Төв аймгийн Жаргалант сумын тариаланч М.Даваанямынх энэ жил 400 тонн төмс хураана
Зүүн уулын суганаас алгуурхнаар хөөрөх нарны туяа өвс халиурсан талыг шаргалтуулж орхив.
Зөөлөн салхины аясаар долгиолох дэрсний толгойд сандайлсан шүүдрийн дусал илч муутай нарны туяанд гялтганаж үзэгдэх нь намар авхайн уран бүтээл ажээ. Бөртийх ч үүлгүй тунгалаг тэнгэрийг хээлж таван шувуу умардыг зорих замдаа ганганалдах чимээ алсад сонсогдох нь намрын дуу гэлтэй. Уран зураг шиг намрын өглөөний үзэсгэлэнг тольдох завсарт зүүн уулын бэлд шовойх таван ханатаас 40 эргэм насны эр огло харайж гармагцаа цэнхэр тракторын кабинд үсрээд суучихав.
Тал нутагт тухалсан намрын өглөөний аниргүйг цэнхэр тракторын тачигнасан дуу эвдэж хаяв.
Төв аймгийн Жаргалант сумын тариаланч М.Даваанямаар ахлуулсан бригадын ажлын нэг өдөр эхэлж байгаа нь энэ. Анх 2004 онд аавынхаа хамт алга дарам газарт ногоо тарьж эхлүүлсэн ажил нь өдгөө өргөжин тэлж том бригад болжээ. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энэ бригадын нэг өдрийг сурвалжилснаа хүргэе.
Эднийх Жаргалант сум руу салдаг самбарын урд талд нийт 37 га талбайд төмс, манжин тариалжээ. М.Даваанямын бригадын ажил өглөөний нартай уралдаад эхэлдэг. Цэнхэр тракторын дуунаар сэрсэн хүүхдүүд халуун цай боорцог идээд ажилдаа гарахад Давааням аль хэдийнээ гурван мөр талбайн хөрсийг эргүүлчихсэн түр амсхийх зууртаа тамхилж зогсов.
Энэ завсарт нь амжиж түүнтэй таван үг солилоо. Энэ жил ургацын үр дүн сайнгүй байгаа гэнэ. Өнгөрсөн жил га талбайгаас 20-25 тонн ургац хурааж байсан бол энэ жил 10-11 тонн болж буурчээ. Үүний үндсэн шалтгааныг тодорхойлохдоо сүүлийн жилүүдэд яригдаад буй чийгийн өвчинтэй холбож байна. Тодруулбал их чийг ногооны ургах явцын сатааруулдаг явдал түгээмэл ажиглагдах болж. Зөвхөн эдний талбай ч биш Жаргалант сум даяар ургац хураалт тааруу байгаа гэнэ. Энэ жил наадмын өмнө чийгийн өвчнөөс сэргийлж төрөл бүрийн арга хэмжээ авсан ч төдийлөн нэмэр болоогүй аж. Ингээд ургац хураалтын арвин ажил эхэлж одоогоор гүйцэтгэл 85 хувьтай явж байгаа гэнэ.
Ажлын гүйцэтгэлийг нугалахад гол үүрэг гүйцэтгэгч нөхөд бол ногооны талбайд хөл хөөр болсон Төв Политехникийн коллежийн нэгдүгээр дамжааны охид, хөвгүүд. Тэд энэ жил 15-16 настай. Тариан талбайд ирээд 10 гаруй хоног ажиллаж байгаа гэнэ. Цаг алж ажил цалгардуулалгүй хөдөлмөрлөдөг хүүхдүүдийн тусаар ажлаа богино хугацаанд нугалж байгаадаа Давааням сэтгэгдэл өндөр байна лээ.
“Жилийн жилд тариаланчдад тулгамддаг гол асуудал нь ажиллах хүч. Энэ жил Төв аймгаас коллежийн хүүхдүүд ирж ажиллаж байна. Хүүхдийн эхний өдрүүдэд ажиллах учраа олохгүй байсан бол одоо мэргэшсээн. Нэг мөр талбайг бол тэр дор нь аваад гарч байна. Хөвсгөл, Булган, Дархан гээд олон газраас хүмүүс төмс хураах ажилд ирдэг. Гэсэн ч хүүхдүүд төмс хураагаад хөдөлмөрийн үр шимээ хүртвэл тэдэнд тустай юм уу гэж санаад хамтарч ажиллаж байгаа юм. Энэ их борооны завсраар арвин ажлыг дор нь л нугалаад ард нь гарч байна даа. Тэдэнд үлдэх гол зүйл нь тууштай чанар, цалингаа ч авчихна. Ингэж хөдөлмөрлөсөн хүүхэд барагтай ажлаас хойш сууж, цааргалаад байхгүй” гэж М.Давааням онцлов.
Энэ талбайд охид хөвгүүд нийлсэн 20 орчим хүүхэд багшийн хамт ажиллаж байна. Тэднийг анзаарахад шуудай төмсийг нүд ирмэхийн зуурт л босгоод ирж байна лээ. Эдний ажил борооны завсарт үргэлжилдэг тул цаг хугацаатай уралдаж явдаг. Зарим амралтын өдөр сумын төвөөс нэмэлт хүч дууддаг. Нэмэлт хүчээр ирсэн хүмүүс шуудай төмсийг 2000 төгрөгөөр түүдэг юм байна. Тариалалтын талбайд нэг өдөр сайн ажиллахад 100 мянган төгрөг хураачих боломжтой.
Жаргалантад Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ гээд олон газраас ажиллах хүч төвлөрдөг. Тариа хураалтын үеэр энэ жижигхэн сууринд хөдөлмөрийн зах зээл төвлөрч түм түжигнэж бум бужигнадаг байна. Жаргалант сум Монголын Сөүл гэх нэр аваад хэдэн оныг үдэж байгаа гэнэ. Харин энэ жилээс аж ахуйн нэгжүүд сургуулиудтай гэрээ байгуулж оюутнуудыг ажиллуулах нь түгээмэл болжээ.
Өглөөний нартай уралдаж гарсан хүүхдүүд 11:00 цагийн алдад ногооны талбайн талыг нь ногоон шуудайтай төмсөөр дүүргээдэхжээ. Том цагаан портер талбайг сүлжиж, шуудайтай төмс цуглуулж байв. Төд удалгүй хүүхдүүдийн үдийн хоол болов. Тогооч эгч шинэ ногооны үнэр цоргисон шөл гаргажээ. Тариалалтын талбайд дуу хадааж байсан хүүхдүүд айргийн хул шиг том аягаар дүүрэн шөлийг шожигнотол сорж уугаад ар араасаа ажилдаа гарав. Тэд өдөрт гурван удаа хооллодог.
ХОЁР ХҮҮХЭД НИЙЛЭЭД ӨДӨРТ 50-60 ШУУДАЙ ТӨМС ХУРААДАГ
Энд гэрээтээр ажиллаж буй Э.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэр бол энд ажиллаж буй зургаан охины нэг. Хамгийн шалмаг хөдөлгөөнтэй нь гэнэ.
-Хэд хоногийн гэрээтэй ажиллахаар ирсэн бэ?
-Энд хоёр долоо хоногийн хугацаатай гэрээ байгуулж ирсэн. Өчигдөр хугацаа дууссан юм. Гэсэн ч талбай дуусаагүй болохоор хэд хоног сунгаж ажиллахаар болсон. Бороо орсон үед ажиллаж чадахгүй юм. Ойрын хэд хоног бороо их орлоо. Цас орохоос өмнө дуусгах даалгавартай байгаа. Анх удаа ийм ажилд ирлээ.
-Өдөрт хэдэн шуудай төмс хурааж байна вэ?
-Хоёр хүүхэд нийлээд 50-60 шуудай төмс хураадаг. Хамгийн багаар бодоход л ийм. Энд 20 хүүхэд ажиллаж байгаа. Тэгэхээр өдөрт хамгийн багадаа 500-600 шуудай төмс хураадаг гэсэн үг. Бороо орохгүй бол илүү ч ажиллах боломжтой юм билээ.
-Зуунмод хотоос ирсэн гэсэн. Зуны амралтаараа юу хийв?
-Би Сэргэлэн сум руу хөдөө явсан. Гэрийн ажил хийж байгаад л ирсэн. Хичээлд ороод удаагүй байхдаа энд хүрээд ирлээ. Өдөрт гурван удаа хоол иддэг, завсраар нь боорцог идэж кофе ууж болно. Хажуугаар нь чихэр иднэ. Хоол нь амттай /инээв/. Хамт ажиллаж байгаа хүүхдүүдээс маань ядарч, шантарч байгаа нь бараг алга. Багаараа ажиллаж байгаа учраас гоё байна гэв.
Төв Политехникийн коллежийн хүүхдүүд өдрийн 40 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Үүнийх нь 10 мянган төгрөгийг сургууль нь авч төвлөрсөн мөнгөөр нь оюутнууддаа дүрэмт хувцас авдаг гэнэ.
Хүүхдүүдийг өдрийн хоолноосоо буухын өмнө үр бүтээлтэй ажилласан хүүхдийг шагнах тухай мэдээ дуулгав. Тэд ч дуу шуу хөл хөөр болсоор талбай руугаа гүйлдлээ.
М.Даваанямынх энэ жил 37 га талбайгаас 400 тонн төмс хурааж авна. Энэ жил газар дээрээсээ шуудай төмс 40 мянган төгрөгөөр ченжүүдийн гарт хүрч байгаа юм байна. Өнгөрсөн жил газар дээрээсээ 23 мянган төгрөгөөр зарагдаж байсан ч энэ жил ургац ховор байгаатай холбоотойгоор үнэ нь өсчээ. Шинэ ургацын төмс худалдаж авахаар портерууд ар араасаа эгнээд жагсаж байна лээ. Нийт ургацынхаа тодорхой хувийг газар дээрээс нь борлуулаад үлдсэнийг нь зооринд хадгалаад хэрэгцээнд нь тааруулж гаргаж зах зээлд нийлүүлдэг байна. 400 тонн төмсийг Цагаан сараас өмнө дуусгах талаараа ярьж байна. Жаргалант сумын тухайд Улаанбаатарын хүнсний ногооны хэрэглээний цөмийг хангаж ирсэн талаар ногоочид хэлдэг. Томоохон сүлжээ дэлгүүрүүд ч Жаргалантын төмсийг илүүд үзэж авдаг юм байна. Учир нь энд хөрс нь илүү эрүүл байдаг ажээ.
Тариалан эрхэлдэг ААН-үүдийн зүгээс техник сайжруулах хэрэгцээ байгаа талаар хэлж байв. Комбайн авчихвал ажиллах хүч хайж сандардаг үзэгдэл үндсэндээ цэгцрэхийг онцлов. Цаг хугацаатай уралдаж явдаг энэ ажилд техник чухал үүрэгтэй. Жаахан алгуурлахад л ургацаа цасанд даруулах эрсдэлтэй тул цаг агаарын мэдээг цаг тутам сонсож, нөөц бололцоогоо тултал ашиглаж шоргоолж шиг л зогсолтгүй ажиллаж байна.
Талбай дахь хүүхдүүд ч үүнийг ухамсарлажээ. Энд тэндгүй тонголзож гүйгээд л ногоон шуудайнуудыг нүд ирмэхийн зуурт л дүүргэж тавиад байх. Энэ завсраа тэд хошигнож бие биенээ явуулахаа мартахгүй. Урд гарч тонголзох нэгнийхээ араас жижигхэн төмс чулуудаад тачигнатал хөхрөлдөх хүүхдүүдийн ажил гэрлийн хурдаар л урагшилж байна.
Төв Политехникийн коллежийн нэгдүгээр дамжааны оюутан М.Хантайшир “Бөөнөөрөө ажилд зүтгэхэд ажил хурдан явдаг юм байна. Найзуудтайгаа хамт дурсамж бүтээж ажиллаж байгаа анхны тохиолдол минь энэ. Ажлаа хийх завсартаа тоглож наадаж байхад л өдөр өнгөрчих юм. Оройдоо жаахан ядардаг ч цалингаа тооцож үзээд мартчихдаг. Энд ажиллаад хөдөлмөр эрхлэх талаар анхны ойлголттой болж байна. Хөдөлмөрлөөд л сайхан амьдрахыг илүү ойлголоо. Ямар ч ажлаас халшраад байхааргүй болж байна” гэв. Тэрбээр цааш нь “Бидний хураасан ногоог Улаанбаатар хот руу нийлүүлнэ гэж бодохоор сайхан байх юм. Бүтээн байгуулалтад бага ч болов хувь нэмрээ оруулж байгаа хамт олноороо бахархаж байна” гэж ярина лээ.
Жаргалант сум бол газар тариалангийн бүс нутаг. Иргэдийн амьжиргааны эх үүсвэр нь тариалан. Айл бүр хашаандаа ногоо тарьдаг. Мал сүргээс илүү газар тариаланд ач холбогдол өгдөг талаар тариаланчид хэлж байна. Хүнсний ногооноос гадна хадлан бэлтгэх ажил өрнүүн явж байна. Эндээс бэлтгэсэн хадлангаа говь руу нийлүүлдэг гэнэ. Жаргалантын өвс ч шимтэй тул булаацалдаад авдаг талаар хадланчид хэлнэ лээ.
Буйдхан суурингийн хаяанд ногоо тариалж, амьжиргаагаа залгуулахын зэрэгцээ ажлын байр бий болгож илүү өргөжүүлэх амбицтай ажиллаж буй тариаланч залуугийн ажлын нэг өдрийг зураглахад товчхондоо ийм байна. Ирэх жил тэрбээр техникээ баяжуулж илүү талбайд төмс, хүнсний ногоо тариалж ажиллахаа хэлж байна лээ. Ургахын улаан нартай уралдаж ажилдаа гарсан тэд харанхуй нөмөртөл талбайдаа ажиллаад сая нэг шороотой хувцсаа гөвөөд гэр рүүгээ дөхөхөөр алхав.
О.Дашням
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Zochin [103.242.47.86] 2023-09-26 10:50:18
Jargalantiin lalruud bayrlah boloogui shu hariug chin barinaa
Зочин [202.179.25.132] 2023-09-26 19:05:58
Яаасан гэж
Иргэн [202.21.108.24] 2023-09-26 09:47:42
Мундаг бна шүү