Автомашинаа үзлэгт оруулаагүй бол 96 мянган төгрөгөөр торгоно

Д.Тулга / Хууль

MASHINМанай улсад 2015 оны хэмжээнд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл үзлэг, оношлогоонд оруулна гэсэн тооцоо бий. Наймдугаар сарын 09-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 339 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8214 нь тэнцээгүй. Үүнээс Улаанбаатар хотод 164 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан. Түүний 4700 нь үзлэгт тэнцээгүй байна.

Ирэх сарын нэгнээс тээврийн хэрэгслийн албан татвар хураах болон автомашины үзлэг оношилгоондоо цаг хугацаанд нь ороогүй жолооч нарт оногдуулах хариуцлагын арга хэмжээг чангалж шууд журамлах шийдвэр гарсан.

Одоо хэрэгжиж буй хуулиар үзлэг оношилгоондоо хугацаандаа ороогүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь түр хурааж, үзлэг хэтэрсэн хугацаанаас нь хамаараад иргэнийг 5000-25000 хүртлэх төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллага 100-250 мянган төгрөгөөр торгодог. Харин есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулинд зөрчилтэй бол хөдөлмөрийн хөлсний 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулахаар болжээ.

Авто тээврийн хэрэгслүүдийн үзлэг, оношилгоонд орох хугацаа харилцан адилгүй. Наймдугаар сард, эсвэл аравдугаар сард орох тээврийн хэрэгсэл ч байна. Тэгэхээр хугацаа нь болоогүй автомашинуудыг үзлэг, оношилгоонд оруулах шаардлагагүй, нэг жилийн хугацаандаа багтаж байвал болох аж.

-ТОРГОХ, ЖУРАМЛАХААСАА ӨМНӨ САНУУЛГА ӨГНӨ-

Монгол Улсын хэмжээнд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Эдгээр 700 мянган тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд орж байгаа байдлыг камерын тусламжтайгаар хянаж, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн эзэмшигчий гар утсанд мессеж хүргэн урьдчилан сануулах аж. Сануулгыг хүлээн авалгүй дахин замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд гэрийн хаягаар торгуулийн хуудас илгээнэ.

Харин есдүгээр сарын 1-нээс эхлээд техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэл бүрийг журамлана гэдэг нь өрөөсгөл ойлголт. Авто тээврийн үндэсний төв,ЗЦГ хамтран ажиллах гэрээнийхээ дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлын байцаагч, зохицуулагч болон Улсын мэргэжлийн хяналтын авто тээврийн хяналтын улсын байцаагчтай хамтарсан хяналт шалгалтыг байнга хийх юм.Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг дор бүрт нь арилгуулах, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг ч авах аж.

-ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ОРОХ ГАЗРУУД-

1. Амгаланд Баянзүрх дүүргийн Техникийн хяналтын төв

2. Гурвалжингийн гүүр даваад Баянгол дүүргийнх,

3. Сонсголонд Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын төв байрлаж байгаа.

Ажлын цаг: ажлын өдөр 08.30-20.30, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд хоёр ээлжээр ажиллан техникийн хяналтын үзлэгийг хийж байгаа.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.