Ц.Нямдорж: Монголын төрөөр хэдэн үе дамжуулаад тоглох юм уу

Д.Тулга / Улстөр

nyamdorj

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаан завсарлахын өмнө УИх-ын гишүүд 016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг шатанд асуулт асууж, санал солилцлоо.

Л.Энх-Амгалан: -2017, 2018 оноос эхэлж Монгол Улс бондын эргэн төлөлтөөр дамжуулан их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийнэ. Чингис бондын 500 сая ам.долларын төлбөр, мөн 580 сая ам.долларын эргэн төлөлт хийх ёстой. Тэгэхээр 2017-2018 оны төсвийн төсөөлөлд зээлийн эргэн төлөлтийг хэрхэн тусгав. Мөн Концессоор ажил хийлгэхээр 2018 оноос эргэн төлөлт хийх болно. Эдгээрийг яаж зохицуулахаар тусгав?

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: -Төсөв хүнд байна, дээр нь маш их хэмжээний дотоод бондын өр үүссэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл цалин, тэтгэврийг цаг хугацаанд нь тавьж, урсгал зардлыг гаргаад явж байна. Ирэх онд төсвийг өмнөх оных шигээ батлах юм бол хямралын байдалд шилжинэ. Ирэх оны төсвийг огт алдагдалгүйгээр батлах шаардлагатай. Алдагдалтай батлахаар дотоод бондын өр нэмэгдэж байна.

Я.Содбаатар: -Энэ тэлсэн төсвөө яаж хумих вэ. Эдийн засгийг 2012 оныхтой харьцуулахад 3-4 тэрбум ам.доллараар агшсан байна. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлт 4.4 хувь байх нь ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлт бодитой юу. Төгрөгийн валюттай харилцах ханш хэд вэ, хэрхэн тооцсон бэ. Ирэх жилд ямар томоохон хөрөнгө оруулалт орж ирнэ гэж тооцож байна. Гуравт санаа зовоож байгаа зүйл нь 16 хувийн хүүтэй бонд. Арилжааны банкууд дээрх мөнгийг дотоодын бонд гээд гаргачихсан, эргээд зээл гарахгүй үхлийн тойрог болчихоод байна. Банкууд бизнес үйл ажиллагаагаа явуулах гэхээр хөрөнгөгүй, үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Тухайн үеийн эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор төсвийг тэлсэн. Нэг жилийн дотор хумьчихна гэхэд хэцүү. 2015 онд зардлаа танахаар оруулсан ч 500 гаруй тэрбумаар л танагдсан. Тэгэхээр ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах ёстой, төсвийн төсөөллийг ингэж төсөөлсөн. Тэлсэн төсвийг аваад сурчихсан хүмүүсийн хувьд олгогддог мөнгийг хасна гэхэд хэцүү, эдийн засгаас орох өгөөж нь нэмэгдэхгүй байгаа нөхцөлд зардлыг бууруулахаас аргагүй. Засгийн газрын дотоод бондын хувьд 3.1 их наяд төгрөгөөр яригдана. Үүнээс 1.4 их наяд төгрөгийн дотоод бондын өрийн үлдэгдэлтэйгээр он дамжихаар байна. Цаашдаа гадаад зах зээлээс хямд эх үүсвэр татаж, дотоод зах зээлээ дэмжихээс аргагүй нөхцөл үүсээд байна. Ингэхгүй бол экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 2016-2018 он хүртэл өсөхгүй, бууралт ажиглагдаж байгаа. Тэгэхээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийхээ биет хэмжээг нэмэгдүүлэхээс аргагүй байна.

Ц.Нямдорж: -Төмөр зам бүр явахаа байлаа. Яах вэ? Засгийн газар төмөр замтай холбоотой асуудлаа жич авч үзэх ёстой. Төмөр замын асуудал маш тодорхойгүй боллоо. Улсын эдийн засгийн гол хөдөлгөөн Гашуун сухайтаар дамжина, үүнийг харсаар байж экспортын төмөр замын асуудлыг шийдэхгүй байгаа чинь ямар учиртай юм. Нэг этгээд өмнө нь цагаан тугаа барьчихаад, Монголын төрөөр хэдэн үе дамжуулаад тоглох юм уу. Үүнийг УИХ-ын гишүүд нь чимээгүйхэн ширээний доогуур харцаа шидчихээд суугаад байх юм уу. Нэг этгээд хоёр Их хурал, гурван Засгийн газар дамнуулан хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна. Яагаад ийм юман дээр монголын төр анхаарал хандуулдаггүй юм. Энэ цаашдаа юунд хүргэх юм. Ирээдүйн монголын төлөө санаа тавьж, зориг зүрх гаргаж чадахгүй юм бол УИХ тарах хэрэгтэй, үхсэнээ хийж энд сууж байдаг юм. Төмөр замын асуудлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ ярь. Ингэхгүй бол төмөр замын далан барихад өнгөрсөн хугацаанд хийсэн зарцуулсан хөрөнгө оруулалт усанд идэгдээд дуусна. Дөрөв, таван жилийн өмнө төмөр замыг хувийн хөрөнгөөр барихаар болж, хөрөнгөө оруулсан хүмүүст төр нь мөнгийг нь өгөхгүй амиа егүүтгэх үйлдэл хийгээд байж байна. Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх асуудал байхгүй гээд хуралдаагүй. УИХ-аар Тавантолгойн асуудал явахгүй бол төмөр замаа яах юм. Хоёр дахь хувилбар гэж юм байна уу, Засгийн газар дээр энэ асуудлыг ярьсан уу?

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:-Нэг бол төр хувийн хэвшлийн түншлэлийг сонгох байх, эсвэл зээлийн эх үүсвэр сонгож, хөнгөлөлттэй зээлээр шийдэх. Нэмэлт санхүүжилт гарах бололцоо байхгүй” гэв.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.