ФОТО: Монголчуудын зохион бүтээсэн шинэ технологийг танилцуулав

Д.Тулга / Орон нутаг

Нийгэм эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг энэ сарын 11-17-ны хооронд зохион байгуулж байгаа. Тус арга хэмжээг БСШУЯ, ШУТИС, НЗДТГ, Аж үйлдвэрийн яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Монголын инновацийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Инновацийн үзэсгэлэнг ШУТИС-ийн гаднах задгай талбайд дэлгэж олон нийтэд сонирхууллаа. Тус үзэсгэлэнд оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж буй оролцогчдын санал, сэтгэгдлийг хуваалцлаа.

А.Золбоо: Бид НАНО нимгэн үеийн технологийг ашиглаад хоёр бүтээгдэхүүн гаргасан. Нэг нь бүх төрлийн бөс даавуу, торгон эдлэлийг, нөгөөх нь элэг арьс нэхий, ноос ноолууран эдлэлийг шингэн бохирдлоос хамгаалдаг. Ямар ч хортой зүйл байхгүй, эко гэрчилгээтэй. Маш энгийнээр тайлбарлавал та өөрийн хувцас руу шүршихэд нимгэн давхарга үүсч 13 угаалт хүртэл ямар нэгэн шингэн таны хувцсанд нэвчихгүй гэж ойлгож болно. Харин барилгын материал дээр хэрэглэснээр жишээлбэл, модонд ялзралт үүсэхгүй, бактерын эсрэг үйлчилгээтэй, агаар цэвэршүүлнэ. Монголдоо үйлдвэрлэж байгаа учраас нэгдүгээрт хямдхан, хоёрдугаарт монголын нөхцөлд тохируулан боловсруулалт хийгдсэн.

Э.Зориг: Зэсийн байван гэх энэ бүтээгдэхүүнийг гаднаас импортоор худалдаж авч оруулж ирдэгээ. Энэ нь ХАА, уул уурхай, мал эмнэлэгийн салбаруудад илүүтэй ашиглагддаг. Бид нар энэ бүтээгдэхүүнийг хаягдал зэсээс шууд үйлдвэрлэх технологи боловсруулаад, лабараторийн хагас үйлдвэрлэлийн туршилтууд явчихсан. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. Жилд 1,3 тэр бум төгрөгөөр гадаадаас энэ бүтээгдэхүүнийг худалдаж авахаа болиод дотооддоо арай хямд үйлдвэрлэх боломж байна гэдгийг бид харуулахыг хүссэн. Яам тамгын газрууд энэ бүтээгдэхүүнийг худалдаж авахын тулд тендер зарлаад, жилд 200-300 тонныг гадны зах зээлээс худалдаж авдаг. Монголчууд хаягдалаа гадагшаа гаргахгүй гэсэн мөртлөө, хулгайгаар гаргасаар л байна. Бид энийг дотооддоо бүтээгдэхүүн болгож боловсруулж байна.

Б.Дондогжамц: Үйлдвэрлэлийн зориулалттай робот. Энэ бол Монголд анхдагч, гэхдээ гадаадад бүх үйлдвэрлэлийнх нь 80 гаруй хувь ийм төрлийн роботуудаар хийгддэг. Бидний хувьд кинематик, денамик тооцоог нь хийгээд анхны роботын хувилбарыг зохион бүтээсэн. Манайд жишээ нь нэг тараг үйлдвэрлэх гэж савных нь таглааг таглахын тулд гаднаас 20 гаруй хүн авч ажиллуулах шаардлагатай болдог. Тэгвэл энэ роботыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр бүтээмж нэмэгдэх, зардал буурах гэх мэт өндөр ач холбогдолтой. Гэвч Монголд үйлдвэрлэл сайн хөгжөөгүй байгаа учир хөдлөгч, мөч ангиудыг гаднаас авч, программ хангамж, хөдөлгөөний загварчлал зэргийг өөрсдөө хийх бүрэн боломжтой. Мехатроник системээр хийгдэж байгаа робот гэж ойлгож болно.

Б.Манас: Нэгдүгээр бүтээгдэхүүн. Энэ бол Америкт хийсэн дрон. Үүнийг бид дуурайж илүү хямд өртөгөөр хийхээр төлөвлөж байна. Бидний эхний шатны судалгаанууд амжилттай болж бид дараа дараагийнхаа судалгаанд орсон явж байна. Хоёрдугаар бүтээгдэхүүн. Энэ бол газрын зураг авах зориулалттай нисэх аппарат. Газрын шатсан голомт, шатсан талбай тооцох, мод тоолох, амьтан тоолох, хяналт хийх, газрын зайг судлах, тандалт хийх зориулалттай онгоц. Тухайлбал, галын шатсан талбайг манайх хиймэл дагуулаар хэмжиж авдаг. Энэ нь дээрээс нь авч байгаа учраас газрыг хавтгай болгож тооцоолж байгаа юм, харин тус онгоцыг ашиглавал зарим хонхорхой болоод овойсон газруудын талбайг гурван хэмжээстээр, маш нарийвчлалтай тооцно чадна. 8м/сек салхитай байхад нисэж болно. Гуравдугаар бүтээгдэхүүн. Ачаа зөөх зориулалттай онгоц. Дотроо хүнгүй, өөрөө удирдлагатай. Энэ нь 70 кг ачааг 100 км-т 30-40 минутын дотор зөөх чадвартай. Туршилтын загварыг бид гаргасан. Том биетэй учраас хугацаа их шаардаж байна. Бид энэ онгоцныхоо жижиг загварыг гаргаж хотын дотор пизза хүргэх үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ачаагаа онгоцондоо хийгээд очих газрыг нь удирдлагаас тохируулна. Яаралтай тусламж хэрэгтэй болсон хөдөө орон нутгуудад GPS цэгийг нь мэдэж л байвал хүргэлт байдлаар ашиглах ч боломжтой. Цаашилбал 500 орчим метрээс видео хийх зориулалттай.

Ц.Оросоо: Энэхүү дөрвөн замын уулварыг би өөрийн Механик тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбартайгаа холбож нарийн тооцоолол хийж байж гаргасан. Хотын архитехтор энэ санааг дэмжиж, анхааралдаа аваасай гэж хүссэн.

Д.Одончимэд: Энэ төхөөрөмжөөр гарч байгаа ионжуулсан электролиз усыг хэрэглээний салбарт ашиглана. Байгаль орчинд ямар нэгэн бохирдол үүсгэдэггүй, ямар нэгэн химийн бодис өөртөө агуулаагүй. Гэхдээ химийн бодисыг орлох чадвартай, металыг зайлуулж, хүчил, шүлтүүдийг саармагжуулж, далайн усыг цэнгэгшүүлэх бүрэн боломжтой. Ахуйн хэрэглээнд хүнсний бүтээгдэхүүний угаалга цэвэрлэгээ, гэр ахуйн угаалга цэвэрлэгээ хийнэ. Мал аж ахуйд антибиотик хэрэглэхгүй болно, малыг хорогдлыг бууруулна, малын жинг 10% нэмэгдүүлнэ. Аж үйлдвэрийн салбарт байгальд хоргүй байдлаар тосыг уснаас салгаж, үйлдвэрлийн зардлыг эрс багасгана.

Б.ГЭРЭЛМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:07


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.