Б.Энхтуяа: Өнөөдөр тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг авч дуусна

Д.Тулга / Боловсрол

golomt

Голомт банкны нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөр13 дахь жилдээ зарлагдаад байна. Энэхүү оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг анх хэрхэн эхэлж байсан түүхээс ярилцлагаа эхэлцгээе.

Голомт банк одоогоос 13 жилийн өмнө “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг бизнесийн байгууллагууд дундаас анх удаа санаачлан хэрэгжүүлж байсан түүхтэй. Тэр үеэс эхлэн манай банкны нийгмийн хариуцлагын салшгүй нэг хэсэг болжээ. Монголын ирээдүй хойч үе болсон шилдэг оюутнуудыг дэмжих нь улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Бид “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 13 жилийн турш жил болгоны 9-р сард уламжлал болгон зарласаар ирсэн.

-Өнгөрсөн хугацаанд Голомт банкнаас зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт нийт хичнээн оюутан хамрагдсан бэ?

-Жил бүр 100 оюутан тэтгэлэгт хамрагддаг. Тэгэхээр 13 жилийн турш 1300 оюутанд 1 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгосон байна.

-Оюутнуудад тавьж буй нийтлэг шалгуур нь юу вэ? Банкнаас зарласан тэтгэлэг болохоор банкны чиглэлээр суралцаж буй оюутнуудад илүү давуу байдал үүсэх үү?

-Тэтгэлгийн гол онцлог бол манай улсын их дээд сургуулиудад бүхий л салбар чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцох боломжтой. Тэтгэлгийн үндсэн шалгуур бол мэдээж сурлагын амжилт буюу сурлагын голч дүн нь 3.5-аас дээш байх, 3, 4-р курсийн оюутан байх шаардлага тавихаас гадна нийгмийн идэвх, санаачилга, суралцах хугацаандаа гаргасан амжилтаар нь шалгаруулдаг. Харин энэ жилийн тухайд бид 20 жилийнхээ ойг тохиолдуулаад зөвхөн 3, 4-р курс гэхгүй бүх л курсын амжилт, сурлагаараа бусдыгаа манлайлсан, Монгол улсын засгийн газраас нэрлэсэн хамгийн эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлээр сурч байгаа, олон улсын болон дотоодын тэмцээн уралдаанд шалгарсан, ирээдүйд амжилт гаргах оюутнуудыг шалгаруулж байгаа юм. Энэ жилийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн материал авах хугацаа өнөөдөр буюу 2015.10.16-ны өдрөөр дуусгавар болж байна.

-Энэхүү тэтгэлгийг авснаар оюутнуудад ямар давуу талууд үүсэх вэ?

-Голомт банкны нэрэмжилт Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-т өрсөлдөнө гэдэг хамгийн эхлээд өөртөө итгэх итгэл, эрч хүч, цаашид ихийг бүтээх хүсэл тэмүүллийг төрүүлдэг. Шалгаруулалтыг олон үе шаттайгаар, өндөр шалгуураар явуулдаг учраас оюутнууд дараа нь ажилд орох үед Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн тэтгэлэгийг хүртсэн гэдгээрээ давуу тал болдог. Оюутан залууст өгдөг санхүүгийн дэмжлэг маань тэдний ажил амьдралд ихээхэн дэм болсныг харахад сайхан байдаг.

-Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд судлаач оюутны багт орж ажиллах боломжтой байдаг гэж дуулсан. Энэ багт орох нь оюутнуудад ямар тустай вэ?

-Банк санхүүгийн салбарт төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийгддэг. Манай банкны дотоод нэгжүүдэд ч судлаач оюутны эрэлт хэрэгцээ гардаг. Банкны зүгээс тэдгээр тэтгэлэгт оюутнууддаа сурсан мэдсэн зүйлээ практикт хэрэгжүүлж, ажил дээр туршлага хуримтлуулах боломжийг олгодог.­­­­

-Эх орны маань ирээдүй хойч үеийн боловсролд томоохон дэмжлэг үзүүлж ирсэн танай банкны хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе! Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.