Б.Дамдиндорж: Нейросайнсын судалгаа Монгол улсад эрчимжих ёстой

Д.Тулга / Боловсрол

2015 оны 8 сарын 28, 29-ний өдрүүдэд Монголын Нейросайнсын Нийгэмлэгээс “Multidisciplinary Brain Science-2015” олон улсын эрдэм шинжилгээний чуулганыг зохион байгуулах гэж байна.

Монголын Нейросайнсын Нийгэмлэгийг 2014 онд баруун Европ, АНУ, Япон зэрэг орнуудад нейросайнсын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан залуус үүсгэн байгуулсан. Тус нийгэмлэг 2015 онд Дэлхийн 80 гаруй орны нейросайнсын нийгэмлэг, холбоодыг нэгтгэсэн “Олон Улсын Тархи Судлалын Байгууллага”-ын гишүүнээр элсэн эмч, биологич, инженер, математикч, сэтгэл судлаач зэрэг олон салбарын эрдэмтэдийг нэгтгэн 150 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Multidisciplinary Brain Science-2015” олон улсын эрдэм шинжилгээний хурлын тухай болон нейросайнсын судалгаа, шинжилгээ, шинэ технологи зэрэг асуудлаар АШУҮИС-ийн Физиологийн тэнхимийн эрхлэгч, Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор Б.Дамдиндоржтой ярилцлаа.

-ТАРХИ СУДЛАЛЫН САЛБАРТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ ХИЙН ЭРДЭМТЭДЭЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ-

- Юуны өмнө нейросайнсын шинжлэх ухааны түүх, хөгжлийн тухай ярилцъя.

- Нейросайнс бол тархи, мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, зохицуулгын механизмуудыг молекулын түвшнээс эмнэлзүй, нийгмийн түвшинд хүртэл судалдаг шинжлэх ухааны олон салбаруудын огтлолцол дээр суурилдаг шинжлэх ухаан бөгөөд дэлхий дахинд 1960-аад оноос эхлэн ялангуяа сүүлийн 20 гаруй жилд маш хурдацтайгаар хөгжиж, өргөжин тэлж байна. Хүний насыг уртасгах, эрүүл амьдрах, сансарт уураг тархийг хамгаалах, хиймэл оюун ухаан бүтээх гэх мэт нейросайнсын судалгаануудын үр дүнд олон гайхамшигт нээлт, бүтээлүүд төрж байна.

Тийм ч учраас дэлхийн өндөр хөгжилтэй олон улс орнууд тухайлбал АНУ, Европын холбоо, Япон, Хятад, Солонгос зэрэг улс орон нейросайнс, тархи судлал, өндөр технологийн судалгаа, төсөл, хөтөлбөрүүдэд онцгой анхаарал хандуулж, олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийн, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээ болгож байна.

-Манай улсын хувьд?

-ХХI зууны шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болж буй нейросайнсын судалгаа, шинжилгээний ажлууд Монгол улсад хөгжиж, эрчимжих ёстой. Төр засаг маань тархи судлалын салбарт том хөрөнгө оруулалтыг урт хугацаанд тогтвортой хийн үндэсний эртэмтэдээ дэмжвэл Монгол улс төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа хавдар, таргалалт, чихрийн шижин, цус харвалт, Альцгеймер, Паркинсоны өвчин зэрэг олон өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг эмчлэх шинэ эмчилгээний арга гарган авахад өөрсдийн хувь нэмэрээ оруулан, дэлхийн түвшинд өрсөлдөж чадна итгэлтэй байна. Манай нийгэмлэг Нейросайнсын шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэх, сурталчилах, үндэсний эрдэмтэдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, бүтээл, нээлтүүдийг дэмжих, эх орныхоо шинжлэх ухааны хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

-ЭРДЭМТЭДИЙН ДУУ ХООЛОЙ ХҮРЭХГҮЙ, ОЮУНЫ ҮНЭЛЭМЖ МАШ ДООГУУР БАЙНА -

- Энэ удаагийн тархи судлалын эрдэм шинжилгээний хурлын зорилго, ач холбогдол юу вэ?

Монгол улсын тархи судлалын салбарт ажиллаж буй эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачид өргөнөөр урьж оролцуулах юм.

Нэгдүгээрт: Олон улсад нейросайнсын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, ололт амжилт ямар түвшинд байна вэ? Судалгааны чиг хандлага хаашаа чиглэж байна вэ? Бид хаана нь явна вэ? Дэлхийн түвшинд очихын тулд бид яах ёстой юм? Боломж байна уу? боломж байвал хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? хэрхэн хамтран ажиллах вэ ? гэх мэт олон асуудалд хариу олох

Хоёрдугаарт: Манай улсад нейрофизиологи, мэдрэл судлал, сэтгэц судлал, тархи нуруу нугасны мэс засал, дүрс оношлогоо, сэтгэл судлал гээд олон салбарууд бие даан хөгжиж байна. Тархи судлалаар ажиллаж байгаа энэ олон эрдэмтэд маань нэг дор цуглаад судалгааны үр дүн, ололт амжилтууд, шинэ санаагаа хуваалцах, нэгдэж хамтран ажиллах боломжуудаа ярилцах

Гуравдугаарт: Монгол улсад эрдэмтэд, сэхээтнүүдийн дуу хоолой нийгэмд хүрэхгүй, оюуны үнэлэмж маш доогуур байгаа нь нийгэм хэт их мухар сүсэгт автаж, түүний сөрөг нөлөө хурдацтай нэмэгдэхэд нөлөөлж байгаа болов уу гэж би боддог. Хуралд оролцож байгаа тархи судлалын нэрт эртэмтэдийн лекц, судалгааны үр дүнгээр дамжуулан аливаа зүйл судалгаатай, баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанч байх ёстойг бага ч болов нийгэмд хүргэх зорилготой энэхүү хурлыг зохион байгуулж байгаа. Damdindorj

- Хуралд лекц уншихаар ямар эрдэмтэд ирж байна вэ?

- Үндэсний шилдэг эмч, судлаачид, профессорууд, мэргэжилтнүүдээс гадна Япон Улсын Нейросайнсын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Олон улсын тархи судлалын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Япон Улсын Тархи Судлалын Институтын дэд захирал, тархи судлалын нэрт эрдэмтэн, Профессор Keiji Tanaka, Солонгос Улсын Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн гишүүн, Солонгос Улсын Тархи Судлалын Институтын Ерөнхийлөгч, Профессор Yoo-hun Suh, Япон улсын Таргалалт судлалын Нийгэмлэгийн тэргүүн, Профессор Toshihiko Yada нарын нэрт эрдэмтэд ой тогтоолт, сурах үйл явцад тархины аль хэсгүүд хэрхэн ороцдог болон хооллолтын төвийн зохицуулгын механизм, өлсөлт ба цадалт хэрхэн зохицуулагддаг зэрэг маш сонирхолтой лекцүүд уншина

- Та өөрөө ямар сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан бэ? Таны судалгааны ажлын талаар ярилцъя.

- Би Япон улсад чихрийн шижин, таргалалтанд төв мэдрэлийн тогтолцоо хэрхэн оролцох болон зарим даавруудын цусны сахар, инсулины шүүрэл ялгаралтанд хэрхэн нөлөөлөх, чихрийн шижингийн эмчилгээний шинэ арга боловсруулах талаар судалгааны ажлууд хийж байсан. Жишээ нь ямар хүнийг ухаантай, ухаалаг хүн бэ? гэж асуувал маш олон хариулт хэлэх байх. Мэдлэгтэй, тусч, оюунлаг гэх мэт. Хошин ч гэмээр хариулт бол хэвийн жинтэй хүнийг ухаантай хүн гэж хэлнэ. Учир нь эдгээр хүмүүс амьдралын зөв хэв маягтай, зөв хувиар, хэмнэлтэй, стрессээ тайлаж чаддаг гэх мэт олон чадваруудыг эзэмшсэн байгаа. Тухайлбал шөнийн ээлжинд ажиллах, орой унтах, нойргүйдэх, өглөөний цайгаа уухгүй, оройн цагаар хэт идэх гэх мэтээр хүний хоногийн хэмнэл алдагдсанаар тархины мэдрэлийн эсүүдээс ялгаруулж байгаа даавруудын тэнцвэр алдагдан тархины өлсөлт цадалтын идэвхижил өөрчлөгдөн хэт их идэх, дулаан ялгаруулалт буурсанаар биеийн бодисын солилцооны идэвхи багасч хүмүүс таргалан улмаар цусанд сахар ихэссэн чихрийн шижингээр өвдөх хүртэл өөрчлөлтүүд биемахбодид үүсдэг. Өөрөөр хэлбэл шөнийн цагаар өлсөлтийн төвийг сэдээдэг даавруудын түвшин хамгийн бага байдаг. Харин унтахгүй сэрүүн байх юм бол дааврын түвшин байх ёстой хэмжээнээсээ илүү нэмэгдэж маш их иддэг. Мөн эмэгтэйчүүд стресст орохоороо яагаад их иддэг, идэх идэхдээ хамгийн их илчлэг ихтэй хоолыг сонгож иддэг вэ гэх мэт асуудалаар бид судалгааны ажил хийж байсан. Тийм учраас амьдралын зөв хэвшил, стрессгүй тайван амгалан амьдрал, байнгын тогтвортой дасгал хөдөлгөөн бол эрүүл байхад их чухал. Тэгэхээр ухаантай хүн гэж хэн бэ? гэдгийн хариулт бол туранхай хүн. Өөр жишээ дурьдвал, хүүхдийг яагаад орой 20 цагт оронд нь оруулаад 21 цаг гэхэд унтуулдаг вэ гэхээр 21-23 цагийн хооронд хүүхэд өсч, том болоход шаардлагатай өсөлтийн даавар тархины эсүүдээс шүүрч цусанд хамгийн өндөр түвшинд хүрдэг . Гэтэл тэр үед нь эцэг эхчүүд хүүхдээ унтуулалгүй зэрэгцэж кино үзээд л 00 цаг гээд унтдаг. Гэтэл энэ даавар унтаж байх тухайн цагтаа л ялгардаг учраас хүүхдийн өсөлт бойжилт хэвийн явагдахгүйн дээр өвчин эмгэгт мэдрэмтгий болох жишээтэй. Хүний амьдралын өдөр тутмын зөв хэв маягийн цаана тархи бие махбодийн бодисын солилцоог хэрхэн зохицуулж удирдагыг бид судалдаг.

-Эмэгтэйчүүдийн талаар та сая дурьдлаа. Манай эмэгтэйчүүд жингээ барих гэж хичээдэг?

-Цадна гэдэг бол өлсөлтийн төв дарангуйлагдаж байгаа юм. Өлсөлтийн төв идэвхижээд байвал хүн байнга л хоол иднэ. Хүмүүс турахын тулд гэнэт өндөр ачаалалтай фитнест явдаг. Маш их өлсөж, маш их хөдөлмөрлөж тэвчээр гаргана. Ингээд үр дүнд хүрсэн ч эргээд л анх идэж байсан хэмжээнийхээ хоолыг идэж эхлэхэд чиний сарын хугацаанд хаясан жин долоохон хоногийн дотор буцаагаад нөхөгдөнө. Өөрөөр хэлэх юм бол чи 70 кг жинтэй байж байгаад 60кг болтол турсан бол өндөр ачаалал авахаа болиход л зөвхөн долоо хоногийн дотор биеийн жин чинь 70 кг, дараагийн сард 75 кг болтлоо нэмэгдэнэ. Учир нь хүний эсүүд ачаалал ихсэх үед гаднаас орж ирж байгаа хоол тэжээлд маш их мэдрэг болж, өсөж хуваагдахад бэлэн болчихсон байдаг. Ингээд гаднаас хоол орж ирэхэд фитнесс хийгээд жижгэрсэн байсан өөхний эс маш хурдан хугацаанд томорч, хуваагддаг.

- Тэгэхээр биеийн жинг яаж хэвийн хэмжээнд зөв барих вэ?

- Өөртөө тохирсон хэмжээний хэмнэлтэй хөдөлгөөнтэй дасгал сургуулилт хийж, зөв хооллох юм бол таван жилийн хугацаанд хүн биеийнхээ хүссэн жиндээ хүрч урт хугацаанд биеийн жингээ барьж байдаг. Таван жилийн дараа хийж байсан дасгал хөдөлгөөн, зөв амьдралын хэв маягаа орхивол эргээд маш хурдан таргалах боломжтой. Тийм учраас л маш их хичээл зүтгэл, ухаан, тэвчээр гаргаж байж хүссэн биеийн жингээ барьж буй тул “ухаантай хүмүүс буюу smart people ” гэж хэлж , ярьцгаадаг болж байна

-АМЬД ЭС ДҮРСЛЭЛИЙН ТЕХОНОЛГИ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-

- Та одоо хийж байгаа судалгааны ажлын талаар тайлбарлаж өгөөч, тархины эсийг хэрхэн судалдаг юм бэ?

Бид БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр АШУҮИС дээр нейросайнсын судалгаа явуулах хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосон лаборатори байгуулсан. Нейрон болон зарим мэдрэл дотоод шүүрлийн эсүүдийг анхдагчаар өсгөвөрлөн бүтэц, үйл ажиллагааг нь алдагдуулахгүйгээр эсийн доторхи дохиолол дамжилтын механизмуудыг тодорхойлдог “Live cell imaging” буюу амьд эс дүрслэлийн технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Хулганы биеийн бүтэц хүнийхтэй ойролцоо учраас хулгана дээр туршилт хийдэг байх аа? Товч тайлбарлаж өгөөч.

- Тиймээ. Туршилтанд харх хулгана гэх мэт амьтадыг өргөн хэрэглэдэг. Туршилтын амьтадад стереотаксик хагалгаа буюу гавлыг өрөмдөн тархины ховдлуудад гуурс суулган даавар болон туршилтын эм тариаг тархины ховодлд тарин гарч буй бодисын солилцооны өөрчлөлт, биеийн жин, идэх хоол, уух усны хэмжээг тодорхойлох гэх мэт олон туршилтууд хийдэг. Дараа нь тухайн амьтанаас тархиы эсүүдийг өсгөвөрлөн дохиолол дамжилтын механизмуудыг тодорхойлдог гэж товчхон тайлбарлаж болох юм. Энэ ажлаар мэргэшсэн эрдэмтэд судалгааны багт маань олон бий. Үр дүнд нь олон өвчнийг анагаах баталгаатай, нотолгоотой шинэ эм, шинэ эмчилгээ, шинэ технологууд гардаг.

- Дараагийн хийх ажлуудаа төлөвлөчихсөн үү?

Хотжил, нийгмийн стресс Монгол хүмүүсийн бодисын солилцоонд хэрхэн нөлөөж, таргалалт чихрийн шижинг үүсгэхэд нөлөөлж байгааг судлахаар төлөвлөсөн ажлууд байгаа.

Эрдэмтэд хооллолтыг зохицуулж байдаг лептин дааврыг нокаут хийсэн хулганы загвар гарган авсан нь тарган хүмүүст тохиолддог байнга өлсөх, хэт их идэх, цусан дахь сахар ихсэх, үр тогтоох чадвар буурах, бодисын солилцооны эрчим бага зэрэг олон талаараа адилхан байсан. Зарим эрдэмтэдийн хийгдсэн судалгаагаар нас чацуу, эр сармагчингуудыг нэгийг нь байнга хүссэн хэмжээгээр хооллоод нөгөөг нь зөвхөн өдөрт 3 удаа цагаар хооллон харьцуулж үзхэд цагаар хооллосон сармагчинд хөгшрөлт удаан явагдаж байсан. Илчлэг багатай, зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн наслалтыг уртасгадаг нь бүрэн нотлогдсон. Стресс, амьдралын буруу хэвшилийн үед мэдрэл дотоод шүүрлийн үйл ажиллагаанд оролцдог даавруудын тэнцвэрийн алдагдалыг тодорхойлох нь таргалалт, чихрийн шижинг эмчлэхэд чухал ач холбогдолтой.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.