Хиймэл оюун ухааны технологийг аюулгүйгээр хөгжүүлэхийг 18 улс уриаллаа

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

АНУ, Их Британи, Герман болон бусад 15 улс хиймэл оюун ухааныг урвуулан ашиглахаас хэрэглэгчдийг хамгаалах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Даваа гарагт буюу өнөөдөр нийтлэгдсэн 20 хуудас бүхий уг баримт бичигт хиймэл оюун ухааны системийг гэмт этгээдүүдээс хамгаалах зөвлөмжийг уг технологийг хөгжүүлэгч, нэвтрүүлэгч компаниудад өгчээ.

Тодруулбал, кибер гэмт хэрэгтнүүд технологийн давуу талыг ашиглах боломжгүй болгох үүднээс, түүнчлэн хэрэглэгчдийн нууц мэдээлэл гуравдагч этгээдийн гарт орохоос сэргийлэхийн тулд "бүтцийн хувьд аюулгүй" болгохыг зөвлөсөн байна. Үүний зэрэгцээ, хөгжүүлэх, нэвтрүүлэх, ашиглах, засвар үйлчилгээ хийх зэрэг хиймэл оюун ухаантай ажиллах бүх үе шатанд болзошгүй эрсдэлийг харгалзан үзэх хэрэгтэй гэдгийг гэрээнд дурджээ.

Эдгээр зөвлөмжийг заавал биелүүлэх албагүй боловч 18 улс гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээрийг чухал алхам гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн захирал Жен Истерлигийн хэлснээр, хиймэл оюун ухааны технологи нь "зах зээлд хурдан гаргаж болох гайхалтай функцүүд биш" бөгөөд уг технологийн хөгжлийн хамгийн чухал тал бол аюулгүй байдал юм гэдгийг гэрээнд онцолж өгчээ.

Үүнээс өмнө 11 дүгээр сарын 2-ны өдөр Их Британийн Милтон Кейнс хотод болсон хиймэл оюун ухааныг аюулгүй ашиглах асуудлаарх олон улсын бага хурлын үеэр Европын Холбоо, Герман, Франц, АНУ болон зарим улс орон, түүнчлэн ChatGPT чатботыг хөгжүүлэгч Open AI компанийн менежерүүд, Tesla, SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маск зэрэг мэдээллийн технологийн салбарын томоохон төлөөлөгчид хиймэл оюун ухааны технологийг аюулгүй байдлаар хөгжүүлэх, нэвтрүүлэхийг уриалсан "Блэчлигийн тунхаглал" - д гарын үсэг зурсан байна.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.248] 2023-12-06 21:50:51


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.