Долдугаар төвийн байрыг шинэчлэн засч 100 ортой хүүхдийн эмнэлэг болгоно

Д.Тулга / Эрүүл мэнд

Нийслэлийн Баянгол дүүргийн удирдлагууд, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон БГД-ийн ЭМН-ийн дарга Ө.Батжаргал, албаны бусад хүмүүс өнгөрсөн баасан гарагт иргэдийн нэрлэж заншсанаар Эрүүл мэндийн VII төвд ажилласан байна. Тус Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн засварлаж, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгон, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Тус дүүрэг 23 хороотой, 200 гаруй мянган оршин суугчтай бөгөөд үүний 50 орчим мянга нь хүүхэд байдаг аж. Тиймээс тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг хомс байдаг юм байна. Тус дүүргийн хүүхдүүдийг "Эмүжин" эмнэлэг хүлээн авч, хэвтүүлэн эмчлэхээс гадна Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт мөн хэвтүүлдэг байсан аж. Харин тун удахгүй эмнэлгийн байрны засвар дуусч, хүүхдүүддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм байна. Ерөнхийдөө Эрүүл мэндийн VII төвийн байрыг шинэчлэн засч, нэгдүгээр давхарт хүлээн авах, сэхээн амьдруулах тасгийг байгуулах бол дөрөвдүгээр давхарт 100 ортой, хэвтүүлэн эмчлэх шинэ тасгийг нээн ажиллуулах юм байна. Харин хоёр, гуравдугаар давхартаа амбулаторийн үйлчилгээ үзүүлэх аж. Дашрамд дурьдахад, 1983 онд анх ашиглалтад орсон тус барилгын цэвэр усны шугам, бохирын хоолойг анх удаа засварлаж байгаа бөгөөд энэ удаа дүүргийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж байгаад эмнэлгийн ажилтнууд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.

С.ОДОНТУЯА: ТУН УДАХГҮЙ 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн С.ОдонтуяаМанай Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулах хүүхдийн эмнэлгийн засвар шинэчлэлийн ажил амжилттай явагдаж байна. Ирэх есдүгээр сард эмнэлгээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр графикийн дагуу манай барилгын ажил гүйцэтгэж буй компаниуд шахуу хуваарьтайгаар ажиллаж байна. Үнэндээ манай дүүрэг хүн ам ихтэй, хүүхдийн эмнэлэг байхгүй учраас хүндрэлтэй байсан. Тиймээс эхний ээлжинд асуудлаа шийдэж, "Эмүжин" эмнэлэгт 60 ортой хүүхдийн тасаг байгуулсан. Харин тун удахгүй 100 ортой хүүхдийн эмнэлэг маань нээгдэж, дүүргийн ард иргэдэд тулгамдаад байсан нэг асуудал шийдэгдэнэ. Бид бас Ахмадын сэргээн засах төвтэй хамтран хүүхдийн эмнэлэг барихаар ажлаа эхэлчихсэн явж байна. Ялангуяа өвөл, ханиад томууны улиралд ачаалал ихэсдэг. Тиймээс бид өнгөрсөн жилүүдэд дотоод нөөц бололцооогоо ашиглаад эмнэлгүүд дээрээ түр хэвтүүлэн, эмчлэх маягаар давж байсан бол энэ жилийн хувьд эдгээр асуудлыг тодохой хэмжээгээр шийдэж чадна гэж үзэж байна. Эмнэлгийн засвар шинэчлэлийн ажилд олон талын хөрөнгө оруулалт хийгдэж байна. Улс, нийслэл, дүүргийн төсвөөс гадна хувийн команиуд ч мөн бидний ажилд тусалж байгаа” гэлээ.

Ж.МАРАЛ




Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.