Сурагчийн дүрэмт хувцасыг Монгол даавуугаар хийдэггүй гэв үү?

Д.Тулга / Боловсрол

Ирэх даваа гаригт хичээлийн шинэ жил эхэлнэ. Эцэг эхчүүд энэ жил ч сурагчийн дүрэмт хувцасны материалд сэтгэл хангалуун биш байна. Учир нь бөөсөрдөг, тоос, шороо татдаг гэх энэ маргаантай асуудлын мөрөөр бид сурвалжиллаа.

БСШУЯ-наас 2013 онд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төрөөс нэр бүхий долоон үйлдвэрт 23 тэрбум төгрөг өгсөн байдаг. Үүнд, Шилмэл загвар, Өүлэн Мэнч, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компани багтана.

Долоон компаниас гадна чанар муутай хуурамч хувцсаар төрийн бодлогыг алдагдуулж, иргэдээ хууран мэхэлж буй импортлогчдын ажиллагаа үйлдвэрлэгчдийн төдийгүй хүүхэд багачуудын эрх ашгийг ч хөндөж байна.

-Ж.ОЮУНЧИМЭГ: МОНГОЛД ДААВУУ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙВАЛ НЭГ МЕТРИЙГ НЬ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР АВЪЯ-

Харин өнгөрөгч лхагва гаригт "Батзүү" ХХК-ийн захирал Ж.Оюунчимэг “Дээрх нэр бүхий долоон компани Монгол Улсад даавуу үйлдвэрлэж, түүгээрээ сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа гэж ярьж байгаа. Монгол Улсад даавуу үйлдвэрлэдэггүй, ингэж хүмүүсийн тархийг угаахаа болих хэрэгтэй. Хэрвээ үйлдвэрлэсэн даавуу байх юм бол" Батзүү" ХХК нэг метрийг нь нэг сая төгрөгөөр худалдаж авна” гэв.

Тэрээр мөн долоон компанийн дүрэмт хувцас зарагдаж байгаа үнэ шигээ чанартай байж чаддаггүй. Хятадаас оруулж ирж байгаа дүрэмт хувцаснуудаас чанарын хувьд ямар ч ялгаагүй байдаг гэсэн юм.

Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн салбарын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг:

-МОНГОЛД ДААВУУ ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ ГЭЖ БҮХЭЛ БҮТЭН НООСНЫ САЛБАРЫГ ГУТААЖ, ҮГҮЙСГЭЖ БАЙНА -

- Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн зээл олгосон долоон үйлдвэрийг Монголд үйлдвэрлэсэн даавуугаар дүрэмт хувцас хийж байна гэж ард иргэдийн тархийг угааж байна гэсэн мэдээлэл байна. Үнэхээр Монголд үйлдвэрлэсэн даавуу байхгүй юу?

-Долоон оёдлын үйлдвэрийн материал болон загварыг улсаас нарийн тодорхойлж өгдөг. Сайны хажуугаар саар гэгчээр хуурамч дүрэмт хувцасууд манай үйлдвэрлэгчдийн шошготой гаднаас орж ирж байна. Бидний Солонгост үйлдвэрлэсэн ноосон даавууны хувьд олон улсын чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан даавуу байсан. Гэвч даавуу муу гэсэн яриа гарсан нь Хятад улсаас сурагчийн дүрэмт хувцас импортоор оруулж байсан хэсэг хүмүүсийн бизнесийн эрх ашиг хөндөгдсөнд гарсан сөрөг PR юм билээ. Аль нь хуурамч, аль нь манайд үйлдвэрлэсэн гэдгийг ялгадаггүй. Сайн харах юм бол “Өэлүн минж” гээд шар хаягтай байхад хөх хаяг хадсан байх жишээтэй. Гэтэл иргэд дуураймал бүтээгдэхүүнүүдийг нь худалдан авдаг. Дараа нь чанарын хувьд доголдолтой бөөсрөөд байна гэдэг. Яг ижил хоёр хувцасыг хүүхдүүд өмслөө гэхэд хоёр хоноход нэг нь бөөсрөөд эхэлдэг. Гэтэл нөгөө зориулалтын дагуу БНСУ-д даавууг нь үйлдвэрлээд дотооддоо оёсон хувцасыг 2013 оноос эхлээд өнөөг хүртэл өмсч байхад зүгээр л байгаа. Зарим эцэг эхчүүд дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн үнэхээр чанартай байна гэж хэлдэг.

Зураг: Монголд үйлдвэрлэсэн даавуу

Чингис бондоос тодорхой хэмжээний зээл авсан энэ дотоодын үйлдвэрлэгч компаниуд энэ жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулаад эхнийхээ даавууг гаргаж эхэлсэн. Хийж бүтээж байгаа үйлдвэрлэгч компаниудаа дэмжихийн оронд үгүйсгэж байгаад харамсаж байна. Өнөөдөр эдгээр үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө аваад суурилуулаад эхнээсээ давуугаа гаргаад эхэлчихсэн. Гэтэл бүхэл бүтэн ноосны салбарыг ингэж гутааж, үгүйсгэж болохгүй шүү. Үйлдвэрлэгчид энэ асуудалд их эмзэглэж, ирэх долоо хоногт өөрсдийн үйлдвэрлэж гаргасан даавуугаа танилцуулан хэвлэлийн хурал хийхээр болсон.

Зураг: Монгол даавуугаар хийсэн төрийн далбааг гардуулан өгч байгаа нь

-Магадгүй үйлдвэрлэгч компаниуд өөрсдөө ямар нэгэн байдлаар импортоор бараагаа татаж байхыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Бид зээл олгосон үйлдвэрүүдэд гурав, дөрөвдүгээр сард шалгалт хийхэд зориулалтын дагуу хөрөнгөө зарцуулж, тоног төхөөрөмжөө авчраад суурилуулчихсан байна. Даавуу хийх тийм амар ажил биш. Өндөр техник, технологи шаардсан хүнд ажил шүү дээ. БНСУ даавуу үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй орны тоонд ордог. Монгол хонины ноосоор нарийн ээрмэл утас үйлдвэрлэж, улмаар ээрмэл утсаараа даавуу үйлдвэрлэх ажил Монгол Улсад анхных учир техник, технологийг эзэмшиж нутагшуулах амаргүй байгаа. Эхний жил монгол хонины самнасан ноосыг БНСУ-ын нэр бүхий үйлдвэрт гэрээгээр нийлүүлж сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх даавууг үйлдвэрлүүлсэн. Ингээд бид БНСУ-ын туршлагаас судалж, улсдаа тэргүүлэгч үйлдвэртэй гэрээ байгуулан солонгос мэргэжилтний туслалцаатайгаар 32/2-80/2 хүртлэх нарийн ноосон ээрмэл утас үйлдвэрлэх үйлдвэр байгуулж чадсан нь бидний дэвшил болсон. Энэ үйлдвэрийг “Монгол ноос” ХХК Төв аймгийн төвд 2013 оны хоёрдугаар сард ашиглалтанд орууллаа. Энэ ажил цаашид Монгол Улс монгол хонины ноосоороо даавуу үйлдвэрлэх боломжтой гэдгийг нээсэн техник, технологийн дэвшил байлаа. Үүний үр дүнд бид 2014 онд 40 хувийн монгол хонины ноостой 60 хувийн полисторын орцтой сурагчийн дүрэмт хувцасны даавууны туршилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, үйлдвэрлэсэн даавууг шинжлүүлэхэд олон улсын чанарын стандартыг бүрэн хангасан. Энэ нь цаашид монголдоо даавуу үйлдвэрлэх боломжтойг харуулсан том нээлт юм. Үндэсний үйлдвэрлэгч компаниуд ингэж л хичээж, зүтгэж байхад очиж танилцаагүй, асууж сураглаагүй байж амандаа орсноо ярьж байгаа нь харамсалтай. Ямар нарийн технологиор бид даавууг Монголдоо үйлдвэрлэж эхлэж байгааг ойлгоосой. Эцэг эхчүүд л өөрсдөө маш сайн хянуур байж энэ дүрэмт хувцасыг худалдаж авах хэрэгтэй. Яг тухайн үйлдвэрийн нэр шошго тэмдгийг хараарай. Магадгүй дүрэм, чанар стандартад нийцэхгүй зөрчил илэрвэл тухайн үйлдвэртэйгээ харилцах хэрэгтэй.

-Нээгдэж байгаа даавууны үйлдвэрүүд Монголынхоо дотоодын хэрэгцээг хангах боломжтой юу?

-Одоо бид жилд Монголын хэрэгцээг хангахуйц 2.5 сая тууш метр даавуу үйлдвэрлэх боломжтой болж байна. Харин нэг хичээлийн жилд ойролцоогоор 1.3 сая тууш метр даавуугаар 520 мянган хүүхдийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэх шаардлага гардаг. Мэдээж өнгөрсөн жил өмссөн хувцасаа дахин өмсөх гэж байгаа хүүхдүүдийг тооцож үзвэл үүнээс бага тоо гарна. Ингэхээр бид сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэх материалыг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломжтой боллоо гэсэн үг юм.

Зураг: Хятад улсад үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцас

-БНХАУ-ААС ОРЖ ИРЖ БАЙГАА ХУУРАМЧ ДҮРЭМТ ХУВЦАСАНД ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖГҮЙ-

Өнөөдрийн байдлаар Нарантуул зах дээр сурагчийн дүрэмт хувцас 35.000-55.000 төгрөгөөр, зангиа бусад дагалдах эд зүйлс орсон бол 50.000-70.000 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Харин эдгээр долоон компани 78-145 төгрөгөөр, Батзүү ХХК 35- 55 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Нарантуул зах дээр зарагдаж байгаа дүрэмт хувцаснууд дээрх долоон үйлдвэрийн шошго, нэр тэмдэг бүхий боловч материалын хувьд харахад ижил боловч барьж үзэхэд ялгаатай байгааг та бүхэн харж болно. Тухайлбал, Замын-Үүдийн хилийн боомтоор 300 хайрцаг бүхий 17500 ширхэг сурагчийн дүрэмт хувцас оруулахыг завдсан хэрэг гарч байсан. Эдгээр сурагчийн дүрэмт хувцасууд бүгд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой байсан бөгөөд хураагдсан дүрэмт хувцасуудыг гаалийн байгууллагад хүлээлгэн өгч байсан. Өмнө нь ч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой зангианууд ихээр орж ирж байсныг илрүүлж байсан удаатай.

Манай улсад дотоодын үйлдвэрлэгч компаниудтай ижил төстэй бараа оруулж ирэхийг шууд хориглосон хууль байхгүй. Аж үйлдвэрийн яамнаас энэ талаар Гаалийн ерөнхий газарт хандсан боловч дүрэмт хувцас ихэнхдээ хяналтаас гадуур бага хэмжээгээр зөөгдөн орж ирдэг. Өөрөөр хэлбэл, их хэмжээгээр контейнерээр орж ирэхгүй байгаа тул хяналтад орохгүй шууд орж ирж байна гэсэн үг. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо Улаанбаатар хотын гаальтай хамтран Эрээнд очиж ажиллахад Эрээний зах дээр дуураймал сурагчийн дүрэмт хувцасууд маш их хэмжээгээр худалдаалагдаж байсан бөгөөд захиалсан тооны дагуу нэг шөнийн дотор оёж өгдөг болохыг тогтоож байлаа.

Энэ мэтээр төрийн бодлогоор сонгогдсон долоон компанийн эрх ашигт халдсан төдийгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, иргэдийн итгэлээр тоглосон бизнес өргөжсөөр байгаа юм.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.