Н.Батаа: Гадаадад амьдарч буй иргэд өөрсдийн буруугаас гэмт хэрэгт ихээр холбогдож байна

Д.Тулга / Хууль

Он гарснаар манай улсын хэд хэдэн иргэн гэмт хэрэгт холбогдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Гадаад хэргийн яамны Консулын газраас 2014 онд хилийн чанадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн болон он гарснаар хийгээд буй ажлын хүрээнд мэдээлэл өгч, консулын газрын үйл ажиллагаатай холбоотойгоор сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-МОНГОЛ ИРГЭД ХУЛГАЙН ХЭРЭГТ ИХЭЭР ХОЛБОГДОЖ БАЙНА-

2014 онд Чех улсад ял эдэлж байсан 1, Өмнөд Солонгос улсад ял эдэлж байсан 2, Казахстан улсад ял эдэлж байсан 2 иргэнийг шилжүүлэн авах ажлыг Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөний газар, Тахарын ерөнхий газар болон холбогдох Дипломат төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлжээ. Өнгөрөгч онд хилийн чанадад манай улсын 297 иргэн гэмт хэрэгт холбогдож, 19 оронд 165 иргэн ял эдэлж байснаас 122 иргэн суллагдсан буюу албадан буцаагдсан байна. Мөн 86 иргэн нас баржээ. Он гарснаар 4 дүгээр сарын байдлаар гадаадын 13 оронд манай улсын 103 иргэн ял эдэлж байна. Энэ онд багтан БНХАУ-д ял эдэлж буй 3, Өмнөд Солонгос улсад ял эдэлж буй 2 иргэнийг ялтан шилжүүлэх хэлэлцээрийн дагуу эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа аж. Он гарснаар 33 иргэн нас барсан байна. Үүнд 16 иргэн өвчнөөр, ослоор, золгүй байдлаар 6, бусдын гарт 3 иргэн амиа алдсан харамсалтай явдал болжээ. Гадны улс орон амьдарч буй 297 иргэн гэмт хэрэгт холбогдсоны ихэнхи нь хулгайн хэрэгт холбогдсон байна. Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг өөрсдийн буруугаас болж гэмт хэрэгт холбогдох нь их байгааг албаны хүн онцолж байлаа. Мөн цаг үеийн асуудлаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Н.Батаа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-ТАЛИЙГААЧ П.СҮХБАТ ГАДНЫ НӨЛӨӨГӨӨР АМИА АЛДААГҮЙ-

-Хятадад хар тамхины хэргээр хичнээн хүн хоригдож байна вэ? Манай улс хар тамхины асуудалд хатуу хандана гэж яриад байгаа шүү дээ. Яагаад хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байгаа иргэдийг хамгаалаад байна вэ?

Манай улсын 25 иргэн хар тамхины хэргээр хоригдож байна. Хамгийн анх манай улсын иргэн н.Дамдин 2.7 кг хар тамхи тээвэрлэж байгаад баригдсан. Энэ бол Хятадын хуулиар цаазаар авах ял төлөвлөдөг. Гэсэн ч анх удаа ийм хэрэг болж байгааг нь үндэслэн Хятадын талаас цаазаар авах ялыг бүх насаар нь хорих болгож өөрчилсөн юм. Бид хамгаалсан зүйл үгүй. Хятадад хоригдож байгаа н.Эрдэнэчимэгийн хувьд биеийн байдал нь тун муу байгаа. Цаашид ялаа үргэлжлүүлэн эдэлнэ гэхэд хэцүүхэн болсон учраас Хятадын талаас эх оронд нь авчрахыг зөвшөөрсөн. Гэхдээ энд ирээд үргэлжлүүлэн ялаа эдэлнэ. Мэдээж эх орондоо байна гэдэг тэнгэр газар шиг ялгаатай. Ядах нь ар гэрийнхэнтэйгээ уулзах боломжтой болно гэж үзэж хүмүүнлэг хандаж байгаа явдал шүү дээ. Түүнээс ялаас нь хэлтрүүлэх гэсэн явдал байхгүй.

-Хятад улсад эцэг эхдээ хаягдсан 16 хүүхэд бий гэж байсан. Хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг хилээр гаргасан тохиолдол бий юу?

Эцэг эхчүүдийн өөрсдийнх нь буруутай үйлдлээс болсон хэд хэдэн ийм явдал болсон. Ээж нь архи уугаад нас барсны дараа хүүг нь Хятад иргэн авч 2 жил өсгөсөн байгаа юм.Хүү сургуульд орох насандаа хүрэхэд манай улсын иргэн учраас сургуульд сургах боломжгүй байсан тул өсгөж байсан хүн нь холбогдох газар мэдэгдсэнээр манай талаас хүүг авч монголд эмээг нь олж өгсөн. Иймэрхүү тохиолдол гарах нь бий. Аав, ээж нь архи уугаад хүүхдээ хаячихсан, төөрсөн гэх мэт асуудлууд гардаг. Одоогоор хараа хяналтгүй хүүхэд хил давж гарсан тохиолдол алга.

-Хятадад манай улсын иргэн амиа алдсан харамсалтай явдал болсон. Мөн Малайзад манай улсын иргэн амиа алдсан явдал боллоо. Энэ асуудал юу болж байна вэ?

Манай улсын иргэн П.Сүхбатын хувьд гадны нөлөө байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Гэр бүл нь камерын бичлэг зэргийг нь үзсэн байсан. Малайзад болсон хэргийн тухайд амиа алдсан бүсгүй 4 монгол бүсгүйтэй согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байгаа юм. Үүнээс болж амиа алдсан харамсалтай явдал болсон. Манай улсын иргэд өөрсдөө болчимгүй, болгоомжгүй байдлаасаа болж амиа алдах, хэрэгт холбогдох асуудал их байгааг энд сануулмаар байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага нь шалгаж байгаа.

-Тувад монгол иргэнийг машинтай нь шатаасан явдал болсон. Гэтэл үүнийг холбогдох газрууд нь авч хэлэлцэхгүй байна хэмээн талийгаачийн ар гэрийнхэн Өдрийн сонинд хоёр ч удаа ярилцлага өгсөн байсан? Гадаад хэргийн яамны зүгээс ямар арга хэмжээ авсан бэ?

Манай зүгээс хэрэгтнийг олох үйл ажиллагааг үргэлжлүүлж өгөөч гэдэг хүсэлтээ тавиад байгаа.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.