Асуудал дагуулсан цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар хийхгүй

Д.Тулга / Боловсрол

tsetserleg

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 25-28-ны хооронд явуулах шийдвэр гарсан. Харин өчигдөр Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд арав гаруй цэцэрлэгийг төлөөлсөн 200-300 гаруй эцэг эх цуглан хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ сугалаа сугалж, азаа үзэхийг эсэргүүцэн жагссан юм.

Тэд “Ардын хүүхдүүд сугалааны хонжвор”, “Сугалаа сугалахыг эсэргүүцэж байна” гэх мэт бичигтэй лоозон барьсан байв. Учир нь энэ сарын 24-ний өдөр эхлэх бүртгэлд хамрагдахын тулд эцэг эхчүүд өнгөрсөн сарын 24-ний өдрөөс эхлэн ажлаасаа чөлөө аван хонон өнжин дугаарлаж байхад гэнэт сугалаагаар бүртгэх шаардлага тавилаа хэмээн бухимдаж байсан юм. Тэд “Энэ жилдээ дугаарлаж зогссоноороо хүүхдээ бүртгүүлээд ирэх жилээс эртхэн сугалаагаар шийдэж болно шүү дээ” гэцгээж байв.

-ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ СУГАЛААГААР ЯВАХГҮЙ-

Энэ асуудлаар Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас тодруулахад “Нийслэлийн боловсролын газраас дүүргүүдэд цэцэрлэгийн бүртгэл явуулахдаа сугалаагаар явуулах хувилбар байгаа гэсэн чиглэл өгсөн. Энэ саналыг тодорхой тооны цэцэрлэгүүд авч хэрэгжүүлсэн болохоос бүх цэцэрлэгүүдийг сугалаагаар бүртгэлээ явуул гэсэн журам, тушаал гараагүй. Нийслэлийн дүүргүүдэд цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулах эрхийг нь өгсөн. Тиймээс цэцэрлэгүүд бүртгэлээ хэрхэн явуулах вэ? гэдгээ өөрийн харъяа дүүргийн Боловсролын газартай ярилцаж шийднэ” гэв.

Өчигдрийн тухайд БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр “Цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байсан бол ийм асуудал үүсэхгүй. Тиймээс бид байгаа цэцэрлэгтээ иргэдийнхээ хүүхдийг тэгш хуваарилахаар зорилгоор энэ аргыг сонгосон” хэмээн тайлбарласан юм. Улмаар Х.Батбаяр дарга эцэг эхчүүдийн төлөөлөл болон цэцэрлэгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийсэн юм.

Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн тухай БЗД-ийн Хэвлэлийн албанаас тодруулахад “Зарим ачаалалтай цэцэрлэгүүд бий. Эдгээр цэцэрлэгийн эцэг эхчүүд болон тухайн цэцэрлэгийн эрхчлэгч хоорондоо тохиролцон ямар аргаар бүртгэлээ хийх вэ? гэдгээ шийдэхээр болсон” гэлээ.

Энэ жилийн хувьд эцэг эхчүүд олон хоног хонон өнжин дугаарласныг харгалзан үзэж ийм шийдвэр гаргасан байна. Харин ирэх жилээс Нийслэлийн Боловсролын газраас өгсөн чиглэлийн дагуу ачаалал ихтэй зарим дүүргийн цэцэрлэгүүд хүүхдүүдээ бүртгэхдээ сугалаагаар бүртгэхээр болж байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.