Т.Баттулга: Автобусанд дамжин суухад 60 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Д.Тулга / Нийгэм

battulgaНийслэлийн ИТХ-ын дарга Т.Баттулга өчигдөр “Нээлттэй Улаанбаатар” сэдвийн дор сэтгүүлчидтэй уулзлаа. Энэ үеэр яригдсан асуудлыг тоймлон хүргэж байна.

-Нийслэл хотын албан татварын хууль хэрэгжээд эхэллээ. Уг татварын талаар зарим иргэд бүрэн ойлголтгүй байна. Уг татварыг ямар нөхцөлд авах юм бэ?

-УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан. Уг хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа. Хуульд нийцүүлэн өнгөрсөн долоо хоногийн НИТХ-ын 29 дүгээр хуралдаанаас нийслэлийн албан татварын хувь хэмжээг тогтоож, нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталлаа. Уг хуулиар аж ахуйн нэгжүүд татвар төлөхгүй. Татвар төлөгч хэн бэ гэвэл дэлгүүрээс архи, тамхи худалдан авч байгаа иргэн. Мөн зочид буудал, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд нийслэлд татвар төлнө. Угтаа бол архи, тамхи гэдэгзайлшгүй хэрэглээ биш шүү дээ. 2000 төгрөгийн тамхи авахдаа 2020 төгрөг төлдөг болно. 20 төгрөгийг нийслэлийн татварт өпн байна гэсэн үг. Ресторан гэхэд ямар ч хамаагүй хоолны газрыг хэлээгүй. Нэрийн хоолтой, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжтэй, дээд зэрэглэлийн стандартхангасан байвал үйлчлүүлэгчээс нь татвар авна. Түүнээс биш жирийн нэг хоолны газар шөл ууж байгаа иргэдээс татвар авахгүй. Амралтын газарт мөн адил. Боломжтой хумүүс л амралтын газраар үйлчлүүлдэг болохоос биш хэн дуртай нь тэр бүр яваад байдаггүй биз дээ. Тэгэхээр юм болгоноос авна гэсэн ойлголт биш. Талх, гурил, мах зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэглээнээс татвар авахгүй. Дээд зэргийн, тансаг хэрэглээ юмуу шаардлагагүй зүйлээс татвар авч байгаа.

-Нийслэлийн хэмжээнд хэдэн аж ахуйн нэгжээс татвар авах вэ?

-Нийт 5500 гаруй цэгээс татвар авах юм. Эдгээрийн 2000 гаруй нь кассын машинтай байна. Үлдсэн нь үнэнчээр татвараа тушаахаас өөр арга байхгүй. Гэхдээ хяналтгүй орхиж байгаа гэсэн үг биш. Тухайлбал архи, тамхины бөөний цэгээс худалдан авсан бүтээгдэхүүний тоо холбогдох татварын газарт байдаг. Үүгээр баримжаалан нийслэл татвараа авна. Харин ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн кассын машинтай газраар үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын хоёр хувийг буцааж авна. Тэгэхээр үйлчилгээний байгууллагууд хүссэн хүсээгүй кассын машинтай байх шаардлагатай болно.

-Иргэдийн төлсөн татварыг юунд зарцуулах вэ?

-Хотоос орж ирсэн татварыг аялал жуулчлалыг дэмжих, нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулна. Өөр зүйлд зарцуулахгүй. Нэг зүйл хэлэхэд хотын татвараас шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй. Харин архи, тамхины үнэ нэг хувиар өснө. Баар, ресторан, амралтын газрын үнэ нэг хувиар өснө.

-Өнгөрсөн амралтын өдөр авто худалдааны цогцолбор нээлтээ хийсэн. Иргэд хэзээнээс эхлэн шинэ цогцолбороор үйлчлүүлэх вэ?

-Уг цогцолбор эхний ээлжинд жижиг, дунд оврын болон ачааны машин зарах 6500 зогсоол байгуулсан. Өнөөдөр Улаанбаатарт авто машинтай холбоотой есөн зах бий. Түүнээс гадна нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй олон зогсоол байдаг. Эдгээрийг цэгцлэх цаг болсон. Нийтийн эзэмшлийн талбайг иргэддээ зориулж ногоон байгууламж байгуулах зэргээр зев ашиглах ёстой. Тэр үүднээс аливаа том хотын жишгээр авто худалдааны төвийг зах руу гаргаж байгаа юм. Гэхдээ шинээр ашиглалтад орсон цогцолборт зөвхөн автомашин борлуулахгүй. Шинэ машинд дугаар олгодог, оношилдог, даатгал хийдэг, сэлбэг зардаг бүх цэгийг нэг дор болгоно.

-Шинэ авто худалдааны цогцолбор байгуулснаар өрсөлдөөний хуулийг зөрчиж байна гэж ШӨХТГ-аас мэдээлэл хийсэн. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-Бид өрсөлдөөний ямар хуулийг зөрчиж байгаа гэж. Шинэ цогцолборт хотын зүгээс ямар нэгэн аж ахуй эрхлэхгүй, машин зарахгүй. Бизнес эрхлэгчдийнхээ боломж, нөхцөлийг хангаж өгч байна.

-Сүүлийн үед иргэдийн анхааралд байгаа бас нэг асуудал бол шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт. Мөн НИТХ-ын төлөөлөгчийн авч буй урамшууллын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Үнэндээ урамшуулал бол биш. Тухайн төлөөлөгчийн тойрогтоо ажиллах зардал. Дүүрэгтээ зохион байгуулагдаж байгаа ажпыг дэмжиж оролцоход зарцуулж буй хөрөнгө. Төлөөлөгчид тойрогтоо зарцуулсан мөнгийг улирал бүр тайлагнаад явж байгаа. Жилийн эцэст аудитын шалгалт ордог. Одоо УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад 90 сая төгрөг авч байгаа биз дээ. Түүнтэй л адил. Бид хуулийн дагуу урамшуулал гэж нэрлэхээс өөр аргагүй.

-Нийслэлийн төсөв хэцүүхэн байхад төлөөлөгч нарт урамшуулал олгож байгаа нь хэр зөв шийдвэр вэ?

-Нийслэлийн төсөв хүнд байгаа үед урамшууллыг зогсооно. Хэрэв цаашид урамшууллыг үргэлжлүүлээд явахдаа тулбал хэмжээг нь нэмэхгүй, бууруулна.

-Бас нэг асуудал бол нийслэлийн нийтийн тээвэртэй холбоотой. Нийтийн тээвэрт анх удаа цахим карт нэвтрүүлж байна. Иргэд хэзээнээс дамжин суухдаа үнэгүй зорчих вэ?

-Энэ үйлчилгээ нэвтрээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Цахим карттай болсноор автобусны маршрут өөрчлөгдсөн. Автобуснууд богино эргэлтээр иргэддээ үйлчилж байгаа. Дамжин суултын тухайд өнгөрсөн долоо хоногт нийтийн тээвэрт үйлчилж буй аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзсан. Энэ үеэр дамжин суувал 60 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Харин хүүхдүүд үнэгүй зорчих юм. Нэг ёсондоо та эхний автобусанд 500 төгрөг төлсөн бол дараагийнхдаа 200 төгрөгөөр зорчино гэсэн үг.

-Оюутнууд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ гэж жагсаап, цуглаан хийсэн. Тэдний асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Оюутнуудын асуудлыг нөгөөдөр хуралдах НИТХ-аас шийдвэрлэх юм. Тодорхой журам гаргана гэж бодож байгаа.

-Цахим карттай болсноор нийтийн тээврээс олох орлого нэмэгдсэн үү?

-Орлого нэмэгдэж байгаа. Хуучин кондукторууд тасалбар өгөлгүйгээр зорчигчоос авсан мөнгөө халаасалдаг байсан. Энэ асуудал байхгүй болсон. Үр дүнг нь удахгүй харах байх.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажил эхлээд гурав дахь жил рүүгээ орж байна. Энэ хугацаанд шинээр хэдэн айлын орон сууц ашиглалтад ороод байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 24 байршил баталсан. Хотын найман дүүрэг, 37 хорооны 1506.1 га талбайн 16109 нэгж талбар буюу нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын есөн хувийг дахин төлөвлөлтийн төсөлд хамруулсан. Одоогоор нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа. Өнгөрсөн жил л гэхэд 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна.

-Газар чөлөөлөх тал дээр иргэдтэй хэрхэн тохиролцож байгаа вэ. Зарим айл 400-500 сая төгрөг нэхэж байгаа дуулдсан?

-Бүр тэрбум төгрөг нэхэж байгаа айл байна. Шугам сүлжээ барих газарт 300-400 сая төгрөг нэхсэн айл байдаг. Уг нь хуучин зам дагуу байрлалтай хашааны үнэ 10 сая төгрөг хүрэхтэй үгүйтэй байсан. Гэтэл одоо доод тал нь 100 сая төгрөг болчихлоо. Үүнийг зөв хандлага гэж харж байгаа хэдий ч зах зээлийнхээ дундаж үнэлгээг баримаар байгаа юм.

С.АЛТАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.