АНУ Герман дахь ‘Антифа-Восток’-ыг террорист байгууллага гэж зарлав
АНУ-ын Төрийн департамент арваннэгдүгээр сарын 13-ны пүрэв гарагт Европт байрладаг дөрвөн “Антифа” хөдөлгөөнийг террорист байгууллагын жагсаалтад оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв. Тэдгээрийн дунд Германы “Антифа-Восток” (Antifa-OST), мөн Италийн болон Грекийн гурван бүлэглэл багтжээ. Энэ шийдвэр арваннэгдүгээр сарын 20-ноос хүчин төгөлдөр болох аж.
АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанаар, “Антифа-Восток” нэгдэл нь 2018–2023 оны хооронд Германд өөрсдийн хувьд “фашист” эсвэл “барууны хүчний төлөөлөгчид” гэж үзсэн хүмүүс рүү олон удаа халдсан гэжээ. Мөн энэ хөдөлгөөн нь 2023 оны хоёрдугаар сарын дунд үеэр Будапештэд болсон цуврал халдлагуудад оролцсон хэмээн буруутгажээ.
АНУ-ын террорист байгууллагын жагсаалтад ХАМАС, “Аль-Каида”, “Хезболлах” зэрэг бүлэглэлүүд бий Эдгээр байгууллагын гишүүдэд АНУ-д нэвтрэхийг хориглодог, тэдний бүх хөрөнгийг царцааж, тэдэнтэй аливаа бизнесийн харилцаа тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сард дотоодын “Антифа”-г террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрөх тухай зарлиг гаргасан. Энэ шийдвэр нь консерватив идэвхтэн Чарли Киркийн аллагын дараах 12 дахь өдөр гарсан билээ.
“Антифа-Восток”-ын сэжигтнүүдэд Герман, Унгарт ял тулгажээ
Дюссельдорф хотод долдугаар сард Германы Холбооны прокурорын газар “Антифа-Восток” бүлэглэлийн зургаан сэжигтнийг 2023 оны хоёрдугаар сард Будапештэд болсон бодит болон таамаглагдсан барууны экстремистүүд рүү халдсан хэмээн буруутгаж, гэмт хэргийн байгууллагын гишүүнчлэл, бие махбодид гэмтэл учруулах, хүний амь хохироох оролдлого хийсэн зэрэг зүйл ангиар ялласан.
Мөн тус бүлэглэлийн өөр долоон гишүүнийг Дрезден хотын Дээд газар нутгийн шүүх шүүж байгаа бөгөөд заримд нь мөн хүний амь хохироохыг завдсан хэрэг оноосон талаар DPA агентлаг мэдээлжээ.
Бүлэглэлийн өөр нэг боломжит гишүүн Майя Т.-ийн шүүх хурал Будапештэд үргэлжилж байгаа бөгөөд түүнийг 24 жил хүртэл хорих ял хүлээж байж болзошгүй юм байна.
“Антифа” (антифашизмын товчлол) нь неонацизм ба расизмтай тэмцдэг хөдөлгөөн, байгууллага, хувь хүмүүсийн ерөнхий нэр юм. “Антифа” нь улс төрийн зүүн болон туйлширсан зүүн үзэл баримтлалд хамаарагддаг бөгөөд дэлхий даяар, ялангуяа Европ ба Хойд Америкт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү хөдөлгөөнтэй өөрсдийгөө холбон үздэг олон бүлэглэл барууны экстремизм, авторитар дэглэмийн эсрэг зөөлөн хүч үл хэрэглэх аргаар тэмцдэг. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэснийг зөвтгөдөг, эсвэл өөрсдөө янз бүрийн хэлбэрийн хүчирхийлэл үйлддэг зэвсэглэсэн бүлэглэлүүд ч бас байдаг.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ






























































Сэтгэгдэл