H-1B визний хураамжийг нэмэгдүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Холбооны тойргийн шүүгч Лео Сорокин мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын ажилтнууд H-1B виз мэдүүлэх хураамжийг 100 мянган ам.доллар болгосон шийдвэрийг хүчингүй болгожээ. Ийм хураамжийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 2025 оны есдүгээр сард нэвтрүүлээд байсан юм. Шүүхээс эл шийдвэрийг гүйцэтгэх засаглал эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзжээ.

Д.Трампын зарлигийг цуцлах нэхэмжлэлийг 20 муж улсын эрх баригчид гаргасан байна

Шүүгч Сорокин уг нэхэмжлэлийг хянан хэлэлцээд, тус визний хураамж нь "бодит байдал дээр хууль бус татвар" гэж дүгнэжээ. "Ерөнхийлөгчид H-1B визний мэдүүлэгт татвар ногдуулах эрх мэдэл эсвэл түүнд олгосон эрх хэмжээ байхгүй" гэж шүүхийн тогтоолд дурдсан байна. Үүнээс өмнө тус улсын өөр нэг шүүгч 100 мянган ам.долларын хураамжийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн боловч уг шийдвэрийг одоогоор давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж байгаа ажээ.

H-1B нь өндөр ур чадвартай гадаад мэргэжилтнүүдэд зориулсан виз бөгөөд ихэвчлэн АНУ-ын технологийн томоохон компаниуд ашигладаг. Уг визийг олгосон хүмүүсийн дийлэнх нь буюу 75 орчим хувь нь Энэтхэгээс мэргэжилтнүүд байна.

Д.Трампын цагаачлалтай тэмцэх бодлогын ээлжит нэгэн алхам болсон уг визний хураамжийг 100 мянган ам.доллар болгон нэмэгдүүлэх тухай зарлиг 2025 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлжээ. Цагаан ордон уг шийдвэрийг гаргасныхаа дараа "гадаадын ажилчид америкчуудад зориулсан ажлын байрыг эзлэх ёсгүй" хэмээн мэдэгдэж байв. Хураамжийг нэмэхээс өмнө H-1B виз бүрдүүлэлтийн зардал 5 мянган ам.доллароос хэтэрдэггүй байжээ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.