САЙН МЭДЭЭ: Шинэ хичээлийн жилд 15 цэцэрлэг, 4 сургууль ашиглалтад орно

Д.Тулга / Нийгэм

infographicХичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 14 хоногийн хугацаа үлджээ. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ ямар сургууль, цэцэрлэгт оруулах вэ гэдэг толгойны өвчин эхэлж байна. Учир нь улс, нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байдаг. Өөрийн хороондоо хүүхдээ бүртгүүлж чадалгүй “хамрынхаа урдуур таслуулсан” эцэг эхчүүд мөн л “хандив” барьсаар өөр хороо дүүргийн цэцэрлэгүүдэд очиж бүртгүүлдэг. Ийм заншил манайд тогтоод нилээд уджээ. Эцэг эхчүүд энэ талаар сайн мэддэг, багш, цэцэрлэгийн эрхлэгчид ч үүнийг байх ёстой зүйл шиг дасчихаж. Харин энэ жилийн хувьд энэ асуудлууд шийдэгдэж эхэллээ.


-НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 15-20 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА-

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас хүүхдүүд сургуулийн өмнөх анхан шатны боловсрол олж авч чадахгүйн дээр эцэг эхчүүд нь ажил хийж амьдралаа залгуулахын тулд хүүхдээ ганцааранг нь гэртээ цоожлон явснаас олон харамсалтай хэргүүд гарсаар байна.

Өнгөрсөн онд сургуулийн өмнөх боловсрол зөвхөн төрийн цэцэрлэгт 180.000, хувийн цэцэрлэгт 26.000 нийт 206.000 гаруй хүүхэд суралцаж байсан бол энэ жил өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал ихсэн 212-215 мянга болон нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 6-7 мянган хүүхэд нэмж цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон сайхан мэдээ байна.

Учир нь 2015-2016 оны хичээлийн жилд зориулж улсын хэмжээнд 59 цэцэрлэгийн зориулалттай барилга барьж байгаа юм. Үүнээс 46 барилга нь энэ ондоо багтан, 15-20 нь шинэ хичээлийн жилтэй давхцан ашиглалтад орох аж. Тухайлбал,

-Сүхбаатар дүүргийн XVI, X хороонд 240 ортой хоёр цэцэрлэг

-Буянт-Ухаад 120 хүүхдийн цэцэрлэг

-Хан-Уул дүүргийн X хороонд 150 ортой цэцэрлэг

-Сонгинохайрхан дүүргийн VII хороонд 120 ортой цэцэрлэг

-Баянгол дүүргийн 120-р цэцэрлэг 75 ортой өргөтгөл

-Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэгийн 75 ортой өргөтгөл

-Сонгинохайрхан дүүргийн IV хороо 120 ортой цэцэрлэг

-Баянгол дүүргийн 57-р цэцэрлэгийн ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нураан дахин 240 ортой цэцэрлэг

-Багануур дүүрэгт 100 ортой цэцэрлэг

-Хан-Уул дүүрэгт 27-р цэцэрлэг 200 ортой гэх мэт цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна.

Эдгээр цэцэрлэгүүд энэ ондоо багтан ашиглалтанд орсноор цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн 80 гаруй хувь нь боловсрол олж, эрүүл, цэвэр, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжтой болж байгаа юм.


-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 10 ЦОГБОЛБОР АШИГЛАЛТАД ОРНО-

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орогчдын тоо өнгөрсөн жил 59.500 орчим байсан бол энэ жил 65.000 орчим болж өсөх хандлагатай байна. Шинээр элсэн орогчдод зориулан энэ жил дөрвөн шинэ сургууль ашиглалтад орж байгаа аж. Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар буулгаад байсан гуравдугаар сургууль, 11 дүгээр сургуулийн барилгын ажил дуусч, энэ хичээлийн жилд хүүхдүүд шинэхэн танхимдаа анхны хичээлээ заалгах юм.

Сургууль, цэцэрлэгийн эдгээр барилгуудаас гадна 10 цогцолбор ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна. Цогцолбор гэдэг нь бага сургууль, цэцэрлэг хоёр нэг дор байрлаж хүүхдүүд цэцэрлэгээ дүүргэсний дараа шууд өөрийн цогцолбор дахь бага сургууль руу дэвшин суралцах боломжтой “ухаалаг механизм” юм. Энэ жил 120 ортой цэцэрлэг, 180 ортой бага сургуулиас бүрдсэн цогцолборууд шинэхэн суралцагчдынхаа өмнө үүд хаалгаа нээхээр бэлдэж байна.

Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа боловсролд зориулсан эдгээр барилгуудыг улсын төсвөөс 34 тэрбум, нийслэлийн төсвөөс 27 тэрбум төгрөг гарган барьж босгож байгаа ажээ.


-ЦЭЦЭРЛЭГТ БҮРТГҮҮЛЭХИЙН ТУЛД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ, НЭХВЭЛ ГОМДОЛ ГАРГАЖ БОЛНО-

Эцэг эхчүүд та бүхэн энэ сарын 25-наас эхлэн тав хоногийн турш хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх боломжтой. Цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд та дараах материалуудыг бүрдүүлээрэй.

-Оршин суугаа газрын тодорхойлолт

-Хүүхдийн төрсний гэрчилгээ

-Эцэг эхийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт

Та зөвхөн өөрийн харъяа дүүргийн цэцэрлэгт л хүүхдээ бүртгүүлэх ёстой бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, багш нар өөр тойргийн хүүхэд авсан, хандив нэрийн дор ямар нэгэн төлбөр мөнгө нэхсэн зэрэг хууль бус үйлдлийг харъяа дүүргийн Боловсролын газар, Нийслэлийн Боловсролын газарт гомдол гарган мэдээллэж болно.

Мөн Нийслэлийн Боловсролын газрын даргын гаргасан 2013 оны журмаар өрхийн орлогоос доогуур төвшний айл өрхийн хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг нэн тэргүүнд бүртгэн авах ёстой юм.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.