Нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгох хууль батлагдлаа

Д.Тулга / Хууль

enhbold

УИХ-ын ээлжит бус чуулганаар “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль батлагдлаа. Тус хуулийн талаар иргэд олон нийт тийм ч сайн мэдээлэлгүй байгаа ч улс төрийн хүрээнийхэн авилгачдыг хамгаалах хууль гэж шүүмжилж байсан юм.

Харин өчигдөр тус хууль хэлэлцэх явцад УИХ-ын дарга З.Энхболд “Энэ хууль улстөрийн болоод төрий албан хаагчид хамаарахгүй” гэдгийг онцолж байсан. Учир нь нэг хэсэг нь өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ашиг орлого олсон байхад нөгөө хэсэг нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн ашиглаж авилга авсан бол энэ хуулинд хамаарах боломжийг нь хааж өгсөн байна.

Үүний өмнө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Татвар төлөгчдөө татварын хяналт, шалгалтын дарамтаас нэг удаа чөлөөлж өгье гэхээр МАН-ын гишүүд энэ асуудалд хойрго хандаж байна” гэсэн утгатай үг хэлж, түүний энэ үг интернэтийн орчинд өнөөдөр ч багагүй шуугиан тарьж байгаа. Олон Улсын судалгааны байгууллагаас хийсэн судалгаанд “Манай улсын далд эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 35-40 хувьтай тэнцдэг” гэсэн дүн мэдээ гарчээ

Ямартай ч хувь хүн, хуулийн этгээдийн “Нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгох” зорилготой, нэг удаагийн үйлчлэлтэй тус хууль батлагдаж 2015 оны наймдугаар сарын 07 ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Учир нь хуулийн төслийн 8.1-д Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

-ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТУУД-

1.1.Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

3.1.Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэхүү хууль батлагдан хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна.

4.1.Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө:

4.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль;

4.1.2.Татварын ерөнхий хууль;

4.1.3.Нийгмийн даатгалын тухай хууль;

4.1.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;

4.1.5.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;

4.1.6.Гаалийн тухай хууль;

4.1.7.Авлигын эсрэг хууль;

4.1.8.Захиргааны хариуцлагын тухай хууль.

5.1.Албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох зүйл, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.

Тус хуулийн бүрэн эхийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Н.МЯГМАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.