Цус ойртолтод төр засгийн бодлого нөлөөлж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Монголчууд эртнээс өөрийн есөн үеийн дотор ураг холбож болохгүй хэмээн сургасаар ирсэн. Харамсалтай нь өнөөдөр цус ойртолт нийгмийн нэн тулгамдсан асуудал болж, ах дүүс, хамаатан саднууд хоорондоо гэрлэсээр байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Энэ талаар үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл ярих зайлшгүй шаардлага тулгарч буй бөгөөд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж буй юм.

-ЦУС ОЙРТОЛТ ГЭЖ ЮУ ВЭ-

Эрдэмтэд хүн 32040 гентэй болохыг нарийвчлан тогтоожээ. Түүний 16020-ийг нь ааваасаа, үлдсэн 16020-ийг нь ээжээсээ авдаг. Өөрөөр хэлбэл генийн 50 хувийг ээжээсээ, 50 хувийг ааваасаа авснаар хувь хүний генийн сан бүрддэг байна.

Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс аж. Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хүмүүс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт буюу товчоор цус ойртолт гэдэг. Энэ тохиолдолд эцэг эхийн генүүдийн диффектүүд яг давхацсан тохиолдолд тэр нь жинхэнэ удамшлын өвчин, тахир дутуу эмгэг үүсгэдэг байна.

Тэртээ 1970-аад оны сүүлчээс орон нутгийн хүн амын дунд цус ойртолтын төвшнийг илэрхийлдэг амьгүй төрөлт, үр зулбалт, оюун ухааны хомсдол, удамшлын өвчин, согогийн илрэл харьцангуй ихэсч, ажиглагдах болсон байна. Тиймээс тухайн үеийн засгаас тодорхой анхаарал хандуулан удаа дараагийн арга хэмжээ авсны үр дүнд асуудал намжих тийшээ ханджээ.

Гэвч 1990-ээд он гарснаар энэ байдал хөдөө орон нутаг гэлтгүй төв суурин газарт ч нийгмийн онцлогоо даган ихэссэн байна. Бүх юм чөлөөтэй болсноор хүмүүсийн бэлгийн амьдрал, хүмүүжил замбараагүй хараа хяналтгүй болсон. Удам судар, ураг төрлөө мэддэг хүн ховордсон. Улмаар өвөө эмээ, эцэг эхээ хагас дутуу мэддэг, бүр зарим нь аль аймаг нутгийн хүн болохыг нь ч хэлж чадахгүй байгаа нь эмгэнэл юм.

-АМЬГҮЙ ТӨРӨЛТ, ЗУЛБАЛТ ИХ БАЙГАА НЬ ЦУС ОЙРТОЛТЫН ИЛРЭЛ-

Монголчууд цусан төрлийн холбоотой хүнтэйгээ гэр бүл болж, цус ойртох нь түгээмэл үзэгдэл болсонд эрдэмтэд санаа зовниж байна. Цус ойртолтын уршгаар оюуны хомсдол, оюуны хөгжлийн саатал түгээмэл болжээ. Амьгүй төрөлт, зулбалт байгаа нь бүгд цус ойртолтын илрэл аж. Мөн хүн оюуны хомсдолд орж, бие бялдрын хөгжил нь давжаа болохын зэрэгцээ оюуны хөгжил нь дорой буурайн хэрээр хар амиа боддог болдог. Ямар ч үнэ цэнээр хамаагүй, хар амиа хоохойлохыг хичээдэг болдог аж.

2005-2009 онд Монголын хүн амд бүртгэгдсэн төрөлхийн хөгжлийн гажгийг цус ойртолттой холбоотой байна уу гэдгийг судалж үзсэн байна. Энэ судалгааны явцад хүн амын дотор цус ойртолт гүнзгийрч байгаа нь анхаарал ихэд татжээ. Уруул, тагнай нь сэтэрхий, зүрхний гажиг, нугасны ивэрхий, өтгөний сүв нь битүү гээд 10 төрлийн төрөлхийн хөгжлийн гажгаар судлахад ийм үр дүн гарсан байна.

Анагаах ухааны доктор Э.Энхмаа “Өнөөдөр Монголын хүн ам дахь цус ойртолтын байдал элэнц, хуланцын түвшинд хамаатай үр удмууд доороо очиж гэрлээд байгаа хэмжээнд хүрчихэж. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах, хүн амын удмын сангийн аюулгүй байдлын хувьд заналхийлсэн үзүүлэлт юм. Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дахь цус ойртолтын төвшин аажмаар ихэсдэг зүй тогтол ажиглагддаг. Тодруулбал, урагшаа говь руу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна гэсэн үг. Цус ойртолтын асуудалд манай Төр, засгийн бодлого ч нөлөөлж байгаа. Хүн амын дотор цус ойртолт ихсэх үзэгдэлд нөлөөлөх бас нэг том хүчин зүйл нь засаг захиргааны хэт жижигрүүлсэн бүтэц юм.

Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байхад хангайгаасаа говь, говиосоо хангай уруу отор нүүдэл хийдэг байсан. Энэ хэрээр мал нь тарга тэвээрэг авдаг, залуус нь хоорондоо танилцаж дотносдог сайхан тогтолцоотой байсан. Гэтэл засаг захиргааны хувьд 18, дараа нь 21 аймаг цаашилбал, 370 гаруй сум, 1500-аад баг гээд хэт жижигрүүлсэн бүтцэд хувааснаас хүн амынхаа хөдөлгөөнийг хүлчихсэн.

Засаг захиргааны энэ бүтэц төрийн үйлчилгээг хүн амд хүргэх талаасаа мэдээж зөв. Харин хүн амынхаа хөдөлгөөнийг хорьж, цус холилдох үзэгдлийг зогсонги байдалд оруулж байгаагаараа муу үр дагавартай.

Ингэж хүн амын дотор цус ойртолт чимээгүй тахал маягаар тархсаар өнөөдөр жинхэнэ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хэмжээнд хор уршиг нь илэрч байна” гэж хэлсэн.

-ЦУС ОЙРТОЛТГҮЙ АЙМАГ АЛГА-

1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарч, монгол хүн угийн бичгээ хөтөлж овгоо хэрэглэхийг хаажээ. Уг нь монголчууд өмнө нь ургийн бичиг хөтөлж цус ойртолтоос сэргийлж байж. Малаа дагаж нүүдэллэж, оторлож явдаг ахуй нь ч цус ойртолтын аюулаас холдуулж байжээ. Өнөөдөр монголчуудын 80 гаруй хувь Боржигон овогтон болсон. Төрсөн ах, дүү хоёр өөр овогтой болсон зэргээс овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалах ямар ч аргагүй болжээ. Иймд иргэний үнэмлэх дээр байгаа овог таныг гэрлэх үед цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл болохгүй нь. Гэвч ургийн бичиг хөтлөлтийг орхигдуулалгүй, одооноос эхлээд хүн бүр ах дүү, хамаатан саднаараа хөтөлж эхлэх нь зөв гэж эрдэмтэд хэлж байна.

НЭМХ-ийн судлаачид цус ойртолтыг аймаг бүрээр гаргахад цус ойртолтгүй аймаг олдоогүй байна. Алслагдсан, хүн ам цөөхөн газруудад цус ойртолтын тохиолдол өндөр байгааг тогтоожээ. Монголчууд өнөөдөр өөрсдөөсөө дээш гурав дахь үеэ мэдэхгүй байгаа нь гашуун үнэн гэж судлаачид хэлж байна. Элэнцийн түвшнээс хуланц өвөг эмгийн түвшний хоорондох үр удам өөр зуураа гэрлэх үзэгдэл түгээмэл ажиглагдаж байгаа аж. Тэр дундаа хуланцын түвшний үр удмууд олноороо гэрлэх болжээ. Монголчууд гурав дахь үеэ элэнц, дөрөв дэх үеэ хуланц хэмээн нэрийддэг. Тэгэхээр гурваас дөрөв дэх үеийн ах дүү нар гэрлэхэд илэрдэг түвшний цус ойртолт манайд давамгайлж байгаа гэсэн үг. Залуус “Чи бид хоёр цусан холбоогүй” гэсэн ерөнхий таамгаар гэрлэж байгаа гэж судлаачид сануулж байна.

Нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь мөн өндөр хувьтай. Сумын нийт гэрлэлтийн 73 хувийг нэг сумын гэр бүлүүд эзэлдэг аж. Нэг аймгийнхан ч хоорондоо гэрлэх нь ихэсчээ. Аймгийн хэмжээний гэрлэлтийн хувийг тандахад 86.1 хувь нь нэг аймгийнхан гэр бүл болж байжээ. Энгийнээр хэлбэл өөр баг, өөр сум, өөр аймгаас гэр бүл болох явдал маш цөөхөн хувьтай гарч байгаа аж.

-ЦУС ОЙРТОЛТЫН ҮР ДАГАВАР-

Шүд нь давхарлаж ургасан, хөгшин хүний төрхтэй ураг, хэл нь салаалсан хүүхэд гээд нүд хальтрам зураг олон байна. Цагаан сормуус, үстэй альбиносууд ч цус ойртолтын үр дагавар. Цус ойртолтоос болж хаан угсаа мөхсөн жишээ ч бий ажээ. Испанийн Хабсбургийн хаан угсаа мөхсөн шалтгааныг Сантъяго хотын их сургуулийн эрдэмтэд судалж үр дүнгээ шинжлэх ухааны томоохон сэтгүүлд гаргажээ. Хабсбургийн хаан угсааны нэгэн үеийн түүхийг харуулсан кино ч байдаг. “Хатан хаан Си Си” гэхээр уншигчид андахгүй. Хабсбургийнхан 1500-1700-гаад он хүртэл 200 гаруй жил хаан төр барьсан хүчирхэг угсаа аж. Энэ хаан угсааны мөхөлд цус ойртолт нөлөөлсөн эсэхийг эрдэмтэд судлаад тийм гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хабсбургийн угсааныхны хувьд дандаа ойр төрлийнхөн хоорондоо гэрлэдэг байж. Филипп I хаанаас Хабсбургийн хааны угсаа эхэлжээ. Хамгийн сүүлчийн хаан нь Чарльз II аж. Энэ хооронд 11 цус ойртсон гэрлэлтийг судлаачид илрүүлжээ. Найм нь дан үеэлүүдийн гэрлэлт байсан аж. Чарльз II хүртэл цус ойртолтын коэффициент арав дахин өссөн гэсэн тооцоо гарчээ. Сүүлийн хаан Чарльз II 39 насандаа өөд болсон байна. Үр хүүхэдгүй, удамшлын хоёр төрлийн эмгэгээр тарчилж байсан, данхар толгойт гэсэн хочтой энэ хаан цус ойртолтын жинхэнэ золиос болсон гэж судлаачид дүгнэжээ.

Төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөөгүй аймаг байхгүйг судлаачдын гаргасан тооноос харж болохоор байв. “Хоёр, гурван аймагт л согог гажиг илрээд бусдад нь хоосон бол агаарын бохирдол, химийн бодис, хүнсний аюулгүй байдал гэх мэт тохиолдлын шинж чанартай байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бүх аймагт илэрч байгаа нь нэгийг хэлж байна.

Мөн улаан хоолой, цагаан хоолой хоёр нь нийлсэн гажигтай хүүхэд төржээ. Уруул сэтэрхий, тагнай цоорхойг мэс заслаар аргалж болох ч энэ тохиолдолд яаж ч болохгүй аж. Нүдний төрөл бүрийн хүнд гажигтай хүүхдүүд олноор төрөх болсон байна. Хоёр нүдний алим нь төрөлхийн жижигхэн, нүднийх нь алим дотор хальс бий болсон хүүхдүүд ч олноор төрж байгаа гэнэ. Ямартай ч төрөлхийн согог гажигтай төрж буй хүүхдийн тоо цус ойртолттой шууд шугаман хамааралтай өсч байгааг судлаачид судалгаан явцад тогтоожээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.