Элэгний өвчлөлтэй хүмүүст туслах “Эрүүл элэг” сан байгуулжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

“Онон” сан, Элэгний төвийн санаачлагаар “Эрүүл элэг” санг байгуулжээ. Тус сан нь ард иргэдэд хепатитын вирус, элэгний эмгэг өвчний эмчилгээг хүртээмжтэй, хөнгөлөлттэй нөхцлөөр хийлгэх боломжийг судалж, санхүүгийн тусламж үзүүлэх зорилготой аж. Тодруулбал элэгний вирус тодорхойлох болон вирус илэрсэн тохиолдолд уух эмний үнэ, эмчилгээ нийлээд гурван сая төгрөг орчим болох юм. Өнөөгийн нийгэмд энэ мөнгийг бэлнээр нь төлөөд эмчилгээ хийлгэх боломжтой хүн хэд билээ. Тиймээс тэдэнд туслах, амьдрал бэлэглэх сайхан сэтгэлийн үүднээс энэ санг байгуулсан тухайгаа сангийн тэргүүн Д.Наранбаатар ярьсан юм.

Тэрээр “Манай санд элэгний хатуурал, өвчлөлтэй ямар ч хүн хандаж болох бөгөөд өвчний түүхээ авчрах хэрэгтэй. Гэхдээ бид хүсэлт гаргасан хүн бүхэнд тусална гэж хэлэхгүй. Эмчилгээ хийлгээд эдгэрэх боломжтой, онош нь эрт тогтоогдсон бол бүр сайн” гэв. Мөн эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцооны тухай “Манай улсад өдөрт долоон хүн элэгний өвчлөлөөр өнгөрч байна. Харин үүнийг бууруулах, урьдчилсан сэргийлэх бодлого алга. Эрүүл мэндийн нийгмийн даатгалд 2013 оны байдлаар 80 тэрбум төгрөгийн үлдэгдэл гарсан. Гэтэл түүнийг нь төрийн сан татаад барилга, зам болгох жишээтэй. Тэр мөнгөөр хэдэн хүний амь аварч болох байсан бол. Төр, яамны зүгээс элэгний өвчлөлийн талаар тууштай бодлого алга” гэсэн юм. “Эрүүл элэг” сан үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоогоор 25 настай Н.Ариунжаргал хэмээх залууг сонгож, тусламжийн гараа сунгаж байна. Н.Ариунжаргал В,Д вирусын архаг хатуурал буюу цирроз гэсэн оноштойгоор яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай аж. Түүний эмчилгээний төлбөрт 85 сая төгрөг хэрэгтэй бөгөөд одоогоор 31 сая нь цуглараад байгаа юм. Тиймээс “Эрүүл элэг” сангийн зүгээс санхүүжилт босгож эхэлсэн бөгөөд халуун сэтгэлд ард иргэдээ Н.Ариунжаргалд туслах аянд нэгдээрэй гэж уриалсан юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.