М.БАЯРАА: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД АРГА БИЛГИЙН ХЭВ ЗАГВАРТАЙ САКУРАГИЙН ТӨГӨЛ БАЙГУУЛЖ БАЙГАА

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа тохижилт, ногоон байгууламжийн ажил болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Түүний ярьсан хот тохижилттой холбоотой мэдээллээс онцлох зүйлсийг хүргэж байна.

Нийслэлийн ариутгал халдваргүйжилттэй холбоотойгоор 317 автобусны буудлуудыг угааж цэвэрлэсэн байна. Түүнчлэн хүн ихээр цугладаг томоохон захуудын бохирдсон хөрсийг ариутган дээж авч үнэлэлт хийх ажлыг хийж байгаа аж.

Улаанбаатар хот “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 120 сая гаруй мод тарьж ургуулах амлалтыг авчээ.Үүнээс энэ жил 237,000 цэцэг, 20,500 м.кв талбайд зүлэг, 18,500 ширхэг мод сөөгийг тарихаар төлөвлөжээ.

Эдгээр ногоон байгууламжийн ажлын 96 хувийг хувийн хэвшлийн байгууллагууд гүйцэтгэхээр болсон байна.

Засгийн газрын 340-р тогтоол, бизнест төр оролцохгүй гэсэн үндэслэлээр хувийн хэвшлийн хэрэгжүүлж чадахуйц үйл ажиллагаа буюу ургамал тарих, арчлах, зам талбай цэвэрлэх зэрэг ажлуудын 60 хувь нь хувийн хэвшил рүү шилжээд байгаа бөгөөд цаашид 100 хувь хариуцуулахаар болсон байна. Харин үер усны хамгаалалт, далан шуудуу цэвэрлэх зэрэг онцгой байдлын үеийн болон ундны устай холбоотой ажлуудыг төр хариуцаж үлдэх зорилготой байгаа аж.

“СААРАЛ УС АШИГЛАСАН НЭГДСЭН УСАЛГААНЫ СИСТЕМИЙГ БАЙГУУЛАХААР АЖИЛДАА ОРСОН”

Улаанбаатар хотын тодорхой байршлуудад ургуулж буй дэлгэмэл өвсний хувьд ургалт нь удаан ч ургасан хойноо 10-11 сар хүртэл байдаг. Гол нь усалгааны асуудал чухал байдаг аж.

Хот 70, 80 онуудад нэгдсэн усалгааны системтэй байсан ч сүүлийн үед энэ нь байхгүй болж усны машинаар усалдаг болжээ.

Тиймээс нийслэлээс хоёр байршил дээр хөрсний саарал ус ашигласан нэгдсэн усалгааны системийг байгуулахаар ажилдаа ороод байгаа юм байна.

“ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД САКУРАГИЙН ТӨГӨЛИЙГ БАЙГУУЛЖ БАЙНА”

Төв цэнгэлдэх хүрээлэнд арга билгийн хэв загвартай сакурагийн төглийг байгуулж байгаа бөгөөд ирэх жил болон түүний дараагийн жилээс цэцэглэж эхлэх аж.

Улаанбаатар хотод өрнөж буй засварын ажлууд:

  • Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын дулааны сүлжээн нийт 19 байршил дээр 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилж, засварлах ажлууд хийгдэж байгаа юм. Тус ажлын хүрээнд зарим хэсгүүдийн хэрэглээний халуун усыг хязгаарлаад байгаа билээ. Дараа долоо хоногт халуун ус хязгаарлаж буй хуваарийг энд дарж харна уу.
  • Улаанбаатар хотын 20 байршил дээр нийт 15,463 мкв явган хүний замыг засварлаж шинээр хийх ажлыг хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 50 хувьтай явж байгаа аж. Үүнд 23-р сургуулийн урсгал сөрдөг хэсэг, 44-р сургуулийн граштай, шороон замтай хэсгийг бүтэн зам болгосон, 107-р сургууль руу орох замыг хийсэн, 32-ын тойргийн хүмүүс алхах боломжгүй байсан замыг шинэчилсэн зэрэг ажлуудыг хийжээ.

Эдгээр замын ажлууд дээр Нийслэлийн стандартын газар очиж зөвлөмж хүргүүлж ажиллаж байгаа учраас гулгах асуудал үүсэхгүй гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцлон хэллээ.

Түүнчлэн гэр хорооллын 16 байршилд (Баянголд хоёр, Сонгинохайрханд тав, Баянзүрхэд тав, Хан-Уулд гурав, Багануурт нэг) бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй ажил долдугаар сарын 10-нд хийгдэж дуусахаар болжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.135] 2023-06-09 16:49:10

govid sakura-tai adil tsetsegledeg buils geedmod bii. zaaval gadaad yum nutagshuulah hereggui. mongol builsaa delhiid japan shig surtchilah estoi

Зочин [192.82.81.46] 2023-06-09 16:23:04

Бурхан минь, ашнүй дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.