Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болно

Д.Тулга / Эдийн засаг

hii

Зураг: Монголд баригдсан нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах үйлдвэр


-НҮҮРСНИЙ 15 САВ ГАЗАРТ 85 ОРД, 370 ГАРУЙ ИЛЭРЦ, ОЛДОЦ НЭЭГЭЭД БАЙНА-

Манай улс эрчим хүчний асар их нөөцтэй. Нүүрсний хувьд, Монголын нийт нутаг дэвсгэрийн хүрээнд нүүрсний 15 сав газарт 85 орд, 370 гаруй илэрц, олдоц нээгээд байгаа билээ. Эдгээр орд газруудын хүрээнд ойролцоогоор 173 тэрбум тонн нүүрсний нөөц урьдчилан судлагдсанаас 22 тэрбум тонн нөөц нарийвчилсан хайгуулаар тогтоогдоод байгаа юм. Монголын нутаг дэвсгэрт нийт 312 мянган хавтгай дөрвөлжин км талбайд, шатдаг занарын нөөц есөн сав газар, гурван ордод урьдчилсан судалгаагаар шатдаг занар тархсан талбайн 19 хувьд 788 тэрбум тонн занарын нөөц тогтоогдсон байна.

Мөн байгалийн хийн ангилалд багтах баялгийн багагүй нөөцтэй болохыг сүүлийн жилүүдэд хийгдсэн урьдчилсан судалгаагаар тогтоожээ. Онгийн гол, Чойр-Нялга, Өмнөговь, Алтай-Чандмань, Баян-Өлгий зэрэг нүүрсний сав газарт хийсэн судалгаагаар 5-10 их наяд м2 нүүрсний давхаргын метаны, Дорноговь, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай зэрэг аймагт байрших занарын ордуудад метан хийн агууламж 30 хүртэл хувь, газрын тосны баталгаат нөөц бүхий Тосон-Уул талбайд 2589 сая м3 дагалдах хийтэй болохыг тус тус тогтоожээ.

Ураны нөөцийн хувьд дэлхийд тэргүүлэх орнуудын нэг бөгөөд тогтоогдсон нөөц 37500 тонн, баталгаатай нөөц 11800 тонн байна. Сэргээгдэх эрчим хүчний хувьд, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хүрээнд нар, салхины ихээхэн нөөцтэй бөгөөд жилийн ихэнх хугацаанд цэлмэг, нутаг дэвсгэрийн 70 хувьд нарны цацрагийн эрчим өндөр, нутгийн хойд хэсэгт 4.5 кВт/м2, өмнөд хэсэгт 5.5-6.0 кВт/м2 байна.

Эрчим хүчний энэ мэт асар их нөөцтэй хэдий ч манай улс жил бүхэн Оросоос 20 сая ам.долларын эрчим хүч авч буй. Мөн Оюутолгой Хятадаас 100 сая ам.долларын эрчим хүч импортлосоор байна. Гэвч нүүрс, газрын тосны олборлолт, нар, салхины эрчим хүч болон бусад нөөцийг ашиглах судалгааны ажил эрчимтэй явагдаж байгаад олзуурхууштай.

Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжсэнээр энэ асуудал нэг алхам урагшлав.

Өмнө нь манай улс эрчим хүчний салбарт хамааралтай хөгжлийн төсөл хөтөлбөрийг боловсруулан гаргаж, зээл тусламжаар дэмжиж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил зэргээс үүдэн эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох шаардлага үүсчээ. Засгийн газраас энэхүү шаардлагад нийцүүлэн уг баримт бичгийг УИХ-ын түвшинд оруулж ирсэн байна.


-2014 ОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР 65 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ-

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого нь гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд стратегийн 6 зорилго, 26 зорилтыг тодорхойлж, тэдгээрийг 2015-2023 он, 2024-2030 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжихээр төслийг боловсруулжээ.

Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудоржийн мэдээлснээр, өнгөрсөн жил эрчим хүчний салбар 65 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Өнөөдөр төрийн өмчит 22 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хоёр нь л ашигтай ажилласан дүн мэдээ гарсан байна. Олон улсын зах зээл дээр 1 кв/цаг эрчим хүчний дундаж үнийг 10-11 центээр тооцож байгаа бол манай орны хувьд үүнээс доогуур буюу 6 цент орчим.

Монгол орон арвин их нөөц баялагтаа түшиглэн эрчим хүч экспортлогч орон болох зорилгодоо хүрэх нь чухал. Байнгын хорооны хуралдаан дээр ч энэ талаар гишүүд ярьж, хойш тавилгүй ажил хэрэг болгох нь зүйтэй. Мөн Ази дахь эрчим хүчний том тоглогч болох зорилтынхоо хүрээнд хөрөнгө оруулалтын асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэж байв.

"Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөлд эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тусгажээ.

Манай улсын хэмжээнд цахилгаан үйлдвэрлэлийн нийт суурилагдсан хүчин чадал 1082 МВт бөгөөд үүний дийлэнх хэсэг буюу 85 хувийг хот, суурин газруудад байрлах нүүрсээр ажилладаг дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх станцууд бүрдүүлдэг байна. Үлдсэн хэсгүүд болох 5 хувийг салхин парк, 7 хувийг дизель станц, 2 хувийг усан цахилгаан станц, үлдсэн 0.62 хувийг бага оврын буюу 5 МВт-аас доош чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд тус тус бүрдүүлж байгаа аж.


-НЭГ АМ.ДОЛЛАРЫН ДНБ ҮЙЛДВЭРЛЭХДЭЭ ЯПОНООС 9 ДАХИН, БНСУ-ААС 5 ДАХИН ИЛҮҮ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭДЭГ-

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт төлөвлөгдсөн том чадлын эх үүсвэрийн төслүүд цаг хугацаандаа хэрэгжээгүйгээс системийн хэмжээнд суурилагдсан хүчин чадлын нөөц зохих төвшнөөс багасч, оргил ачааллын горимд ажиллах, системийн тогтворжилтийг хангах дотоодын эх үүсвэргүй байдал хэвээр байгаа бөгөөд импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ нийт хэрэглээний 19 хувьд хүрчээ.

Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь эрчим хүчний үнэ тариф доогуур, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй явдал бөгөөд шинээр барих том чадлын төслийн санхүүжилтийг босгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад сөргөөр нөлөөлж буй аж.

Түүнчлэн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ бодит зардлаас доогуур тогтоогдож ирсэн нь эрчим хүчний салбарын үйлдвэрүүд санхүүгийн хувьд бие даан хөрөнгө оруулалт, их засвар, техник, технологийн шинэчлэлтийг зохих төвшинд хийж чадахгүйд хүргэжээ.

Ашиглалтад буй Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнодын дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээний дийлэнх хувь нь 1960-1980 онд баригдсан, салбарын хүрээнд насжилт өндөр тоног төхөөрөмжийн эзлэх хувь өндөр юм байна.

Манай улсад 1 ам.долларын ДНБ үйлдвэрлэхдээ Япон Улсаас 9 дахин, БНСУ-аас 5 дахин илүү цахилгаан хэрэглэж, үр ашиггүй зардал гаргадаг. Үүний шалтгаан нь үйлдвэрлэл бага хөгжсөнтэй холбоотой ажээ. Түүн дээр эрчим хүчний алдагдал, цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэж буй чадал бага нь нөлөөлдөг байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.