Ж.Батзандан: Бусдын кнопыг хууль бусаар дардаг байдлыг зогсооно

Д.Тулга / Улстөр

batzandan

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийв. Хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

-Хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх хэд хэдэн хууль яригдаж байгаагийн нэг нь Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль байгаа шүү дээ?

-Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл орж ирсэн байгаа. Энэ хуулийн төсөлд төрийн албан тушаалтнуудын ёс зүйн хариуцлага, улс төрийн хариуцлагатай холбоотой заалтууд орж ирсэн. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хүртэлх зохицуулалт энэ хуулинд тусгагдсан. Өргөдлийн байнгын хорооны гишүүд ярилцаад УИХ-ын гишүүдийг үндэслэлгүйгээр, хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хуралдааныг тасалдаг байдлыг зогсоох, бусдын кнопыг өмнөөс нь хууль бусаар дардаг байдлыг зогсоох, чуулганы танхимд согтуу хөлчүү орж ирдэг байдлыг болиулъя, шат шатанд хариуцлагын тухай ярьдаг болох үүднээс хоёр хуулийн төсөл оруулж ирсэн байгаа. Үүнд: Төрийн ордны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай юм. УИХ-ын чуулганыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд торгууль оногдуулах, бусдын кнопыг дарсан тохиолдолд мөн хариуцлага хүлээлгэнэ. Учир нь кнопоо бусдад шилжүүлэх, бусдын кнопыг дарах нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх, эрх мэдлээ урвуулан хэрэглэж буй явдал гэж үзэж байгаа. Энэ бол гэмт хэргийн шинжтэй асуудал. Энэ асуудлыг илүү нухацтай хэлэлцэнэ. Зарим хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Ямар ч байсан энэ хаврын чуулганаар хариуцлагын тухай хууль батлагдан гарах байх гэж найдаж байна.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн явцын талаар юу хэлэх вэ?

-Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Р.Бурмаа гишүүн ажиллаж байсан. Р.Бурмаа гишүүн сайд болсонтой холбоотойгоор ажлын хэсгийг би ахалж байгаа. Сонгуулийн хууль бол улс төрийн бүх намуудын ойлголцол, зөвшилцөл дээр гарах ёстой хууль. Яг одоогийн байдлаар улс төрийн намууд хэд хэдэн зүйл дээр ойлголцож байгаа. Тухайлбал, олон удаа сонгууль явуулдаг байдлыг больё гэж байгаа. Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, сум, дүүргийн сонгууль гэх мэт 4 жилийн дотор дахин сонгуультай нийлээд 40 гаруй сонгууль хийж байгаа. Иймээс УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, аймаг дүүргийн сонгуулийг нэг өдөр хийдэг болъё гэж ярьж байна. Өнөөдөр УИХ-ын сонгуулийн системийн болон тогтолцооны асуудал дээр улс төрийн намууд бүрэн дүүрэн ойлголцолд хүрч чадаагүй байна. Намууд зөвшилцөлд хүрсний дараа энэ хууль хэлэлцэгдэнэ.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.