"Тоёота кроун"-ыг зөв рультэй болгосон залуус "Бенз" хийж байна

Д.Тулга / Орон нутаг


-ТЭД МАШИНЫ ХОЙД, УРД ГУПЕР, ТОЛЬ, ЯНДАН ЗЭРЭГ ЗАРИМ ЭД АНГИЙГ ӨӨРСДИЙН ГАРААР ХИЙЖЭЭ-

Бид монгол хүний сэтгэхүйгээр, монгол хүний гараар бүтээгдсэн шинэ, содон бүтээлүүдийг үргэлж дэмжиж, тэднийг сурвалжлан уншигчддаа хүргэсээр ирсэн билээ. Энэ удаа бид хүсэл зорилго нэгтэй хэсэг залуусын бүтээсэн содон бүтээлүүдийг хүргэхээр бэлдлээ.

Нэг хэсэг олон нийтийн сүлжээнд зөв талдаа рультэй “Тоёота кроун”-ы зураг жинхэнэ “од” болж, лайкаар булуулж байв. Түүнийг монгол залуус хийсэн нь тэгтлээ олонд хүрсэн нь тэр. Саяхан залуусын бас нэг машиныг өөрчлөн угсарч байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тарсан юм. Уг мэдээллийн дагуу бид “Auto lamp” засварын газрыг зорьж, олны сонирхлыг татсан машинуудыг угсардаг бүтээлч залуучуудтай уулзаж ярилцлаа.

Биднийг засварын газарт очиход гурван залуу цагаан өнгийн “Жи класс”-ыг янзалж байв. Тэд бол нөгөө өвөрмөц бүтээлүүдийг урладаг уран гартай залуус. Засварчин залуусын хувьд машин засах бол ажил гэхээсээ илүү хобби нь ажээ. Ажлынхаа хажуугаар ямар нэгэн зүйл сэдэж угсармаар санагддаг байна. Харин тэдний энэ хүслийг засварын газрын эзэн Ч.Пүрэвпунцаг үргэлж дэмжсээр иржээ. Тэдний хуучин, сэлбэгийн машинуудыг өөрсдийнхөөрөө сэтгэж засварлан, цоо шинэхэн машин болгосон тохиолдол нэг, хоёроор тогтохгүй гэлээ.

Залуус энэ удаа 1988 онд үйлдвэрлэгдсэн хуучин “G Glass” машиныг шинээр угсарч эхэлсэн байна. Ингэхдээ машиныг бүрэн задалж, эхнээс нь бүгдийг шинэчилсэн бөгөөд зарим нэгэн эд ангийг өөрсдийн гараар хийжээ. Одоогоор машины засварын ажил 70 гаруй хувьтай яваа юм байна.

mashin

-МОНГОЛЫН НӨХЦӨЛД ЗОРИУЛАН ЗОХИОЖ ХИЙСЭН ГЭВ-

“Автоламп” засварын засварчин Э.Чулуунтулгатай одоо угсарч буй машиных нь талаар яриа өрнүүллээ. Тэрээр хэдэн жилийн өмнө БНСУ-д ажилладаг байсан бөгөөд тэндээс сурч ирсэн мэдлэг, туршлаа эх орондоо ирээд хэрэгжүүлж буй нь энэ ажээ.

-Машин ингэж засах бүтээлч санааг анх хэн гаргасан бэ?

-Ч.Пүрэвпунцаг ах анх энэ санааг гаргасан. Энэ “Жи класс” бидний өөрчилж байгаа зургаа дахь машин. Өмнө нь хоёр “Кроун”-ыг зөв рультэй болгосон. Мэдээж Монголд тэр хоёроос өөр зөв талдаа рультэй “Кроун” байхгүй. Бас нэг “Хаммер”-ыг жолоочийнх нь хүсэлтээр бүрэн тоноглож, байлдааны зориулалтай болгосон. Бас л цорын ганц, хаана ч давтагдахгүй ээ.

-Хуучин оны машиныг сүүлийн үеийн болгож засварладаг гэж ойлгож болох уу?

-Яг ч тэгж ойлгож болохгүй байх аа. Бид засч будаад, шинэ машин шиг болгох ажил байнга л хийдэг. Энэ бол арай өөр зүйл. Бүх зүйлийг дууриах биш зармыг нь өөрсдийнхөөрөө сэтгэж хийдэгт гол нь байгаа юм. Энэ машиныг өнгөрсөн зунаас хойш угсарч байна. Шинэчлэхийн тулд эхлээд зураг төслөө гаргасан. Яг ямар загвартай, ямар өнгөтэй, яаж хийх вэ гэдгээ бүгдээрээ сууж байгаад зөвлөлдсөн. Дараа нь гаргасан загвараа цаасан дээр ноороглож байгаад төмөр дээрээ эсгэдэг. Ингээд л тус тусын ажилдаа орно. Миний хувьд төмөр, гагнууртай холбоотой ажил хийдэг. Нэг нь будаг, нөгөө нь салон гээд бүгд мэргэшсэн чиглэлийнхээ дагуу ажлаа гүйцэтгэнэ. Засварынхаа хажуугаар жоохон л зав гарвал энэ рүүгээ ордог. Хобби юм болохоор өөрийн эрхгүй цаг нарыг ажрахгүй улайрч хийдэг дээ.

Зургийн тайлбар: Өмнө нь ийм байжээ

-Бүгдийг шинээр угсарсан юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Салдаг бүх деталийг нь салгаж, шинэчилж, эхнээс нь дахин угсарсан. 1998 онд үйлдвэрлэгдсэн, харьцангуй түрүү үеийн машин. Үүнийг сүүл үеийн магадгүй гаднаас нь харахад 2013 оных шиг харагдахаар болгохыг зорьсон. Ингэхдээ гадны загваруудыг дууриахгүй, өөрсдөө сэтгэж, Монголын нөхцөлд зориулан хийхийг хичээсэн. Хэрэгтэй боолт, резин зэргийг Германаас захиалж авчирч, харин хойд урд гупер, толь, яндан зэрэг зарим эд ангийг өөрсдийн гараар хийсэн.

mashin

Зургийн тайлбар: Запас дугуйг хаалганд ачаалал өгөхгүйгээр тогтоох шинэ арга сэджээ.

-Тухайлбал ямар эд анги хийсэн бэ?

-Хөгшин оных учир загварын хувьд УАЗ 69-тэй их төстэй байсан. Түүнийг өөрчилж сүүл үеийнх шиг, гэхдээ илүү чанартай болгосон. Бенцүүдийн шаврын хаалт бүгд хуванцараар хийгддэг. Харин бид үүнийг төмрөөр хийж өгсөн. Бас запас дугуйг арын хаалган дээр тогтоодог нь хаалганы нугасанд ачаалал өгч, эвдэрч гацдаг учир үндсэн рамм дээр нь зангидаж хийж өгсөн. Мөн гишгүүрийг тэр чигээр нь төмрөөр хийсэн. Яндан, хойд урд гупер гэх мэтээр яриад байвал бидний сэтгэж хийсэн маш их зүйл байна. Бас хийх явцдаа ингэчихвэл зүгээр юм уу гэх мэтээр өөрчилсөн юм их бий.

mashin

Зургийн тайлбар: Янданг өөрсдөө хийжээ

mashin

Зургийн тайлбар: Бүтээлч сэтгэлгээтэй засварчин залуус

-Цаашид машин зохион бүтээж, шинээр хийх бодол байдаг уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Машин сонирхдог, хоббитой хүн бүрийн л мөрөөдөл байх. Гэхдээ Монголын нөхцөлд хийнэ гэдэг хэцүү л дээ. Монголд мундаг инженерүүд их бий. Тэдний хажууд бид хобби дээрээ үндэслэж, практик туршлага дээрээс сурсан жоохон юмнуудаа ашиглаж хийж байна. Магадгүй мундаг инженерүүд гарч ирээд хийх байх аа.

Д.ТҮВШИН

Гэрэл зургийг:Ц.ЭНХТАЙВАН

mashin

Зургийн тайлбар: Тэдний өөрчилсөн буруу талдаа рультэй Тоёота кроун

Зургийн тайлбар: Тэдний байлдааны зориулалттай болгож бүрэн тоноглосон хаммер

mashin

Зургийн тайлбар: Хаммерийн доторх салоныг залуус өөрсдөө хийжээ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:15


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.