Дугаартайгаа шилжих үйлчилгээг эрчимжүүлэхээр болов

Д.Тулга / Орон нутаг

dugaarМонгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 6 дугаар хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Энэхүү хуралдаанаар нийт 8 асуудлыг хэлэлцэн 7 тогтоолыг баталж шийдвэрлэсэн. Түүнчлэн хэлэлцсэн асуудлаар холбогдох хуралдааны тэмдэглэл гаргалаа.

-ДУГААР ШИЛЖИХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ-

Монгол улсын их хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Харилцаа холбооны зохицуулах газар “Дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам”-ыг баталсан байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч нэг оператор компанид бүртгүүлэн шинээр хэрэглэгч болох үедээ хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжийг олгодог үйлчилгээ юм. Харин хэрэглэгч дугаартайгаа шилжих үед шилжүүлэн өгч буй операторыг “Донор оператор” , шилжүүлэн авч байгааг нь “Хүлээн авагч оператор” гэж нэрлэнэ. “Анхны оператор” гэдэг нь тухайн дугаарыг анх олгосон операторыг хэлэх юм байна. Ажлын хүрээнд “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төв” Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулан ажиллана. Дугаартайгаа шилжих арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх талаар авах арга хэмжээний тухай” хуралдааны тэмдэглэл гаргажээ.

-РАДИО ДАВТАМЖ АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ 200.000 БОЛЛОО-

Олон улсын цахилгааны холбооны байгууллагын ITU-R SM.2012-3 (09/2010) тоот зөвлөмжийн дагуу Радио давтамжийн 1 дүгээр бүсийн орнуудад радио давтамжийн хураамж, төлбөрийг тооцоолоход шинэ техник, технологийн үйлчилгээ, хэрэглээг өргөнөөр нэвтрүүлэх болон радио давтамжийн үр ашигтай хэрэглээг дэмжих, радио давтамжийн хяналт, мониторинг тогтолцоог бүрдүүлэх, радио давтамжийн зах зээлийн үнэлгээ, шударга өрсөлдөөний дэмжих, хамрах хүрээг тодорхойлох, үйлчилгээний зардал тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах зэрэг хүчин зүйлсийг хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байдаг. Монгол Улсын хувьд радио давтамжийн төлбөрийг тогтооход дээрх гадаад хүчин зүйлс болон өөрийн орны салбарын онцлогыг тусгаж, төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар саналыг боловсруулан тус хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хуралдааны 2015 оны 28 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын “Радио долгионы тухай хууль”-ийн 5.2.3 дахь хэсэг, тус хорооны Дүрмийн 3.2.4 заалт, Дэд бүтцийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан “Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”-ын 7.2 дахь заалтыг тус тус үндэслэж хорооны 2003 оны 36 тоот тогтоолоор батлагдсан “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд хавсралтаар нэмэлт, өөрчлөлтийг оруулан баталсан болно. Хорооны хуралдааны 2015 оны 29 тоот “Радио давтамжийн ашиглалтын нэхэмжилсэн авлагын дүнд залруулга хийх тухай” тогтоолыг Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 8.4 заалт, “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1 дэх заалт, Хорооны дүрмийн 3 дугаар зүйлийн 12 заалт, тус хорооны 2014 оны 24 дүгээр тогтоол, 2015 оны 28 дугаар тогтоол, үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг судалж, шийдвэрлэх талаар ажлын албадын дүгнэлтийг үндэслэн гаргалаа. Залруулгын хүрээнд сансрын хиймэл дагуулын холбоо болон нисэх онгоцны навигацийн үйлчилгээний давтамж ашиглалтын төлбөр тус тус хамаарч байна.

Энэ хүрээнд төлбөрийн хэмжээг тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн олон сувгийг дамжуулах үйлчилгээнд ашиглагдах 1МГц-ийн радио давтамжийн төлбөрийг 200.000 төгрөгөөр, Монгол улсад 3.000.000 төгрөгөөр гэж тус тус шинээр тогтоожээ.

-ТЕЛЕВИЗ РАДИОГИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН 35% НЬ ӨӨРИЙН БҮТЭЭЛ БАЙХ ЁСТОЙ-

Монгол улсын нутаг дэвсгэрт телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхээр хамрах хүрээгээ өргөжүүлсэн телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 5%-аас доошгүй нь бусад орон нутгийн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг байна. Мөн телевиз радиогийн үйлчилгээ эрхлэгчийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 35%-аас доошгүй нь өөрийн бүтээл байна. Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн бэлтгэн дамжуулж байгаа соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хүүхэд боловсролын нэвтрүүлэг нь нэг сарын хөтөлбөрийн нийт цагийн 20%-аас багагүй байна. Мэдээ мэдээллийн төрөлжсөн өргөн нэвтрүүлгийн телевиз, суваг нь явуулын станцтай байна зэрэг тогтоолууд батлагдсан байна.

Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.3. “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 9.1.6, тус хорооны дүрмийн 3.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн холбогдох албадаас боловсруулсан телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн нөхцөл, шаардлагын төслүүдийг хуралдаанаар авч хэлэлцлээ. Хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 30 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэхэд тавигдах нөхцөл, шаардлага”, тогтоолын 2 дугаар хавсралтаар “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ыг тус тус батлаж шийдвэрлэсэн болно. Батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-д Монгол улсын нутаг дэвсгэрт олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай телевиз, радиогийн бүх төрлийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэж хамрах хүрээгээ өргөжүүлэхэд баримтлах зарчмууд, тавигдах нөхцөл, шаардлагыг баталсан. “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага” баримт бичигт олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчийг сонгон шалгаруулах зарчим, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл, шаардлагын зохицуулалтыг багтаажээ. Уг тогтоолоор дээрх 2 нөхцөл, шаардлагыг баталснаар телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл эзэмшигч нь хамрах хүрээгээ Монгол Улсын нутаг дэвсгэрт болгон өргөжүүлэх, тоон сүлжээний үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудыг сонгоход баримтлах үндсэн зарчим, тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхой болгосон бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэв.

-75 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ-

Тус хорооны хуралдаанаар “Улаанбаатар хотод тоон радиогийн өргөн нэвтрүүлгийн (DAB+) үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн эрхийн төлбөр, сонгон шалгаруулалтын төслийн урдчилгаа дэнчин” болон “Улаанбаатар хотод харилцааны тоон транкид радио системийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах эрхийн төлбөр, сонгон шалгаруулалтын төслийн урдчилгаа дэнчин”-ийн төлбөрийн хэмжээг тогтоох тухай санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 9.1.10, 12.1.12, “Радио долгионы тухай хууль”-ийн 7.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасны дагуу “Төлбөрийн хэмжээг батлах тухай” 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 31 тоот тогтоолыг гаргалаа. Ингэснээр DAB+ үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, харилцааны тоон радио станцын транкинг үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлэх сонгон шалгаруулалтыг тус тус зохион байгуулна.

Хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх тухай” 32 дугаар тогтоолын хавсралтаар:

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 12 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн 7 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.13 дэх үндэслэн 75 иргэн, ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

ТОГТООЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗНЭ ҮҮ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:36


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.