Ч.Ганхуяг: Өөрсдийнхөө хүүхдийг гадаадад сургачихаад ардын хүүхдийг уйгаржин бичгээ сур гэж тавлаж байна

Д.Тулга / Нийгэм

Сангийн дэд сайд асан “Хас"-ын гэгдэх Ч.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ Монгол хэлний ту­хай хуулийн төслийг батал­чихлаа. Та их шүүмжилж байх шиг байна…

-Өнөөдөр эдийн засаг уналтад орчихлоо. Тиймээс улс орноо энэ хүнд үеэс гаргах үүрэг одоогийн төр засагт ногдчихсон байна. Ийм байхад авах арга хэмжээгээ зөв эрэмбэлж, ухаантай ажиллах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр тулгамдчихаад байгаа бэрхшээлээ давж, улсаа өөд татах нь нэн тэргүүнийх байх ёстой. Түүнээс биш Монгол хэлний тухай хуулийг баталж, уйгаржин монгол бичгийн асуудлыг шийдэх нь аминд тулсан чухал зүйл биш. Яг өнөөдөр Монгол Улс мөхөж, нийгэм нурж унах гээд байна. Дааж давшгүй их өр төлөх шаардлага тулгараад байна. Гэтэл ийм дампуу, өөдгүй хууль батлаад сууж байна гэдэг нь шившиг. Манай төрийн түшээдийн толгой эргэчихэж. Ийм хүмүүс төрд ажиллаж байна гэхээр үнэхээр гутамшигтай байна. Би бол жирийн иргэний сонгогчийн хувиар байр сууриа илэрхийлж байгаа шүү.

Нөгөө талаасаа би татвар төлөгч. Ухамсар суусан цагаасаа хойш татвар төллөө. Олон хүнийг ажлын байраар хангасан. Энэ хүмүүс татвараа төлж байна. Бидний төлсөн татварыг захиран зарцуулдаг төрийн түшээд өнөөдөр ийм завхарсан зүйл хийж байгаад үнэхээр харамсч байна. Тиймээс өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан байр сууриа бусадтай хуваалцлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж “Яриад байдаг ухаалаг төр чинь хаана байна вэ. Наад түшээдийн чинь толгойэргэчихэж. Батлаад байгаа хуулийг нь болиулаач ээ" гэдэг асуудлыг тавьж байна. Ухаалаг төртэй болъё гэж байгаа юм бол энэ хууль дээр хориг тавих хэрэгтэй. Эдийн засгийн асуудлыг шийдэж, том төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулагчдыг татах нь үүнээс чухал байна. Түүнээс биш Улаанбаатар хот монгол бичгээр хаягаа бичээдхөгжинө гэж байхгүй, тусгаар тогтнол маань баталгаажихгүй.

-Дарга нар уйгаржин бичгээр бичдэг, харилцдаг болчихвол Монгол Улс хөгжих гээд байгаа юм шиг авирлаж байна…

-Тийм юм байхгүй ээ. Эдийн засгийн хувьд бат бөх, дэлхийн хэлээр харилцажбайж Монгол гэдэг нэр нүүрийг ертөнцөд бий болгоно. Баталж байгаа хуулиудаа уйгаржин бичгээр бичвэл өв соёлоо хамгаалчих юм уу.

Үгүй ээ, Монгол Улс зүгээр л түүхийн үзмэр болон хувирна. Монгол Улсыг ийм динозаврын орон болгох гээгүй юм бол энэ хуулиа болих хэрэгтэй.

-Монгол Улс эргээд хөдсөн дээлтэй харанхуй бүдүүлэг үе рүүгээ буцах байлгүй…

-Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн боловсролын асуудал бүрхэг болж байна. Би хүүхдээ нэг нас хүрэхээр нь гадаад үг зааж өгдөг. Тэгснээр миний хүүхэд монгол хэл мэддэггүй, Монголоо алдсан нэгэн болж өсдөггүй. Харин ч дэлхийн иргэн болж Монголын дархлааг улам бэхжүүлж өгч байна гэж ойлгодог.Дэлхийн бусад орны хүүхдүүдтэй ижил хэмжээнд өрсөлдөж, чадварлаг боловсон хүчин болж төлөвшдөг. Монгол хүүхдүүд ийм байвал дэлхий биднийг үнэлнэ. Монголын нэр хүнд дэлхийд гарна шүү дээ. Тэр хэрээрээ Монгол Улс хөгжинө. Би ийм л бодолтой хүн. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хүүхдийг гадаадад сургуульд явуулж дэлхийн боловсрол олгож байна.Тэгсэн хэрнээ ядарсан ардын хүүхдүүдийг монгол бичиг үзээд хөдсөн дээлтэйгээ малаа маллаад амьдар гэдэг тулгалт хийж тавлаж байна. Ийм эрх тэдэнд байхгүй.

-Бид уйгаржин бичигтэй болчихвол Өвөрмонголоос өөр харилцах газаргүй. Дэлхий биднийг юу гэж харах юм бол доо?

-Монголчууд өөрсдийгөө музейн үзмэр болгож байна даа гэж харна. Өөр яах юм. Нэг зүйлийг бод доо. Дэлхий дээр хуучин нийгэм рүү буцъя, эртний хэлээ сэргээе гэж дөв­чиг­нөж байгаа улс харсан уу.

-Урагшилна уу гэхээс хуучин руугаа ухарч байдаг улсхаана байхав…

-Яг тийм. Германчууд өөрсдийгөө агуйд амьдарч байсан ард түмэн гэж ярьцгаадаг. Гэлээ гээд өнөөдөр анх үүссэн агуй руугаа нүүе гэж ярьдаггүй. Гэтэл монголчууд бид монгол гэртээ амьдарч, малаа дагах тухай ярьцгаадаг. Энэ туйлшрал ньявсаар эцэстээ хуучин бичиг рүүгээ буцах хэмжээнд хүрлээ шүү дээ. Гэтэл тэр бичиг нь 21 дүгээр зууны техник технологийн дэвшиж,нийгэм, эдийн засгийн харилцаанд огтхон ч нийцэхгүй, тохирохгүй, хоцрогдсон зүйл байдаг. Тэгэхээр бидний дэлхийтэй харилцахаа боль, мэдээлэл авалгүй, харанхуй бүдүүлгээрээ үлд гэж байгаа юм байна.

-Гадныхны за­хиал­гын дагуу энэ хууль батлагдчихав уу гэдэг хардлага хүмүүст байх шиг байна. Үнэндээ энэ хуулийг эсэргүүцээд байсан гишүүд батлах мөчид дэмжих кноп дараад сууж байхыг нь харвал цаанаасаа захиал­гатай гэдгийг батлаад ч байх шиг…

-Нарийн учир начрыг нь үнэн­дээ мэдэхгүй юм. Монголын язгуур эрх ашигт нийцээгүй хууль гарлаа гэдгийг л мэдэж байна. Ер нь бол Монголыг хөгжилтэй, баян чинээлэг, гуравдагч хөршийн бодлогоо тууштай хэрэгжүүлсэн, Европ, АНУ руу өөрийн гарцтай улс байлгахыг манай хоёр хөрш алга ташаад хүлээж авахгүй нь тодорхой.Монгол Улс ядуу буурай хэн нэгнээс хамааралтай байх нь тэдэнд ашигтай байх. Гэтэл бид гадаад бодлогоо өөрөө тогтоочихдог, хэн дуртай улсаа гуравдагч хөршөөрөө зарладаг, монгол хүүхдүүд орос, хятад хүүхдүүдтэй ажлын байрны төлөө эн зэрэгцэн өрсөлдөж чаддаг болох ёстой байна.ДНБ, өрсөлдөх чадвараараа бусад улстай ижил хэмжээнд уралддаг, өөдөлдөг байх хэрэгтэй байна. Бид хэн нэгний захиалгаар явахёсгүй. Монгол Улсын урт хугацааны язгуур эрх ашгийг дээдэлж, асуудлыг яаж шийдвэл хөгжих үү гэдгийг бодож ажилладаг болмоор байна. Ийм байлгах нь төрийн хар хайрцагны бодлого ул суурьтай байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийн манай төрийнхар хайрцагны бодлогыг Монгол хэлний тухай хууль тодорхой хэмжээнд алдагдуулж байна.

-Өнөөдөр монголчууд гадаад хэлээр ярьсан нэгнээ барьж авч зодож байна. Төр нь уйгаржин бичгээ сэргээх зэргээр хуучин харанхуй, бүдүүлэг үе рүү уриалан дуудаад байгаа учраас нийгмийн сэтгэлгээгийм байдал руу түлхээд байгаа юм болов уу?

-Ийм төрийг бий болгож байгаа түшээдийг УИХ-д дахин сонгох хэрэггүй юм байна гэдэг нь харагдаад байна. Ирэх жил сонгууль болно. Тэр үеэр ард түмэн та нартай хариуцлага тооцно.

-Уйгаржин бичигт шилжлээ гэхэд нийгэм, эдийн засгийн талаасаа гарах асар их хор хөнөөлтэй биз?

-Өнөөдөр бид кирилл үсгээрээ зөв бичиж чадахгүй байж юун уйгаржин бичиг вэ. Дэлхий ертөнц өнөөдөр даяаршиж байна. Үүнийг дагаад компьютер, гар утас хэрэглэж байна. Бидний хэрэглэж байгаа эд хэрэгсэл латин үсэг ашиглаж байна. Энэ бүхнийг үйлдвэрлэдэг компаниудад нь захиалга өгч, монгол бичгээрээ солиулаад ашиглаж болно. Ингэхийн тулд Монгол Улс баян байх ёстой. Гэтэл бид өнөөдөр ямар байгаа билээ. Өөрсдөө ганц гар утас үйлдвэрлэж чадахгүй байж ийм хууль батлаад яах юм бэ. Ард түмнээ нүүр бардам амьдрах боломжоор хангаж чадаагүй байж ийм хууль баталж байна шүү дээ, цаадуул чинь. Хүүхдүүдийг хосолмол бичигтэй болгохын тулд багш нараа бэлтгэнэ. Номыг хоёр бичгээрээ хэвлэнэ. Гадна хаягаа монгол бичгээр солиулахад хичнээн зардал гарах вэ. Албан бичгээ тусгай монгол бичгээр бичих программыг нь суулгахад хэдий хэмжээний мөнгө зарах вэ. Гэх мэтээр хичнээн их мөнгө зарцуулна гэж бодож байна. Санаанд ч багтамгүй юм. Ядуу зүдүү, дөнгөж хөгжиж байгаа улсын хийдэг ажил энэ мөн үү.

Бид одоо хүртэл латинаар өөрсдийнхөө нэрийг тогтсон байдлаар бичиж сураагүй байна шүү дээ. Үүнийгээ зохицуулж чадахгүй байж юун уйгаржин бичиг яриад байгаа юм бэ. Агаараас битгий ийм хийсвэр юм оруулж ирээч ээ. Өнөөдөр Улаанбаатарын бүх хаягийг монгол бичгээр бичье. Та бид бие биеэ олж уулзаж чадах болов уу. Хүн ардаа 100 хувь уйгаржин бичигт сургаагүй байж ийм балай хууль гаргаж болохгүй.

-Уйгаржин бичгээр бичсэн үгийг хэвтүүлчихээр арабууд уншчихдаг гэсэн биз дээ?

-Угаасаа орчин цагийн араб бичгийн үндэс нь сериак үсэг. Манайхаар Египетийн ханз гэсэн үг. Эндээс гаралтай үсгийг уйгар, түрэгүүд хэрэглэж байхад нь монголчууд байлдан дагуулалтынхаа үед авсан юм билээ. Лал шашинтай араб үсгийг бид уйгаржин бичиг гэж шүтээд цээжээ дэлдээд байгаа юм шүү дээ.

-Уйгаржин бичгийг сэргээнэ гэсэн нь улс үндэстнээ хагалан бутаргаж ч магадгүй байна…

-Яах аргагүй хагалж байна. Нэг хоёр хүн бодсон санаснаа олонхидоо тулгасан авторитар, тоталитар дэглэмийн шинжийг агуулсан зүйл хийлээ. Наанаа шууд ардчилал гэж сайхан ярьчихаад, ард түмнээсээ бүгдийг асууна гэж хэлдэг. Тэгсэн хэрнээ амьдралд нь, хүүхдэд нь нөлөөлөх чухал хуулийг хэнээс ч асуулгүй чимээгүйхэн баталчихлаа. Тиймээс иргэд эсэргүүцлээ илэрхийлэх ёстой.

-Тэгээд одоо Ерөнхийлөгч хориг тавих юм болов уу даа?

-Мэдэхгүй. Бид хэрхэн тэмцэхээс л хамаарна шүү дээ. Ямар ч байсан бидэнд 14 хоногийн хугацаа байна. Энэ хугацаанд иргэд үгээ хэлж эсэргүүцлээ илэрхийлэх ёстой. Тэгж байж Ерөнхийлөгчөөр хориг тавиулна. Шууд ардчи­лал гэдэг зүйлийг гаргаж ирээд яриад байгаахүн байна, иргэ­дийнхээ үгийг сонсох байлгүй дээ гэж найдаж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.