Хэвлэл мэдээллийн зөвлөл хоёр дахь гомдлоо хэлэлцлээ

Д.Тулга / Хууль

hewleliin hureelenЭнэ оны нэгдүгээр сард байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хороо 2015 оны наймдугаар сарын 4-ний өдөр хуралдаж иргэн Г-гээс ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ. Хөвсгөл аймгийн нэр бүхий гурван телевиз нэг ижил агуулга бүхий шууд ярилцлагын нэвтрүүлгийг олон давталттайгаар нэвтрүүлсэн нь Монголын Хэвлэл мэдээллийн Ёс зүйн зарчмын 5 дугаар заалт буюу “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй.” гэснийг зөрчсөн гэж үзэж, иргэн Г Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн юм.

Радио, телевизийн Ёс зүйн хорооны гишүүд уг гомдлыг дээрхи телевизүүдээс ирүүлсэн хариу тайлбарын хамт нягтлан хэлэлцэж, шүүн тунгаасны дүнд дараах шийдвэрийг гаргажээ. Иргэн Г нь тухайн нэвтрүүлгүүдэд сэтгүүл зүйн мэдээллийн эх сурвалжаар оролцсон иргэдийн үйлдэлд гомдлоо илэрхийлсэн байсан бөгөөд энэ нь ажилтан, ажил олгогчийн хоорондын хөдөлмөрийн харилцааны асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийн оронд хэрүүл болгон дэвэргэж, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтэд цацсан хувь хүмүүсийн маргаан байсан байна.

Хувь хүмүүсийн маргаан нь Ёс зүйн хорооны хэлэлцэх асуудлын хүрээнд хамааралгүй бөгөөд Ёс зүйн хороо нь гагцхүү тухайн хэвлэл мэдээллийн байгууллагаас нийтэлж нэвтрүүлсэн сэтгүүл зүйн бүтээл нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хэм хэмжээ болох ёс зүйн зарчимд суурилсан эсэхийг үнэлж, хэвлэл мэдээллийн байгууллага алдаа гаргасан эсэхийг тодорхойлж, хэрэв алдаа гаргасан бол цаашид энэ алдаагаа засахад нь чиглүүлэх, мэргэжлийн зөвлөмж өгөх чиг үүрэгтэй.

Энэ чиг үүргийнхээ хүрээнд иргэн Г-ийн ирүүлсэн гомдолд дурдагдсан нэвтрүүлгийг тухайн телевизүүд бэлтгэн олон нийтэд цацахдаа Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 5 дахь заалтын “...мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй” гэсэн заалтыг хоёр телевиз нь зөрчсөн, мөн тус зарчмын 1 дэх заалтын “... мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн заалтыг нэг телевиз нь зөрчсөн байна гэж хороо дүгнэлээ.

Энэхүү дүгнэлтийг тухайн телевизүүдэд мэдэгдэж, гаргасан алдаагаа засах зөвлөмжийг хүргүүлэх, тэдгээр телевизийн нэрийг дурдалгүйгээр энэ талаар олон нийтэд мэдээлэх шийдвэрийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио телевизийн ёс зүйн хорооноос гаргасан байна.

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо, Радио, телевизийн Ёс зүйн хороо гэсэн хоёр хороотой бөгөөд энэ долдугаар сарын 8-нд Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо хуралдаж анхны гомдлоо хэлэлцсэн. Энэ удаад Радио, телевизийн Ёс зүйн хороо мөн анхны гомдлоо хэлэлцэн дүгнэлт гаргалаа.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.