэ өдөр хийсэн буян мянга, түм арвижна гэж үздэг байна.

Бурхан багшийн их дүйчин өдрөөр:

  • Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих
  • Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх. Гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах. Хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
  • Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх
  • Ядуу, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
  • Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
  • Бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
  • Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулахыг чухалчилдаг байна.


Сэтгэгдэл

Зочин [5.136.252.231] 2023-05-31 11:19:06

Их буяанд даган баясъя...хурай хурай хурай

Зочин [183.177.97.70] 2023-05-30 12:23:54

дээдийн буянд нь даган баясья


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.