Б.Ундармаа: Японд сурахаар ирэхээсээ өмнө маш сайн судлаарай

Д.Тулга / Боловсрол

Япон дахь Монголын оюутны холбооны тэргүүн, Токиогийн их сургуулийн магистрын I курсын оюутан Баатархүүгийн Ундармаатай ярилцлаа.

-БИД МОНГОЛЫНХОО АЛСЛАГДСАН АЙМАГ РУУ ОНОШЛОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЯВУУЛАХААР ХӨӨЦӨЛДӨЖ БАЙНА-

-Япон дахь Монгол оюутны холбооны тэргүүний сонгуульт ажлыг хэдийнээс гүйцэтгэж байна вэ?

-Түрүү жилийн 10 дугаар сард тэргүүнээр сонгогдсон. Манай холбоо жил бүрийн 10 дугаар сард удирдах зөвлөлийн сонгуулиа явуулдаг.

-Японд нийт хичнээн монгол оюутан суралцаж байна вэ?

-Одоогоор 4000 орчим байна гэсэн албан бус тоо бий.

-Танай холбоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? Үйл ажиллагааныхаа талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?

-Японд байгаа бүх монгол оюутан маань манай гишүүн гэж явдаг. Харин Удирдах зөвлөлийн хувьд 15 гишүүнтэй, жил бүр сонгуулиар сонгогддог. Үйл ажиллагааны хувьд томоохноос нь дурьдвал, Оюутны шинэ жил, Спорт наадам, оюутнуудад зориулсан тогтмол сургалт семинар зэргийг зохион байгуулдаг. Мөн Япон дахь хамгийн том Монгол баяр Хаврын баяр фестивалийг зохион байгуулж байгаа. Үүгээрээ Японд Монгол соёлоо сурталчлах, Япон дахь монголчууддаа хуран цуглаж, Монголоороо амьсгалсан Монголын өдрүүдийг хийхийг зорьдог. Хаврын баяр болон бусад үйл ажиллагааны орлогоосоо жил бүр Монгол руугаа чиглэсэн сайн үйлсийн аян хийж байна. Тухайлбал, орон нутгийн сургуулиуд руу ном сурах бичиг явуулах, тоног төхөөрөмж хандивлах, улсын сургуулиуд дээр Японд суралцах боломжийн талаар яриа хийх болон номын сангуудтай танилцах аялал зэргийг зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд “Халуун сэтгэл” ТББ-тай хамтран алслагдсан нэгэн аймаг руу оношлогооны тоног төхөөрөмж явуулахааар хөөцөлдөж байна.

-Японд сурч амьдарч буй монгол оюутнуудын хувьд хамгийн их тулгамддаг ямар асуудал байдаг вэ?

-Хэлний бэрхшээл болон санхүүгийн асуудал гэж бодож байна. Тийм учраас ирэхийнхээ өмнө амьдрах газар, орлого зардалынхаа тухай баримжаатай болох, мөн тодорхой хэмжээнд хэлээ сураад ирэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Токио дахь элчин танай холбооны үйл ажиллагааг хэр дэмждэг вэ?

-Сайн дэмждэг. Хурал, сургалт, семинар зохион байгуулах байраар хангах гэх мэт. Бас Хаврын баяр дээр албан ёсны дэмжигч байгууллагаар оролцож, олон туслалцаа үзүүлдэг. Ер нь томоохон үйл ажиллагаан дээр сайд маань өөрийн биеэр ирж оролцдогт маш их баярладаг. Өнгөрсөн долоо хоногт бид Японд үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодын уулзалтыг зохион байгуулсан.

-Олон холбоо бий юү?

-Япон дахь “Халуун сэтгэл”, “Bright Mongolia Tokyo”, Шинэ Монголын төгсөгчдийн холбоо гээд томоохон холбоод бий. Хамтраад Монгол руугаа чиглэсэн томоохон ажил хийх боломжийн талаар ярилцаж эхэлсэн байгаа. Бас нийгмийн идэвхтэй залуучууд их болж байгаа нь сайхан юм даа. Та унагалдай гэж мэдэх үү? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд хийдэг тоглоом.

-Мэднэ ээ.

-Тэрийг “Bright Mongolia”-гийн залуучууд Хаврын баяр дээр зарж дэмжсэн. Мөн “Хаврын баяр”-аар монгол судлаач япон эрдэмтэд болон монгол хүмүүсийг урьж Монгол, Японы талаар семинар хийдэг.

-Японд япон хэлгүй бол нэг их хол явахгүй байх аа. Англиар тэр бүр ярихыг ч хүсдэггүй бололтой юм?

-Сүүлийн үед хэлний бэлтгэлд сурч байхдаа ажил хийж, их сургуулийн шалгалтдаа бэлдэх зорилгоор олон хүүхэд ирдэг болсон. Ерөнхийдөө хэлээ ирсэн хойноо сурчихна гэсэн бодолтой байдаг л даа. Гэхдээ анхнаасаа бага ч гэсэн хэлний мэдлэгтэй байвал цагийн ажил олох, тэтгэлэгт тэнцэхэд дөхөмтэй. Ажил хийгээд, хэлний бэлтгэлдээ суугаад, хажуугаар нь элсэлтийн шалталтад бэлдэж, сургуулиа судлахын тулд хүн хүнээс маш их хичээл зүтгэл, хувийн зохион байгуулалт шаардана. Тийм зорилготой ирээд, амжилттай сураад явж байгаа залуус ч олон. Сүүлийн үед монголчууд их болсон учраас түүнийг дагаад цагийн ажилд зуучилдаг газрууд бий болж байна. Тиймээс өөрөө мэдээлэл сайтай байвал ажил олдоно гэж бодож байна.

-Цагийн ажил хэдээс хэдэн иений хөлстэй байдаг вэ?

-Цагийн ажил ихэнхдээ цагийн 800-1000 иений цалинтай. Англи хэл заах гэх мэт ажлын хувьд цагийн 2000 иен гэх мэт арай өндөр цалинтай.

-Гадаад оюутан гэсэн ялгаварлал бий юу?

-Их, дээд сургуулийн хувьд ерөнхийдөө насанд хүрсэн хүмүүс байдаг учраас гадаад оюутан гээд нэг их ялгаварлаад байдаггүй. Харин ч Монгол гэхээр сайн байдаг юм шиг санагддаг.

-Магадгүй сумогоор монголчуудыг илүү их мэддэг болсон байх аа. Тийм үү?

-Тийм. Монгол оюутан гэхээр Асашёорюү гээд л эхэлдэг. Япончууд Сүмогоо их хүндэлдэг. Тэр спортоор нь япончуудаас илүү хичээл зүтгэл гаргаад, амжилт үзүүлж байгаа учраас монгол бөxчүүдийг хүндэлдэг гэж ярьцгаадаг.

-МОНГОЛ ОЮУТНУУД СУРЧ БУЙ СУРГУУЛИЙНХАА ШИЛДГҮҮДИЙН ТООНД ОРДОГ-

-Манай монгол оюутнууд бусад орны оюутнуудтай харьцуулахад хэр биеэ дайчилж, боломжийг ашиглаж чаддаг гэж бодож байна вэ?

-Монгол оюутнууд нэг зориод зүтгэхээрээ амжилт үзүүлж чаддаг гэж бодож байна. Өөр өөрсдийн сурч байгаа сургуульдаа шилдэгүүдийнх нь тоонд ороод явж чаддаг.

-Токиогийн сургуулиуд оюутнуудад ямар шалгуур тавьдаг вэ?

-Шалгуурын хувьд сургууль сургуулиасаа болно. Шаардлагатай дүн, кредитийн тоо нь янз янз. Гэхдээ нэг нийтлэг зүйл нь сурах гэж байгаа салбартаа хэр сонирхолтой вэ? Үнэхээр сурах эрмэлзлэл байна уу гэдгийг нь шалгахаар асуултууд их тавьдаг.

-Тухайлбал, ямар асуултууд тавьдаг вэ?

-Яагаад энэ мэргэжил вэ? Яагаад манай орныг сонгов? Хичээлээс гадуур юу хийдэг вэ зэрэг асуултууд заавал тавина.

-Монголдоо сурч байгаа оюутнуудад залхуу тал бий. Японд суралцаж буй оюутанд залхуурах ч боломж олддоггүй байх?

-Таньтай санал нэг байна. Монголдоо ээж аавынхаа дэргэд, гэр орондоо байдаг учраас санаа зовох зүйл харьцангуй бага байдаг. Гадаадад байгаа хүний хувьд бүх юм толгой дээр нь буудаг учраас, амьдралын шаардлагаар маш их хариуцлага үүрдэг болов уу.

-Замын дундаас шантраад, нутаг буцсан оюутан олон байдаг уу?

-Сургуулийнхаа дундаас нутаг буцах хүмүүс ч мэр сэр байдаг. Шантраад явсан уу, эсвэл ар гэр гэх мэт өөр шалтгаан байв уу? Зүгээр өөр хүсэл зорилготой болсон уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

-Ундармаа магистрт сурахаасаа өмнө хаана ямар чиглэлээр суралцаж төгссөн бэ?

-Токиогийн их сургуульд хэрэглээний физикээр суралцаж, бакалаврын зэрэгтэй төгссөн. Одоо магистрт цөмийн инженерчлэл ба менежмент мэргэжлээр сурч байна. Монголд байхдаа МУИС-ийн цөмийн технологийн ангид нэг жил сурсан.

-Токиогийн их сургуульд суралцахад хүндрэл бэрхшээл хэр их тулгарч байв?

-Миний хувьд анхнаасаа Японы засгийн газрын тэтгэлгээр ирсэн учраас санхүү болон хэлний ямар нэгэн хүндрэл байгаагүй. Харьцангуй азтай гэж хэлж болно.

-Сургалтын систем нь Монголынхоос хэр онцлогтой вэ?

-Японы сургалтын системийн онцлог нь боловсролын салбартаа маш их xөрөнгө оруулалт хийдэг. Үнэхээр материаллаг бааз, оюутнууддаа үзүүлэх үйлчилгээ нь тэгш байдаг.

-Магистрт хэдэн жил суралцах вэ?

-Хоёр жил.

-Цөмийн инженерчлэлийн талаар ярьж өгөхгүй юу? Ийм мэргэжлээр сурч байгаа нь их сонирхолтой юм. Яагаад ийм сонголт хийсэн юм бэ?

-Цөмийн инженерчлэл гэхээр ихэнх хүмүүс дэлбэрч тэсэлдэг юм төсөөлдөг л дөө. Гэхдээ энэ салбар маань дотроо атомын энерги, цацраг идэвхит бодисын хяналт, радиологийн эмчилгээ, цөмийн зэвсэгийн хяналт гэх мэт маш олон салбарладаг. Цөмийн энергийг хэрэглэх ёстой, татгалзах ёстой гэдэг дээр мөнхийн маргаантай байдаг. Гэхдээ биднийг хүссэн хүсээгүй том гүрнүүд энергийн бодлогодоо тусгаад, хэрэглээд явж байгаа учраас энэ талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэж бодсон.

-Монголд атомын цахилгаан станц хэрэгтэй гэж боддог уу?

-Монгол улсын хувьд эрчим хүчний хэрэглээ нь бага, мөн нүүрсний асар их нөөцтэй, сэргээгдэх эрчим хүчний асар их ирээдүй байгаа учраас атомын цахилгаан станц шаардлагагүй гэж боддог юм.

-Япончууд цөмийн хаягдлаа Монголд булах нь гэсэн асуудал яригддаг. Энэ талаар дуулж байсан уу?

-Дуулж байсан. Гэхдээ тийм том асуудал 3-хан улс хоорондоо яриад хэрэгжүүлчих учиргүй. Дүрмээрээ бол Дэлхийн Атомын Энергийн Агентлаг гэх НҮБ-ын салбар байгууллагын хяналт доор, гишүүн орнуудад ил тод явагдах ёстой.

-Хэрвээ олны яриа ортой болж цөмийн хаягдал булсан тохиолдолд ямар хор хохирол дагуулах бол?

-Хохирлын хувьд шууд тийм ийм гэж хэлэхэд хэцүү. Ямар нэгэн гэнэтийн осол, байгалийн гамшиг болохгүй л бол технологийн хувьд задарч дуустал нь гадагш нэвтрүүлэхгүй байхаар материал, зузаан, булах гүн зэргийг нь бодож хийдэг. Гэхдээ нэг булсан тохиолдолд хүн түүнийг хянаж чадахгүй учраас газрын гүнд ороод хаягдалтай контейнер маань элэгдээд цоорч байна уу, хөрсний усанд цацрагт бодис орж байна уу гэдгийг шууд шалгаж чадахгүй нь маш асуудалтай.

-МОНГОЛ ХҮН ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭЭД, ЗААВАЛ НУТАГ БУЦАХ ЁСТОЙ-

-Арлын Япон оронд анх хөл тавьсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Анх Японд 2010 оны дөрөвдүгээр сард ирж байсан. Яг тэр үед сакура цэцэг дэлгэрээд, хаа сайгүй ягаан, маш гоё байсан. Бас бороо орж байсан. Монголоосоо гарахад өвөл шиг цастай байсан учраас тэр орчин солигдоход маш сонин мэдрэмж төрсөн. Онгоцны буудлаас Токио явж байхдаа хөгшин настай хүмүүс нэг гартаа шүхэр бариад, нэг гараараа унадаг дугуйгаа жолоодож явааг хараад их гайхсан. Дугуйг хүүхдүүд л унаж тоглодог гэж боддог байсан учраас тэр. Өвөө эмээгээ тэгээд явж байна гэхээр төсөөлж чадахгүй байсан. (инээв.сурв)

-Токиогийн хүмүүс бүгд урагш тэмүүлээд, ажлын төлөө л амьдардаг мэт бодол төрөх юм?

-Тийм шүү. Маш их ажилладаг. Бусдад садаа болохгүйн тулд өөрийхөө хариуцсан ажлыг яс хийх ёстой гэдэг үзэл нь их хүчтэй санагддаг.

-Одоо хэлийг нь сураад, номыг нь лавшруулан үзэж байна. Энэ орон чамд яг юу өгсөн бэ?

-Миний хувьд оюутан нас буюу хувь хүн болж төлөвших чухал үеэ энд өнгөрөөж байна. Юуны өмнө намайг маш сайн хүмүүжүүлж өгсөн гэж боддог. Хамгийн том сургуульд нь, өөрөөсөө илүү чадалтай хүүхдүүдийн дунд сурснаараа биеэ тоосон зан маань арилсан. Бас олон хүн надаар монгол хүнийг төсөөлөх учраас, хүмүүсийн өмнө биеэ маш зөв авч явж, хийж буй ажилдаа хичээнгүй, бас өөртөө итгэлтэй байхыг хичээдэг болсон. Японд ирснээрээ Монголоо гаднаас нь харах боломж бас бүрдсэн. Тиймээс эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэдгээ арай өргөн хүрээтэй харж чаддаг болсон гэж найдаж байна.

-Маш сайн байна. Хоёр жилийн дараа Ундармаа Японд үлдэх болов уу?

-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Америк, эсвэл Японд доктортоо сурах байх.

-Дөрөв хоног Японд амрах хугацаанд цөөн тооны монголчуудтайгаа санал солилцлоо. Буцах сонирхолгүй байдаг юм шиг санагдсан шүү?

-Монгол хүн бол заавал нутаг буцах ёстой гэж бодож байна. Мэдээж Монголоосоо гарахдаа зорьсон зорилго байгаа байх. Тэр зорилгодоо хүрчихээд, мэдлэгтэй, хүчтэй болоод эх орондоо эргэж очих ёстой. Гадааддаа шингээд үлдэнэ гэсэн бодолтой хүн цөөхөн байгаасай л гэж хүсч байна даа.

-Баярлалаа, өөр шиг чинь өөдрөг бодолтой олон монгол байгаа гэдэгт итгэж байна. Японы хөгжил, хүмүүсийнх нь харилцаа, хүнийг хүн ёсоор хүндэлдэг байдал нь хэзээ Монгол минь ийм болох бол доо гэсэн бодол төрүүлсэн. Хөндлөнгөөс Монголоо хэрхэн харж байна вэ?

-Жил бүр амралтаараа Монголд очдог. Очих бүр Улаанбаатар маань, үйлчилгээний газар, хүмүүсийнх нь соёл сайжирч байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ хүнийг эдэлж байгаа эд зүйлээр нь, албан тушаалаар нь ялгаварладаг үзэгдэл байсаар л байгаа. Маш их соёлтой, ухамсартай залуу үе хүч түрэн гарч ирж байгаа юм шиг санагдсан. Залуучуудын сайн дурын хөдөлгөөнүүд олноор байгуулагдаж, ном уншдаг хүн их болсон гээд ер нь бол гэрэлтэйгээр төсөөлж байна.

-Хоёулаа яриагаа Японд ирэхээр төлөвлөж байгаа залуустаа анхаарах зөвлөмжөөр өндөрлөх үү?

-За тэгье. Юуны өмнө Японд ирэхээсээ өмнө маш сайн судлаарай гэж хэлэх байна. Очоод хаана байх вэ? Ажил яг яаж хайх вэ? гээд. Гэрээгээр ирж байгаа бол зуучлагч байгууллагаа маш сайн судлах хэрэгтэй. Бас боловсролын системийнх нь талаар анхан шатны ойлголттой байвал сайн. Хэдэн сард элсэлт авдаг вэ? Ямар мэргэжил байдаг вэ? Коллеж уу? Их сургууль уу? гээд аль болох чадах бүхнээ тодорхой болгох хэрэгтэй. Тэгсэн цагт ирээд зорилгодоо хүрэх магадлал тань маш өндөр болно. Мөн Япон дахь Монгол Оюутны Холбоо гэсэн фэйсбүүкийн группэд нэгдэж зөвлөгөө авч болно.

-Урилгыг минь хүлээн авч сайхан яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Зорьсон зорилгодоо хүрээд, доктор болсны чинь дараа Монголдоо дахин уулзахын ерөөл тавья.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.